Г.Лувсанжамц: Ард түмнийг төлөөлж байгаа хүмүүсийн ажлыг намын бүлэг үнэлнэ гэдэг нь ухралт

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг зөвхөн бүлгийнхээ 68 гишүүнд үйлчлэх үнэлгээний журмын төслийг хэлэлцсэн асуудал олны анхаарлыг татсан юм.
Тодруулбал, бүлгийнхээ гаргасан шийдвэрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь гишүүдээ оноогоор үнэлэх талаар тусгажээ. Ингээд бүлгийнхээ шийдвэрийг чуулган дээр дэмжсэн гишүүнд 10 оноо өгнө. Харин дэмжээгүй гишүүнээс 10 оноо хасч, цаашид тухайн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болох аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Тойргоос сонгогдсон гишүүд жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдийнхээ амыг хамхих, аливаа бодлого шийдвэрийг нь дэмжихгүй бол дараагийн удаа боломж олгохгүй байх хатуу шаардлага тавьж буй нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахаас гадна иргэдийн мэдэх эрхэд халдаж буй үйлдэл гишүүд МАН-ын зарим гишүүд үзэж байна.
Намын бүлгийн шийдвэрийг нэгдүгээрт тавина гэсэн зүйл байхгүй. Ар түмний, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Энэ зорилгоор УИХ-ын гишүүн болсон. Анх жагсаалтаас нэр дэвшихэд надад энэ болзлын талаар огт хэлээгүй. Бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн эрх ашгийг хангаагүй хэмээн оноо хасах юм байна. Энэ нь зарим хүнд давуу байдал үүсгэх, ялгаварлан гадуурхах гэх мэт уршигтай тул ийм байж болохгүй. Намын, бүлэглэлийн эрх ашиг сүүлд байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Энэ журмыг бүлгийн удирдлагууд боловсруулсан гэж бодож байна. Ирэх долоо хоногт ямар байдлаар шинэчилсэн байхыг харъя.
Ард түмнийг төлөөлж байгаа хүмүүсийн ажлыг намын бүлэг үнэлнэ гэдэг нь ухралт. Улс төрийн эрхэд халдлаа. Өнгөрсөн онд анх танилцуулахад л би эсэргүүцсэн юм. Миний хэлсэн саналыг тусгалгүйгээр дахин бүлгийн хурлаар оруулж ирлээ. Бүлгийн хурлаар дэмжсэн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжвэл +10 оноо өгөх юм байна. Дэмжихгүй бол -10 оноо тавина. Энэ нь бүлгийн эрх ашгийг нэгдүгээрт тавиа гэсэн агуулга юм.
Бүлгийн хурлаар дэмжсэн ч дараа нь байнгын хорооны хурлаар тухайн асуудлыг дэмжих боломжгүй болж болно. Зарчмын зөрүүтэй саналууд гардаг тул би энэ журамд шүүмжлэлтэй хандсан.
Надад МАН-ын удирдлагууд ямар санал тавьсан гэхээр та мэргэжлийн хүний хувьд утаа, түгжрэл, хот байгуулалтын хуулиудад саналаа тусгаж, эдгээр асуудлыг шийдэхэд туслаарай л гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Цаашид би өөрийн итгэл үнэмшил, зарчмын дагуу л шийдвэрээ гаргаад явна. Хэрэв бүлгийн гишүүд энэ журмыг баталбал төлөөллийн ардчилал ганхах тул дэмжигдэхгүй болов уу” гэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Батжаргал нар мөн дээрх журмыг эсэргүүцэж, сонгогчдоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлыг бүлэг үнэлэх нь буруу гээд энэ журмыг баталбал ухралт болно гэжээ. Харин МАН-ын зарим гишүүн “Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон, сонгуульд мөнгө зарцуулаагүй гишүүд намын бүлгийн шийдвэрийг хоёр гараа өргөөд дагах нь зөв” гэжээ.