СЗХ: ББСБ-аас олгох зээлд тооцох өр, орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байна

Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэв
Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олголтыг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байхаар өөрчилж, мөн итгэлцлийн үйлчилгээ болон өрийн бичгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн харьцаа үзүүлэлтүүдийг чангаллаа.
Банк бус санхүүгийн салбарын эх үүсвэрийн 1/3-ийг бүрдүүлдэг итгэлцлийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд эрс өсөөд байгаа юм. Харин Санхүүгийн зохицуулах хорооны шинэ журмаар итгэлцлийн үйлчилгээ болон өөрийн хөрөнгийн харьцааг 80 хувиас 60 хувь болгон бууруулжээ.
Түүнчлэн 2019 оноос хойш 13 дахин өссөн Банк бус санхүүгийн байгууллагын бонд гаргалтыг журамлаж, бонд ба өөрийн хөрөнгийн харьцааг 50 хувиас 30 хувь болгож бууруулж байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийн хүртээмжтэй байдлыг ийнхүү хумьсан нь зээл олголтыг багасгаж, инфляцыг бууруулах зорилготой хэдий ч нөгөө талдаа хөрөнгийн зах зээлд хамгийн идэвхтэй үнэт цаас гарагчдад сөргөөр нөлөөлөх юм.
Шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой аж.