“Прокурорын дэргэдэх мөрдөн”-г устгасны горыг хууль хүчнийхэн өөрсдөө амсаж сууна

2014 оны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж Улсын ерөнхий прокурорын мөрдөнг татан буулгасан. Мөрдөн байцаах албыг татан буулгаад, шалгагдаж байсан авлига албан тушаалын хэргүүдийг АТГ болон ЦЕГ-руу шилжүүлж байв. Тагнуул, цагдаа, шүүх, прокурорын хууль бус үйлдлийг шалгах чиг үүрэгтэй уг алба нь 10 жил үүргээ гүйцэтгээд ийн татан буугдсан юм.
Уг алба нь эрүүгийн 40 гаруй төрлийн хэргийг шалгадаг байсан бөгөөд хуульд өөрчлөлт оруулснаар Улсын ерөнхий прокуророос салгаж, дөрвөн төрлийн гэмт хэрэг шалгах асуудал нь АТГ дээр ирсэн. Харин үлдсэнийг нь цагдаагийн байгууллага өөрөө шалгадаг болж өөрчлөгдсөн юм. Өөрөөр хэлбэл цагдаа цагдаагаа шалгадаг болох эрх зүйн орчин бүрдүүлчихсэн.
Гэтэл манайд цагдаа цагдаагаа шалгадаг ийм жишээ бий юу, бий. 2000-аад онд мөрдөн байцаах алба цагдаагийн байгууллагын мэдэлд байх үед цагдаатай холбоотой гомдол тасрахгүй, цагдаа нь цагдаагаа шалгах нь нэрийн төдий болчихсон, хоёр цагдаагийн албан хаагч биенээ шалгаж, хэргийг нь шийдээд цохолт хийдэг байсан гэх асуудал ч сонсогддог байсныг Хууль зүйн сайдаар нь ажиллаж байсан хүн нь өөрийн амаар хэлж байсан удаатай.
Энэ нөхцөл байдал дээрээс Олон улсын хүний эрхийн комисс зөвлөмж гаргаж, мөрдөн байцаах алба гэдэг бие даасан, хараат бусаар, прокурорын дэргэд тусгай байгууллагын статусаар ажиллах шаардлагатай юм байна гэдэг санал дүгнэлт гаргаж байсныг ажил болгож байв.
Нэг мэргэжлийн, адилхан зорилго чиглэлтэй, үүрэг хүлээсэн, хамт мөр зэрэгцэн ажилладаг хүнийгээ шалгана гэдэг хаа хаана аа бэрх гэдгийг энэ салбарт олон жил ажиллаж ирсэн туршлагатай хүн нь ч хэлдэг. Тиймээс цагдаа, цагдаагаа шалгадаг биш бие даасан тусгай байгууллага, хөндлөнгийн нүдээр харж, нөлөөлөлгүйгээр ажиллах нь чухал юм байна гэдэг онцлогийг нь харж уг Прокурорын дэргэдэх мөрдөнг байгуулсан түүхтэй. Анх ингэж байгуулагдаад 300-400 хэрэг шалгадаг болсон нь хүчнийхний авлига, дотоод асуудлыг задлах, цэвэрлэх хамгийн чухал сорилт, шинэчлэл байсан нь үнэн.
Нөгөө талдаа үеийн үед яригдаж ирсэн цагдаа нарын эрүүдэн шүүлтийн асуудал бүр цадигаа алдах болсныг энэ алба байгуулагдсанаар ном цэгцэнд нь оруулсан талаар ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж ч нэг удаа хуралдаан дэр хэлж байлаа. Албыг нь татан буулгачихаар эрүүдэн шүүсэн гэдэг гомдлыг прокурорт өглөө гэхэд эрүүдэн шүүсэнд нь хариуцлага яаж тооцоод байгаа нь ойлгомжгүй, замхарчихдаг болов.
Санхүү, төсөв муутай, харахад цомхон ч хүчний байгууллагуудын доторх маш олон асуудлыг Прокурорын дэргэдэх мөрдөнгийнхөн илрүүлж, ажиллаж байсныг хүний эрхийн байгууллагуудын үе үеийн тайлангууд ч харуулдаг.
Уг нь Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу хүлээсэн үүргээрээ эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгадаг тусгайлсан, хараат бус байгууллагатай байх ёстой юм билээ. Гэтэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө буюу Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, Л.Цог, Р.Бурмаа, О.Баасанхүү, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар өргөн барьж Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдаг. Тухайн үедээ нэрс нь нууцлагдаж, шуурхай хэлэлцүүлж дэмжүүлсэн зэрэг асуудал их бий.
Энэ явдлаас хойшхи улс төрийн нюансууд ч сонин байсан. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх хуулийн өөрчлөлтийг тухайн үед ерөнхийлөгч байсан одоо УИХ-ын гишүүн Х.Баттулга өргөн барьж, удридлагуудыг нь сольж байв.
Өөрөөр хэлбэл, хууль сахиулах байгууллагуудынх нь алдаа, завхралыг хөндлөнгөөс хянах үүрэгтэй мөрдөнгийн албыг татан буулгасны араас албан тушаалтныг шалгах үүрэгтэй байгууллагын удирлагыг шууд “дээрээс” чөлөөлж, томилдог байх асуудлыг зүтгүүлсэн зэрэг нь улс төрөөс ангид байх ёстой хяналтын тогтолцоог харин ч бөөрөндөө наах замыг нь хуулиар бэхжүүлсэн явдал болсон.
Өнөөдөр цагдаагийн байгууллага “Хууль бус үйлдэл байвал илрүүлэх боломжтой” гэсэн ядруухан тайлбарт хүлэгдээд суухын оронд хөндлөнгийн хяналтаараа чангалуулаад, дотроосоо цэвэрхэн сууж байх ёстой байв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл анх сайд болохдоо л энэ албыг буцааж байгуулна гэж ярьж байсан ч өнөөг хэр байгуулаагүй хэвээр. Яг өдийд үүсээд буй асуудалд үнэндээ сайд нь буруутай эсэх, цагдаагийн байгууллага алдаа гаргасан эсэх гээд олон асуудалд хариулт хэрэгтэй хэвээр. “Прокурорын зөвшөөрөлтэй” гэдэг нэг нэн шинэ трэнд бий болсон бололтой юм. Прокурорын зөвшөөрөлтэй байсан ч хэргийн материалыг үзэж болох, болохгүй субъект нь хуулиар зааглагддаг. Гэтэл өнөөдөр хэргийн материал гэдэг чухал, нууц материал байхаа болиод удаж байна.
АТГ өнөөдөр улс төрчдийн ашиг сонирхлоос ангид ажиллаж чадаж байгаа юу. Цагдаа өнөөдөр цагдаагаа шалгаад, дотоод асуудлаа ил гаргаад ярих чадамж бий юу.
ЦЕГ, АТГ-ын дарга нар улс төрөөс ангид, шударгаар ажиллаж байгаа тухайгаа ярьж, сурталдаж суухын оронд “Прокурорын дэргэдэх мөрдөн”-г сэргээгээд өг гэж хамгийн түрүүнд нэхэж суух учиртай юм, уг нь.