“Бүтээмжийн менежер” хэмээх орлогч захирлын статустай албан тушаалд АН, ХҮН-ийнхний “цүнх баригчид” томилогдох нь…

0

Хамтарсан Засгийн газарт орсон намуудынхаа албан тушаалгүй үлдсэн “цүнхчид”, УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон улс төрчдөө албан тушаалтай болгох аргаа Төрийн өмчит компаниудад хийх РЕФОРМ нэрийн дор хийх гэж байна.

Тодруулбал АН, ХҮН намаас Төрийн өмчийн компаниудад орлогч захирлын статустай 40 “бүтээмжийн менежер” шинээр томилж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг ч хэлнэ лээ. “ТӨК-иудад байгаа орлогч дарга нар бүгд улс төрчдийн хамаарал бүхий хүмүүс байгаа. Үнэтэй машин унана. Тэр нь зүгээр ч нэг машин биш шүү. Дээрээс нь төрийн албан хаагчдын цалингаас хэд дахин өндөр цалин, хангамж авчихаад төрийн албан хаагчдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр яриад явдаг бэртэгчингүүд байгаа” гэж.

Тэгвэл уг асуудал гэнэтхэн яригдчихсан зүйл биш. Өнгөрсөн оны сүүлээр сууриа цутгачихсан байсан явдал одоо биелэлээ олох гэж байгаа хэрэг.

Энэ асуудлыг 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар албажуулсан байна. Тодруулбал: “Төрийн өмчит хуулийн этгээдийн өмчийн удирдлага, засаглал, хяналтын тогтолцоог сайжруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтад засаглал, ил тод байдал, комплаенсийн болон гүйцэтгэлийн үнэлгээ, дотоод аудитын хяналт хариуцсан удирдлагын чиг үүргийг бий болгож, холбогдох хуульд заасан шаардлага хангасан эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарт даалгасан байна. Улмаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Төрийн өмчит бүх компанийн гүйцэтгэх захирлуудад албан бичиг илгээсэн байна.

2024 оны байдлаар Төрийн өмчийн 122 компани байна. Тэдгээрээс дөнгөж 5 хан компани л ашигтай ажиллаж, бусад нь алдагдалтай ажилладаг. Төрийн өмчийн 99 толгой компанийн 40 хувь нь өр төлбөр, хөрөнгийн хувьд эрсдэлтэй, 20 хувь нь өндөр эрсдэлтэй гэж ОУВС-аас үнэлсэн байгаа юм. Дээрх компаниуд нийлээд 22,8 их наяд төгрөгийн өртэй байгаа юм байна.

Н.Учрал сайд “алдагдалтай ажилласан Төрийн өмчит 9 компанийн удирдлагууд нэгхэн жилд 971,9 тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөрсдөдөө авсан байна” гэж халагласан. Гэвч үнэн хэрэгтээ ТӨК-иудыг удирдаж байгаа тэдгээр дарга нар нь эрх баригчдын өөрсдийнх нь томилсон хүмүүс. Төрийн өмчийн компаниудыг удирдаж байгаа гүйцэтгэх захирлууд нь ЗГХЭГ-ын даргын хийх гэж байгаа реформын хүрээнд томилогдох “шинэ дарга” нарын хийх засаглалыг сайжруулах, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн тэдгээр компаниудад хяналт хийдэг Аудитын байгууллага ч тусдаа байгаа. Нэг ёсондоо чиг үүргийг давхардуулж “реформ” нэрийн дор дахин баахан дарга нарыг томилж, төр улам “ДАНХАЙХ НЬ”.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *