Ж.Хулан: Хэвлэл мэдээллийн итгэлцлийг сайжруулахад редакц хэрэглэгчидтэйгээ ойртож, хүрээлэл үүсгэх хэрэгтэй

0

“Ноорог” медиаг тойрсон асуудлаас үүдэн олон талд нухацтай бодох шаардлага бий болсон тул салбарын мэргэжилтнүүдээс цуврал ярилцлага авч байгаа. Өмнө нь “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв” ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоогийн ярилцлагыг та бүхэнд хүргэсэн.

Энэ удаа “Gereg & UBlife” компанийн дэд захирал Ж.Хуланг урилаа. Тэр сэтгүүл зүйг Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаад Англи, Сингапурт магистр хамгаалжээ. Мэдээний шуурхай урсгалын “манаа”-н дээр ч багагүй хугацаанд суусан туршлагатай нэгэн юм.

-Нийгэмд өрнөсөн томоохон сэдэв бүрд талцсаар байх нь ямар сөрөг үр дагавартай вэ. “Ноорог”-ийн асуудлаас хойш хувийн эмзэглэл маань салбар дотроо хүртэл талцаж эхэлсэнд ихээхэн чиглэлээ л дээ?

-Орчин үеийн нийгэмд disinformation буюу хуурамч мэдээлэл, polarization буюу талцал хуваагдал газар авсан. Дэлхий даяар асуудал болж байна. Үүнийг турхирах байдлаар улс орныг автократ дэглэмд шилжүүлж байгаа.

Нэг ёсондоо төрдөө, системдээ, салбартаа итгэхгүй болно гэдэг шидсэн өгөөшийг үмхэхэд бэлэн нийгэм.

“Ройтерс”, Колумбийн их сургуулийн тайланг харлаа. Автократ нийгэмд шилжиж буй нийгэмд голчлон хуулиар зэвсэг хийх болжээ. Хонг Конгод үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж гарган нийтийн дуу хоолойг хязгаарласан. Туркэд төрийн албыг хамгаалах хууль баталсан. Сингапурт ч хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэдэг нэрийдлээр үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна. Үүний дээр судалгаа, тайлан бүр талцал хуваагдлыг онцолж байгаа.

Түүнчлэн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснээс нь үл хамааран татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдуулж байна. Танил сонсогдож байгаа биз. Мөн холбогдсон хэргийнх нь талаар олон нийтэд сэжиг төрүүлэн орхиж байгааг онцолжээ.

Хэвлэлдээ улам бүр итгэмээр байтал салбар дотор нь эвдрэлцүүлэх процесс яваад байдаг. Манай салбарынхан үүнийг олж харахгүйдээ, эсвэл муйхардаа маргалдаад байна гэж бодохгүй байгаа.

Гагцхүү “Яг гол асуудал нь юу юм бэ” гэдэг л ил биш байгаад байна шүү дээ. Бид хариуцлагатай этгээдээс тодорхой мэдээлэл хүсэж буй. Атал тодорхойгүй байлгаад байгаа учраас үймж, талцах нь аргагүй.

-Талцлын нэг талд хүссэндээ орчихдоггүй. Үргэлж сэтгэл хөдлөл нөлөөлж байдаг. Анхаарал сэрэмжийг өөртөө сануулж байхын тулд?

-Хэт сэтгэл хөдөлгөсөн мэдээлэл байвал заавал нягтлах нь анхан шатны дүрэм. Байж боломгүй санагдах тусам нягтлах ёстой гэдэг алтан дүрэм байгаа. Үүнийг сэтгүүлч ч бай, энгийн иргэн ч бай санах хэрэгтэй.

Иргэд хэрсүүжсээр гэцгээж л байна. Үүнийг дагаад хуурамч мэдээллийг үйлдвэрлэдэг арга зам хөгжөөд байгаа.

Энгийн биш синтетик хуурамч мэдээлэл гэж бий боллоо. Хонг Конгийн банкны захирлын ярианы бичлэгийг хуурамчаар хийж, түүнийг ТУЗ-ийн хуралд ашиглан мөнгө залилахдаа туллаа. Аудиод итгэх бэрх, дүрс бүр ч төвөгтэй байгаа. Иймд гарчиг нягтлах битгий хэл энэ асуудал технологийн түвшинд хүртэл даамжирч байна л даа. Иймд мэдлэг мэдээллээ тэлсээр байх нь л чухалчлагдаж байх шиг ээ. 

-Мөн юуг хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэх нь дахин маргааны сэдэв болчихлоо. Зөвхөн “Ноорог”-оор тогтохгүй, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг олон талбарт, олон янзын хүмүүс хийх нь олширсоор байгаа учраас яах аргагүй анхаарах сэдэв мөн бололтой.

-Намайг анх Англид онлайн сэтгүүл зүй судална гэхэд “Монголд хэдэн хүн интернэт хэрэглэж байгаа билээ, дэмий шүү дээ” хэмээн хүлээн авцгааж байв. Гэхдээ би сонгосон. Ингээд бүр гүн рүү нь орчихсон гэх үү дээ. Шинжлэх ухаан мөн юм гэдэгт итгэн үнэмших болсон шүү.

Сэтгүүл зүйг тойрог гэж авч үзвэл дотор нь мэдээллийг,

  • Эрж хайх, цуглуулах
  • Сонгох
  • Боловсруулах
  • Түгээх
  • Хэлэлцэх гэсэн процессууд багтах юм.

Эдгээрийг хийж байвал сэтгүүл зүй. Лайв дамжуулалт бол олох, түгээх хоёрыг л хийж байх жишээтэй.

Гэтэл медиа гэж дахиад том, сэтгүүл зүйг өөртөө багтаасан тойрог байна. Үүнд дуу хөгжим, видео тоглоом ч хамаарна. Дуу сонсоод ч түүнээс мэдээлэл авч байгаа  учраас. Сошиал медиа ч багтана.

Энэ нь дахиад коммуникац (Communication Studies) гэдэг шинжлэх ухааны том тойрогт агуулагдах болжээ.

Хоёрдугаарт, мэдээ ба мэдээллийн ялгааг тэр бүр анзаардаггүй шиг. Сэтгүүл зүйн дээр дурдсан үйл ажиллагааны дүнд мэдээ бэлтгэгдэнэ. Харин мэдээлэл бол хаа сайгүй. 10 жилийн өмнө хүн өдөрт 12 мянган мэдээлэл хүлээн авдаг гэдэг байв.

Ийм орчин нөхцөлд зөвхөн нөгөө жижигхэн тойргоо хараад суух нь их төвөгтэй болчихсон.

Бид сэтгүүл зүйн хөдөлмөрт шунадаг. Атал адилхан мэдээллийг хайж, цуглуулж, сонгож, боловсруулаад түгээж, тэгээд хэлэлцүүлж байгаа хүнийг “Гурван хуудас нийтлэл бичээгүй байна” хэмээн салган тусгаарлах уу? Мөн энэ үйл явц зөвхөн цаасан дээр хийгдэх албагүй. Дэлгэцээр гарах ч албагүй. Фэйсбүүк дээр байна уу, телевизээр гарч байна уу, ялгаагүй сэтгүүл зүйд тооцогдоод байна.

Бид Ub.life-ийг Community Driven Media гэж тодорхойлж байлаа. Яваандаа яг юуг хэлээд байгааг нь олж мэдэх гэж хэрэндээ судаллаа. Мөн 2025 оны сэтгүүл зүйн чиг хандлагын урьдчилсан таамгийг харахад community (уншигчийн хүрээлэл) гэжээ. Бүр гайхаад судаллаа. Гэтэл энэ хэвлэл мэдээлэлд итгэх итгэл дэлхий даяар унасантай холбоотой юм байна. Тийм учраас хэрэглэгчтэйгээ хүрээлэл бий болгож, харилцаа тогтоох л ёстой гэж үзээд байгаа юм билээ.

Өмнө нь хэрэглэгчийг лайк, дагагчийн тоогоор хэмждэг байсан. Одоо яг бодитоор хэдэн шэйр, хэдэн коммент авч байна гэдгээр хэмжих болжээ. Splice Asia сүлжээний үүсгэн байгуулагч Алан Сунтэй ярилцтал “Чи хэрэглэгчийнхээ хэдтэй нь нүүр тулаад шууд таних вэ, нэрээр нь дуудаж чадах вэ?” гэж асуусан. Хүрээллийг бүр тэгж тодорхойлж байна. Тэгж ойр итгэлцэл үүсгэж чадвал хэвлэл оршин тогтноно гэх юм билээ. Өнөөдөр ч би эцсийн дүгнэлтийг хэлж мэдэхгүй, юмс өөрчлөгдөж байна. Ямартай ч бид хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоох хэрэгтэй болж. Харин “Би сэтгүүл зүй хийж байгаа, та нар уншихгүй бол ч горьгүй дээ” хэмээн гэдийж  суух утгагүй болжээ.

Та Сингапурт суралцсан байна. Сайн эдийн засагтай, улсаа түлхүү хувийн хэвшлүүд нь хөгжүүлсэн учраас нэлээд либерал нийгэм гэж ойлгодог. Сингапур шиг хөгжье ч гэдэг. Харин та тэнд суралцаж байхдаа та юуг мэдэрсэн бэ?

-Сингапур нээлттэй нийгэм биш ээ (инээв). 2019 онд Asia Journalism Fellowship гэдэг хөтөлбөрт оролцсон. Ташрамд нь Сингапурын хөгжлийг суралцах хөтөлбөр юм. Энэ үед л ямар хаалттай орон гэдгийг нь анзаарсан. Сингапурын үндэсний их сургуульд ч очиж зарим хичээлээ үздэг байсан. Ингээд яг энэ сургуульд нь суралцахыг хүссэн юм.

Хүмүүс Сингапурын хөгжлийг судлах гэж очдог бол би хөгжих явцдаа хэрхэн гажуудсаныг нь мэдмээр санагдсан. Ийн 2023 онд нийтийн удирдлагаар тус сургуульд суралцахаар явсан.

Анх хөтөлбөрийн хүрээнд очсон 2019 онд бол би додигор байлаа. Азийн сэтгүүлчдийн дэргэд “Би эрх чөлөөтэй орны иргэн шүү” гэх маягтай. Гэтэл 2023 онд бүх үзүүлэлт дордоод ирсэн. Суралцах явцдаа Азийн бусад орноор ч явсан. Зүгээр аялах, бодлогоор суралцах явцдаа нийгмийг нь ажиж анзаарч явах өөр юм билээ. Яах аргагүй Азид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрхэн хязгаарлагдаж байгааг анзаарсан юм.

Яг 2023 онд манайд ч гэсэн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй хууль батлагдчихсан шүү дээ. Азаар хэрэгжээгүй.

Хөрөнгө оруулалтыг дэмждэг, эдийн засгийн бодлого нь чөлөөтэй ч тэр олон янз үндэстнийг нэгдмэл байлгахын тулд барьж л засагласан юм билээ. Би үүнийг ярих сан гэж их хүсдэг байсан юм. Сингапураас суралцана гээд байдаг болохоор (Инээв).

-Эргээд “Ноорог”-ийн асуудалдаа ороход, эргэлзэж байгаа хэсгийн өмнөөс асуулт тавих заавал шаардлагатай. “Засгийн газар нь хорин хэдтэй хэдэн залууг дуугүй болгох гээд л ажиллах уу?” гэсэн эргэлзээг ярьж байна.

-Өнөөдөр “Ноорог”-ийн бүх ажилтныг яагаад шөнөөр дуудав, байгууллагын техник хэрэгслийг хураав гэдгийг тодорхой мэдээлээгүй л байна. Өнөөдрийг хүртэл шүү дээ.

Харин процесс өөрөө хүний эрх зөрчсөн болохыг ХЭҮК хүртэл хэлчихлээ. Нөгөө талаар сонор сэрэмжтэй байхаас аргагүй цаг үед амьдарч байна.

Л.Болормаа агсны кэйс дээр Х.Наранжаргал гуай “Сэтгүүлч хүний амь насаа алдсан тохиолдлыг хэзээ ч энгийн хэрэгтэй адилтган шалгадаггүй. Учир нь тэр хүн ямар нэг ноцтой сэдэвт орооцолдсон байдаг” гэж хэлснийг уншиж байлаа л даа. Үүнтэй адил, энэ хүмүүс УИХ-ын сонгуультай холбоотой кино хийж байсан гэдгээ зарласан байсан.

-Тэр үйл явдлаас гуравхан хоногийн өмнө.

-Тийм. Дээр нь сүүлийн 1-2 жилд дандаа шүүмжлэлт байр сууринаас мэдээллээ бэлтгэж ирсэн медиа.

Надад төрсөн сэтгэгдэл бол, өмнө нь Н.Өнөрцэцэгийг төрийн нууц хэмээн юуг нь мэдэх боломжгүй төвөгтэй хэргээр шүүсэн. Түүний өмнө 2023 онд дээр дурдсан хуулийг гурав хоногийн дотор баталж чадахыг харсан. Эрүүгийн хуулийн 13.14-өөр шалгагдаж байгаа сэтгүүлч маш олон байгаа. Мийм хийсэн залууг торгосон. Дараагийн мийм хийсэн хүн учир битүүлгээр хаягаа хааж алга болсон. Ийм кэйсүүдийн дараа сонгуулиар кино хийсэн, шүүмжлэлт медиаг “Үндэсний эв нэгдэл бусниулах” гэсэн заалтаар өмгөөлөгчгүй, үүр цайтал суулгасан гэхээр хардана биз?

Эсвэл итгэмээр мэдээлэл өгөх хэрэгтэй, тэгвэл итгэмээр байна. Нэн ялангуяа энэ хавар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Ийм онцгой нөхцөл таарчихлаа.

-Төрдөө итгэмээр байна?

-Төрдөө итгэмээр байна. Төр бидний хамтын амьдрал хэрхэн явахыг шийдэж байгаа. Энэ инститүцдээ итгэмээр байна. Би Сингапурт нийтийн удирдлагаар суралцахдаа “21-р зууны аюулгүй байдал” гэдэг хичээл авсан юм. Гэтэл нэгт уур амьсгалын өөрчлөлт, хоёрт шилжилт хөдөлгөөн, гуравт мэдээлэл орж ирсэн. Энэ хүрээнд би өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн.

Жижиг орнуудыг маш их онилдог юм байна. Гол нь л үймээнтэй байлгахыг хүсдэг юм билээ. Гэтэл бид сошиалд үргэлж талцан хуваагдаж суудаг улс. Монголд Фэйсбүүк дээрх хуурамч мэдээллийг ангилсан судалгаа харсан л даа. Оросын технологи бол батлагдсан. Манайд ороод ирсэн нь нэгэнт харагдсан. Хятадынх илүү зөөлөн байдлаар орж ирдэг. Өдөр тутмын сонинг дагалдаад тэдний соёлын сэтгүүл нь ирдэг болчхоод байгаа шүү дээ. Төр үүнээс сэргийлж, судалгаагаа танилцуулж, анхааруулж байх ёстой.

Нөгөө талаар төрийн зүгээс явуулж байгаа хуурамч мэдээлэл ба автократ засаглал нэн уялдаатай байгааг тайлангууд онцолж байна. Мэдээллийн орчныг цэвэр ариун байлгах ёстой атал төр өөрөө төөрөгдүүлээд байна шүү дээ. Тэгэхээр үүнийг сурвалжилж буй сэтгүүл зүй эвдэж байна уу. Эсвэл төр эвдээд байна уу? Төр өөрөө гэж би харж байна.

-Миний хувьд бусад улс орны төр төлөөлсөн хэвлэлийн алба маш нээлттэй, ил тод ажилладаг шиг санагддаг. Та энэ чиглэлд хэр мэдээлэлтэй байна вэ?  

-Би энэ тухай дагнан судалгаа хийж байгаагүй. Би өөрийгөө бас сэтгүүлч гэж тодотгож чаддаггүй. Сүүлийн жилүүдэд менежерийн ажил хийчихсэн учраас. Харин бидэнд өнөөдөр Засгийн газрын хэвлэлийн алба гэхээр санаанд орох тод дүр ч алга шүү дээ. Ч.Болортуяа Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа өгч, зөвлөх болсон хэмээн сэтгэгдэл бичсэн байна лээ.

Өнөөдөр албаны эх сурвалж маань ил гарч ирдэггүй байдал анзаарагдсаар байна.

2015 онд Эстонид очиж байсан. Information Officer гэдэг хүнтэй уулзах болохдоо хэвлэлийн албаны дарга гэж ойлгосон. Гэтэл тусдаа юм билээ. Төрийн мэдээллийг яаж иргэдэд ойлгомжтой, хүрээмжтэй хүргэх тал дээр ажилладаг хүн болж таарсан. Ийм жишиг хүртэл бийг хараад гайхаж л байлаа.

-Нөгөө талд тролл хаягийг Засгийн газар өөрөө ажиллуулаад байх шиг. Одоо “Ноорог”-ийн доор бүр вьетнам хаягууд сөрөг сэтгэдэл бичиж байна лээ. Энэ асуудалтай ер нь яаж тэмцэх юм бэ?

-Манай төр сошиал медиа компаниудтай албан харилцаа тогтоох ёстой. Монголд салбараа нээ гэхгүй. Гэхдээ ядаж манайд бүртгэлтэй ААН болмоор байгаа юм. Тэгээд өөрсдийн орны хууль дүрмийг ойлгуулж, мөрдүүлэх ёстой.

Филиппинд бол хуулийн яам нь санаачилга гаргаж, Фэйсбүүктэй хамтран платформ дахь олон мянган хуурамч хаягийг устгасан. Гэтэл манайд санаачилга гаргахгүй орхичхоод, өөрсдөдөө ашигтайгаар ажиллаад байдаг. “Фэйсбүүк биднийг юу гэж тоох вэ дээ” гэх янзаар ханддаг юм. Гэтэл бид бол бүрэн эрхт улс. Тэр бол компани. Улс бол компанид шаардлага тавих л ёстой. Мэдээллийн орчныг эрүүл болгохын тулд бүх талын оролцоо хэрэгтэй юм. Хамгийн муу жишээ болж байгаа Филиппин хүртэл санаачилга гаргасан байна шүү дээ. Хуулийн хүрээнд хамтран ажиллаад шийдэх боломжтой асуудалд л бид хүсэл эрмэлзэлгүй хандаад байх шиг санагддаг.

-Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон улсын тайлангуудад онцлоод байгаа татвар, санхүүгийн асуудлаар, мөн төрийн нууцын хэргээр яллахад нийгэм ийм хүчтэй дуугараагүй нь үнэн. Энэ асуудлыг чөлөөт сэтгүүлч Б.Халиун хөндсөн, таны байр суурь ямар байна вэ. Хүний эрх бол түгээмэл байх зарчимтай.

-Процесс маш ил тод бус өрнөсөн л дөө. Нийт үйл явц үнэхээр байж боломгүй харагдаж байсан. Төрийн нууцаар халхалж, хаалттай шүүчхээд гуравдугаар сарын 8-нд уучилна гэж юу гэсэн үг вэ.

Би Б.Халиуны англи хэл дээрх бэлтгэсэн Н.Өнөрцэцэгийн талаарх нийтлэлийг саяхан уншсан. Маш сайн явж хийсэн байна лээ. Би лав тэгж явж чадаагүй. Харин асуудал Н.Өнөрцэцэгт байна уу, “Ноорог”-т байна уу хамаагүй. Тэгж яривал сэтгүүлч байна уу, иргэн байна уу ялгаагүй асуудал шүү. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол бүгдэд олгогддог эрх. Сэтгүүлчид л энэ эрхийг эдэлдэг юм биш. Иргэн бүрд хамаатай асуудал. Тийм учраас бид хэзээ ч үзэмжээр хандаж болохгүй.

-Бид итгэлцлийн тухай ярилцлаа. Сайн редакц алдаа гаргадаг гэсэн хэлц бий. Салбар болон цаг үе асар динамик шинжтэй учраас зориудын бус алдаа гарчих нь элбэг. Харин бусад субъектүүд шуудхан гомдол, мэдэгдэл гаргах зэргээр улам л итгэлцлийн эсрэг үйлдэл хийж байдаг. Ялангуяа цаг үе, үйл явдлаар дагнаж байгаа редакцад амаргүй, бид энэ итгэлцлээ хэрхэн сайжруулах вэ?

-Мэдээллийн боловсрол гэдэг нийгмийн бүх талын оролцооны дүнд бий болдог эд юм байна. Зарим улс оронд Media Literacy Council гэдэг байгууллага бий, тэнд нь бүх мэргэжлийн хүн багтаж байх жишээтэй. Сэтгүүлчдээс гадна багш, судлаач, интернэт үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд, иргэдийн төлөөлөл ч орно.

World News Organization хэмээх сүлжээ энэ тухайд, редакц өөрөө өөрийгөө таниулах ёстой гэнэ. Логог нь ашиглаад л хуурамч эвлүүлэг түгээчихдэг, Монголд ч энэ асуудал тохиолддог. Харин хэвлэл энэ таниулах ажиллагааг өөрсдөө хийж болдог юм байна. Өөрсдийгөө танилцуул. Бидний лого, стандарт энэ шүү. Манай редакцад ийм хүмүүс бий. Ийм үзэл санаатай хүмүүс шүү. Бидэнтэй ингэж холбогдоорой гэх мэтээр. Редакцын бодлогоо хүртэл ойлгомжтой тавьдаг. Редакц өөрөөсөө эхлэх зүйл олон юм билээ.

Нөгөө талаас мэдээж хариуцлагатай байх чухал аа. Намайг “Eagle TV” дээр байхад маргаантай асуудал их гардаг байсан. Хүмүүс гомдоно, янз бүр болно. Тэр бүрд цагдаад биш Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандаж байгаасай гэж хүсдэг байв. Олон удаа редакторын хувьд байгууллагаа төлөөлөн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдлын дагуу тайлбар бичдэг байсан.

Энгийн амьдралд ч бид таньдаг хүндээ л итгэдэг. Тэгвэл хэвлэл мэдээлэл мөн ийм ил тод зарчим руу явах хүнд цаг үе ирж л дээ.

-Цаг үеэ дагаад өөрчлөгдөх ёстой зарчим байна уу. “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв” ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоотой ярилцахад жишээ нь “Тэнцвэртэй байх зарчим үеэ өнгөрөөсөн” хэмээсэн?

-Тэнцвэртэй байх зарчим тодорхой хэмжээнд хэвээр мөрдөгдөх ёстой. Доржтой холбоотой асуудлыг нийтлэхдээ Доржоос асуухгүй байж ёстой болохгүй. Харин баримтаар нотлогдсон зүйл дээр л тэнцвэр ярих утгагүй болж байна. Дорж гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон байхад тэр албагүй. Тэнцвэрийг хэзээ, яаж авч үзэх вэ гэдгээ бүтээлчээр бодох асуудал болохоос хоцрогдсон хэмээн орхиж болохгүй.

Харин хэрэглэгчээ бид өөрсдөө л ойлгодог бөгөөд дагадаг болох ёстой юм байна гэдгийг би сүүлийн үед ойлгоод байгаа. Сэтгүүл зүй бол ийм тийм гэж өндөрт аваачин бодоод явдаг. Тэгэх хэрээр хэрэглэгчээсээ салаад байгаа юм л даа. Иргэн бол шийдвэр гаргахад нь нэмэр тустай мэдээлэл л хүсдэг. Тэр мэдээллийг том редакц өгнө үү, хоёр хүн нийлээд өгнө үү хамаагүй болж ирэх юм. Үүнд л бид толгойгоо ажиллуулах ёстой болж дээ. “Spotify” дискийг эсвэл пянзыг устгаагүй шүү дээ. Амар хялбар учраас л хэрэглээг эзэлсэн. Энэ өөрчлөлтийг бизнес сэтгэлгээний үүднээс, хэрэглэгчийн хүсэл сонирхлыг харж, эрэл хайгуул хийснээр эхлүүлэх ёстой болж байна.

-Харин текст буюу уламжлалт хэлбэрийг юу гэж хардаг вэ?

-Би “Уйтгартай юм унш” гэдэг тагийг The Media Show дээрээ ашиглаж байгаа. Нухацтай юм уншихгүйгээр нухацтай мэдлэг олж авна гэж байхгүй. Юу иднэ, тэр та гэж хэлдэг. Та юу уншина, тэр л таны оюун санаа шүү дээ. Авч байгаа мэдээлэлдээ арай нухацтай хандаж, оюун санаагаа эрүүл байлгах уу гэдэг сонголт ирж байна. Харин нухацтай мэдээлэл бүр сонирхолтой байдаггүй. Зарим мэдлэг уйтгартай хэвээр үлдэх ёстой, би өөрийнхөө төлөө түүнийг унших л хэрэгтэй. Хүн ер нь төвлөрч сууж, цаг гаргаж байж л хөгждөг шүү дээ. Пянз нийтийн хэрэглээ биш болсон ч үнэ цэн нь улам өсөн нэмэгдсэн. Тэгэхээр чанар стандарт ба бизнес загвараа аль аль талаас харж явахыг медиа болон хэрэглэгч хэн хэнд нь энэ цаг үе тулгаж байна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хуульд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийд нь харахад тэнд дээрдсэн юм алга байна лээ. Бүр будилуулчихсан санагдсан. Сошиал платформыг тав дахь засаглал боллоо гэж саяхан оролцсон хуралд маань судалгаагаар баталгаажуулан олон улсад зарлаж байх юм. Гэтэл энэ хуульд сошиал платформыг лав онцлоогүй байна. Зөвхөн сошиал платформ дээр үйл ажиллагаа явуулдаг медиа бий болоод байхад шүү дээ. Аливаа хуулийг дараагийн 20-25 жилийг харж бичдэг гэдэг юм билээ. Гэтэл дараагийн 20-25 битгий хэл өнөөдрийн асуудал ч тусгагдаагүй санагдсан. Дандаа л тэгж болно, ингэж болно гэсэн үг ашиглаад, хүрээ хязгаар тогтоосон маягтай. Энэ үүднээс итгэл төрөхгүй л байна.

-Та салбарын асуудлаар хэд хэдэн удаа The Media Show зохион байгуулсан. Шинэ тутам редакцуудын бодит асуудал, сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутнууд гээд тодорхой хүрээг хамарч байсан. Тэдгээрээс таны дүгнэлт?

Анх BBC-ийн The Media Show гэж радио нэвтрүүлгийг 10 гаруй жилийн өмнө сонсоод медиагийн тухай ингээд ярилцаж болдог юм байх даа гээд үнэхээр шимтэж, сонирхож байсан. Тэр дундаа зөвхөн сэтгүүл зүй бус медиа гэдэг өргөн агуулгын хүрээнд, экосистемийн хүрээнд харж, ярилцдаг болох юм сан гэх мөрөөдөл тээсээр 2020 онд өөрийн подкастаа эхлүүлсэн. Учир нь, зах зээлийн нийгэмд сэтгүүл зүйн байгууллага ч бас нөгөө талаар бизнесийн байгууллага шүү дээ. Харин ялгаатай нь, нийгмийн өмнө илүү хариуцлага хүлээдэг учраас өөрийн бүтээгдэхүүний зах зээлийн бодит чадамжийн хэрээр эрүүлээр санхүүждэг байх ёстой. Үүнийг л эрэлхийлдэг, хэлэлцдэг орон зай бий болгохыг хичээсэн. Арга хэмжээндээ туршлагатай сэтгүүлч, менежерүүд болон шинэ санаа нэвтрүүлж байгаа, ур чадвараа сорьж байгаа, 20 настай боловч медиа нээгээд эхэлж байгаа залуус гээд салбарынхаа янз бүрийн төлөөллийг урьсан. Алдсанаа нэрлэхэлгүй ярьж суралцдаг, оносондоо харамгүй дэм өгдөг орон зай бий болгож, хамтдаа урагшилъя л гэж бодсон. Өнгөрсөн намар бүтэн өдөр үргэлжилсэн ч орой нь асуулт, хариулт дуусахгүй сунасаар байсан. Тэгэхээр бидэнд хөгжих эрмэлзэл, бие биеэсээ суралцах хүсэл маш их байгаа юм байна, гол нь үргэлж хамтдаа ярилцдаг, хэлэлцүүлэг өрнүүлдэг талбар хэрэгтэй юм байна гэдэгтээ улам бүр итгэх болсон.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *