Б.Бат-Эрдэнэ: Хотонд ороод ирсэн чоныг буудах бүрэн эрх малчдад бий. Ямар нэгэн торгууль, ял хүлээхгүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн
О.Амгаланбаатарын гуравдугаар сарын 17-нд өргөн барьсан Амьтны тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энз үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “2000 оны тавдугаар сард Ан агнуурын тухай хуулийг
хүчингүй болгосон. 2012 оны тавдугаар сарын 17-нд Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулснаар
ан агнуурын асуудлыг зохицуулж байгаа.
Оруулж ирсэн хуулийн төсөл учир дутагдалтай байна. Улсын хэмжээнд чоныг агнаж болох
хуулийн төсөл оруулж ирэхээс илүүтэй хууль эрх зүйн орчныг цогцоор нь шийдмээр байна.
Дараа нь ирвэс агнах тухай орж ирэх үү?
Байгалийн нөөцийн тухай хуульд чоно агнах тухай асуудлыг шийдээд өгчихсөн. Аймаг, сумын
удирдлагууд нь нөөцөө тогтоогоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүсэлтээ
ирүүлбэл шийдвэрлээд агнуурын ажиллагаа явдаг.
Нөгөө талдаа хотонд ороод ирсэн чоныг буудах бүрэн эрх малчдад бий. Үүнд ямар нэгэн
торгууль, ял хүлээх асуудал байхгүй. Эрүүгийн хуулиар шийтгэл хүлээх үндэслэл болохгүй гэж
заасан. Аймаг, сумын удирдлагуудын арчаагүй байдалтай холбоотой асуудал. Тоо толгой,
судалгаа, аг агнуурын нөөцөө тодорхойлж, орон нутагт орох орлогоо тооцоолоод явах нь чухал”
гэв.
Түүний асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Иргэдээс
маш олон захидал ирж байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд чонын тоо толгой нэмэгдсэнээс
болж хоттой хонь руу дайрч байна гэх гомдол мэдүүлсэн. Бид энэ төрлийн харилцааг бүх
хуулиараа зохицуулчихсан. Гэвч ард иргэд энэ хуулийн зохицуулалтыг мэддэггүй юм байна.
Мөн Засгийн газраас толгой эргүүлсэн дүрэм журмаа боль гэсний дагуу чонын ан автай
холбоотой журмыг цуцалсан. Аймаг, сумын засаг дарга нар урьдчилаад тоо толгой нэмэгдлээ
гэсэн судалгаа гаргадаг. Гэвч тухайн айл өрх рүү дайрч аюул учруулах эрсдэлтэй хэмээн маш их
ярьж байгаа.
Ард иргэдэд ойлгомжтой болгох үүднээс мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнахыг
зөвшөөрсөн заалтыг дэмжиж байгаа. Чоно бол экологийн тэнцвэрийг хадгалж байдаг амьтан.
Хэт их агнаад байвал байгалийн тэнцвэр алдагддаг.