Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тайлангаас “онцлох” 24 эшлэл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлсэн билээ. Үүнээс онцлох тоо баримт, үг, эшлэлийг хүргэж байна.
ЭШЛЭЛ 1″Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем нэвтрүүлэх нь чухал.
ЭШЛЭЛ 2Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр хэрэгжилт 67.0 хувьтай гэж дүгнэж байна.
ЭШЛЭЛ 3Дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үе тохиолдсон ч Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.
ЭШЛЭЛ 4Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia үндэсний брендингийн олон улсын сурталчилгаа, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан байна.
ЭШЛЭЛ 5Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
ЭШЛЭЛ 6Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.
ЭШЛЭЛ 7Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна.
ЭШЛЭЛ 8Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.
ЭШЛЭЛ 9Мянганы зам төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо.
ЭШЛЭЛ 10Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн. Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна.
ЭШЛЭЛ 11Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн. Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон. Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан.
ЭШЛЭЛ 12Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн. 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар анх удаа улс төрийн таван нам, эвсэл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрсэн нь Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт болсон.
ЭШЛЭЛ 13E-Mongolia платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлснээр тус систем 1.95 сая хэрэглэгчтэй, 1,263 үйлчилгээ цахимаар үзүүлж, лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа таван секунд болсон.
ЭШЛЭЛ 14Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан бол иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна.
ЭШЛЭЛ 15Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангах эрхзүйн цогц шинэчлэл хийхээр ажиллаж байна.
ЭШЛЭЛ 16Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулалтын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
ЭШЛЭЛ 17Аж ахуйн нэгжүүд 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлвэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлээд байна.
ЭШЛЭЛ 18Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийг зорьж, 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үр шаттай хэрэгжүүлэхээр эрэмбэлээд байна. Засгийн газраас 20 минутын хот үзэл баримтлал, түүнтэй уялдсан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
ЭШЛЭЛ 1921 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа.
ЭШЛЭЛ 201997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.
ЭШЛЭЛ 211964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээг байгууллаа.
ЭШЛЭЛ 22Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхээр боллоо.
ЭШЛЭЛ 23Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төслүүд нь Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын хийн хоолойн төсөл, төмөр замын баруун, зүүн коридорын төслүүд байх болно.
ЭШЛЭЛ 24Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлэснээс хойш таван жил өнгөрч, 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл энэ жил цогц байдлаар үнэлэгдэх хугацаа дөхөж байна.