“Рио Тинто” манай талыг татварын хуулиа өөрчил, тэгээд маргаанаа дуусгая хэмээн шахаад эхэлжээ

0

Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн шинэхэн захирал Кэйти Жаксон нар Монголд ажиллаад буцлаа.

Энэ үед давхцан манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн уурхайд зочилсон. Албан хүрээнд ажил хэргийн хоёр уулзалт болсон гэх мэдээлэл байна.

Уулзалтад голчлон АҮЭБ-ын сайд Ц.Туваан Засгийн газрыг төлөөлөн оролцжээ. Өөр Монголын талаас Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга нар байсан сураг дуулдав. Ц.Туваан сэтгүүлчдэд,

  • Татварын маргаан
  • “Антрэ ресурс”-ийн лицензийн асуудлаар уулзсан гэж мэдээлсэн.

Харин уулзалт ямар хүрээнд болсон, ер хэн хэн оролцсон, юу ярилцсан талаарх мэдээлэл төдийлөн нээлттэй болоход бэлэн биш байгаа аж. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой”, “Рио Тинто” группийн хэвлэлийн албадтай холбогдсон ч тодорхой мэдээлэл авч чадсангүй.

Гэхдээ татварын маргааны тухайд хөрөнгө оруулагч талын байр суурь шинэ байгаа аж. Тухайлбал, асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нөхцөл байдал руу гулсаж байгаа юм байна.

“Рио Тинто”-гоос актыг төлье, харин татварын хуулиа өөрчил гэжээ

“Рио Тинто” бол 4-5 жил арбитрын шүүх дээр үргэлжилж байгаа татварын маргааныг дуусгая, ойлголцъё гэсэн. Ингэхдээ нийт 472 сая ав.долларын санал тавиад байгаа. Энэ дүн 2013-2020 оны хооронд тавигдсан, өмнө нь хүлээн зөвшөөрч байгаагүй татварын бүх дүн юм билээ.

Уг агуулгаарх захидлыг АҮЭБ-ын сайд Ц.Туваанд илгээсэн нь 2025 оны эхээр гэдэг.

Маргаан дуусна, тэд татвараа төлнө гэдэг сайшаалтай хэрэг, гэхдээ “Рио Тинто” ийм тохиолдолд гуя дагуулж хүзүү өгөхөө мартахгүй.

Юу гэхээр, татварын хууль тогтоомжууд хэвээр байгаа нөхцөлд дараа дараагийн хяналт шалгалтаар дахиад л “Оюу толгой” ХХК дээр акт тавигдах болно. Тийм учраас татварын хуульдаа өөрчлөлт оруул гэх агуулгаар манай талыг шахаад эхэлжээ.

Татварын маргааны тухайд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо “Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчинтой холбоотой заалтуудыг хэрхэн тайлбарлаж, ойлгохыг эцэслэн шийдвэрлэхгүй бол маргаан цаашид ч үргэлжлэх нь тодорхой юм.

Оюутолгой ХХК-ийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн өөрчлөлтөд гар бие оролцох чин хүсэлтэй, хүлэмжийн хий бууруулахад анхаарна гэж мэдэгдлийг хийдэг ч агаарын бохирдлын төлбөр болох 3 сая төгрөгийг ч төлөхгүй гэж маргадаг. 

Рио Тинто компанийн хувьд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомж бүхэлдээ тогтворжсон гэсэн байр суурийг баримталдаг. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын хувь хэмжээг тогтворжуулсан гэсэн манай байр сууриас эрс ялгаатай юм” хэмээн тайлбарлаж байв.

Засгийн газар амбицаа тодорхойлоогүй байна

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 2015 онд Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг. Энэ асуудлаар ойлголцохгүй л бол ҮАГ-аас акт тавьдаг, “Оюу толгой” ХХК-ийн зүгээс төлөхгүй гэдэг харилцаа тасрахгүй юм.

Харин ойлголцоно гэж яахыг хэлэх вэ. Манай талын сонирхлоор бол 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээ эргэж харах. “Рио Тинто”-гийнхоор бол татварын хуулиа өөрчлөх.

Тэгэхээр нөхцөл байдал ихээхэн анхаарал татаж байна. Засгийн газрын байр суурь, амбицыг тодруулахаар нэжгээд утас цохиод амжилтад хүрээгүй нь, ер ойлголцлоо нэгтгээгүйнх болов уу. “Антрэ ресурс”-ийн асуудлаар ч Засгийн газрын чиглэлийг хүлээж, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд хэлэлцэх үед нь удаа дараа хойшлуулж байгаа.

Хэрэв “Рио Тинто”-д зориулж татварын хуулиа өөрчлөхгүй ээ гэвэл тэд арбитрын маргаанаа үргэлжлүүлэх үү? Хэрэв тэгвэл манай талд ч нээнтэгт ордог.  2021.03.04-нд “Оюу толгой” ХХК нь хоёр дахь актын 648.9 тэрбум төгрөгийг төрийн санд урьдчилан байршуулсан удаатай. Хэдий хүлээн зөвшөөрөхгүй, Арбитраар маргаж байгаа ч актын дүнг ийн байршуулах хуультай. Хэрэв Арбитрын маргаанд “Оюу толгой” ХХК ялбал энэ 648.9 тэрбум төгрөгийг Засгийн газар “Оюу толгой” ХХК-д буцааж өгөх юм.

Харин ЗГ маргаанд өөрсдөө ялна гэсэн итгэлтэй байсан уу, 648.9 тэрбумыг иргэн бүрд 300 мянган төгрөг болгож тараасан.

Иймд адаглаад ялагдвал иргэн бүрд тараасан 300 мянгаа “Рио Тинто”-д буцааж өгөх өртэй л байна.

Энэ хамаагүй, УИХ-ын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын хэлэлцээ үргэлжлэх л ёстой. Тогтоолд татварын маргааны асуудал туссан байгаа.

Оюу толгой дахиад сэдэв болно, харин Ц.Туваан, Н.Учрал нараас хэлэлцээний үр дүн шалтгаална

Нөгөө талд, ажлын хэсгийг Х.Нямбаатар ахалж байсан цаг үед Монголын тал “Рио Тинто”-г хэд хэдэн том чиглэлд буулгаж авч чадсан. 34 хувь ноогдох өр төлбөрийг тэглэж, Дубайн гэрээг цуцалсан. Далд уурхайн бүтээн байгуулалтад зардал дахин хэтэрвэл түүнийг хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцахаар болсон.

Харин одоо хэлэлцээ царцанги байдалд ороод байна. Царцах нь яах вэ, урьдын амбицаас ухарвал утгагүй.

Татварын хуулиа өөрчлөхөөр бууж өгөх эсэх нь Засгийн газрын л мэдэх хэрэг. Мөн татварын маргаанд цэг тавих агуулга тул энэ өөрөө УИХ-аар хэлэлцэгдэх асуудал юм байна. Тэгэхээр “Оюу толгой” дахиад сэдэв болох нь.

Одоо хэлэлцээний ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа. АҮЭБ-ын сайд Ц.Тувааны хамт Оюу толгойн асуудалд Монголын Засгийн газрыг төлөөлнө.

Нөгөө талд “Антрэ ресурс”-ийн хоёр лицензийг шууд ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулагч тал зүтгээд байдаг. Үүн дээр ч хатуу байр суурь илэрхийлж чадахгүй бараг жил тойрох нь ээ. Бид “Оюу толгой”-н өмнө тавигдсан дараагийн сорилт болох татварын маргаан, “Антрэ ресурс”-ийн талаар цувралаар бичнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *