Шүүх дээр маргаан нь гурван жил гацаж, “Авлига хороолол” бүрэн сүндэрлэлээ

0

Усан парк хэрхэн “Авлига хороолол” болсон түүхийг манай сайт өмнө нь мэдээлсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар “Aqua Garden” хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргасан. Уг шийдвэр 2023 оны долдугаар сард болсон их үерээс үүдэлтэй бөгөөд иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв. Тодруулбал, “иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон” гэж тухайн үеийн дарга мэдээлэлдээ онцолж байсан юм.Гэтэл одоог хүртэл “Авлига хороолол” гэх нэр зүүсэн “Aqua Garden”-ий голын голдиролд нөлөөлсөн хоёр блокийг нураагаагүй буюу шүүхийн шийдвэр эцэслэгдэж гараагүй хэвээр байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зүгээс шүүхийн шийдвэр гарвал уг барилгыг хэзээ л бол хэзээ нураахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн “Авлига хороолол”-ын барилгын гүйцэтгэлийн ажил зогсолтгүй үргэлжилж, иргэдэд байраа нээлттэй худалдаалж, нэгдүгээр ээлж нь 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орохоор болсон байна. Нураахаар төлөвлөж байсан хоёр блокийн барилгын гадна фасадын ажил дууссан харагдана.Яг өнөөдрийн байдлаар “Аqua garden” хотхоны 2-5 өрөө орон сууцыг давхар болон мкв-ын сонголттой нээлттэй худалдаж байна. Ингэхдээ мкв-ыг 5.600.000-6.400.000 төгрөг гэжээ. Энэхүү үнийн санал 2025 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл хүчинтэй юм байна.Шүүх дээр “Авлига хороолол”-той холбоотой маргаан эхэлж байхад тус барилга дөнгөж баригдаж байсныг та эхний зургаас харж болно. Харин шүүх дээр маргаан гурван жил үргэлжлэх хугацаанд барилга хэрхэн баригдсаныг доорх цаг хугацааны дараалалтай зургуудаас харж байна.

undefined

Ө.Эрдэнэ-Очир: Д.Сумъяабазар анхнаасаа хууль бус шийдвэр гаргасан гэдгийг шүүхээр тогтоолгохоор ажиллаж байнаАвлига хороолол буюу “Аqua garden”-ны хууль бус ажиллагаа болон уг барилгатай холбоотой эрх бүхий албан тушаалтнуудын буруутай шийдвэрийн эсрэг анхнаас нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явж буй Онч шийдэл ТББ-аас сүүлийн үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.

undefined

Онч шийдэл ТББ-ын хуульч Ө.Эрдэнэ-Очир: Захиргааны хэргийн шүүх дээр “Аqua garden”-тай холбоотой хоёр маргаан өрнөж байна. Нэгдүгээрт, Д.Сумъяабазар нь Нийслэлийн Засаг дарга байхдаа шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр усан паркийн газар эзэмших эрхийг нь орон сууцны болгож өөрчилсөн. Мөн түүн дээр нь үндэслээд орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар эх загвар, ажлын зураг, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг баталсан. Иймд Нийслэлийн Засаг дарга, ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яам гэх байгууллагуудын шийдвэрүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэрэг бий. Энэ бол Онч шийдэл ТББ-ын нийтийн ашиг сонирхлыг төлөөлж гаргасан нэхэмжлэл. Нэхэмжлэл гаргаснаас хойш гурван жил болж байна. Энэ хугацаанд үер болоход Д.Сумъяабазар Засаг дарга өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгоод 1000, 1002 тоот шийдвэрээр тухайн барилгын усны онцгой хамгаалалтын бүсэд орсон барилгыг буулгах, усны хамгаалалтын бүсэд орсон 50 метр газрыг хүчингүй болгох хоёр захирамж гаргасан. Тухайн захирамжтай холбоотойгоор “Эм Энд Жи” констракшн ХХК-ийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Энэ хэрэг дээр шинжээч томилоод түдгэлзсэн байгаа. Шинжээчийн дүгнэлт гарахгүй хоёр дахь жил рүү орж байгаа юм билээ.Шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сэргээгүй байна. “Онч шийдэл” ТББ нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа хууль бус байсныг тогтоолгох зорилготой болгосон. Хэдийгээр манай нэхэмжлэл зорилгодоо хүрч тухайн барилгыг буулгуулах тухай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нь гаргуулж чадсан. Гэхдээ анхнаасаа хууль бусаар олгосноо дараа нь хүчингүй болгосноор ул мөр нь арилахгүй. Анхнаасаа хууль бус байсан гэдгийг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлага бий. Ингэснээр тухайн шийдвэрийн үр дагавар хохирол эхний ээлжид төрөөс нэхэмжилнэ. Хоёрдугаарт, төр учирсан хохирлоо буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлнэ гэдэг зарчмыг хангуулахын тулд буруутай этгээдийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоолгох зорилготой. Энэ нэхэмжлэлийг өөрчлөхөд хүлээж авахаас татгалзаад, аваад, гомдлоо хангуулаад, хэрэг сэргээд, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны процесс яваад, гуравдагч этгээд болон хариуцагчийн зүгээс хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байдалтай явж байна гэлээ.

З.Батбаяр: Голыг устгах, үерийн эрсдэл дагуулж байгаа тул “Авлига хороолол”-ыг яаралтай нураах хэрэгтэй

undefined

Усны газрын дарга З.Батбаяр: “Aqua garden” буюу усны нөөцийн хуримтлал бий болгох нэрийн дор голыг устгах, голын ширгэлтэд нөлөөлөхүйц эсвэл үерийн эрсдэл учруулахуйц үйл ажиллагаа явуулсан тул энэ нэрийг хэлмээргүй байна. Тийм учраас ард түмний нэрлэсэн “Авлига хороолол”-ыг яаралтай нураах хэрэгтэй. Мөн голын хамгаалалтын бүсэд байгаа бүх барилгыг нураах ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар хэн нэгэн хууль зөрчсөн бол тухайн хууль биелэгдэх учиртай.  “Aqua garden” үерийн хамгаалалт гээд хашаа барьсан байгаа. Тэр хашаа нь усны барилга, байгууламж огт биш. Үерийн хамгаалалт гэдэг онолтой, дүрэмтэй, маш нарийн тооцоололтой байдаг. Хашаа барьсныгаа хамгаалалт гэж хэлээд дөрвөн барилга барьсан. Голын голдирол дунд татам дотор барьсан нь маш асуудалтай. Зарим хүний ойлголтоор голоос хол юм шиг харагдаад байдаг. Гэтэл тухайн гол одоог хүртэл урсаж байгаа. Тухайн барилгын орчмыг Сэлбэ эсвэл Дунд гол гэж нэрлэх үү гэдэг маргаан л гарна. Харин голын эрэг дээр юм уу, голд ойрхон гэдэгт ямар ч маргаан гарах үндэслэл байхгүй. Хэрвээ сайн анзаарвал голоос төмөр зам хүрээд төмөр замын далангийн ёроол дуусах хүртэл голын онцгой хамгаалалтын бүс юм. Гэтэл 50 метр гэж яриад хоёр нь орсон, ороогүй гээд байдаг. Маш энгийнээр хэлбэл, энэ барилга өөрөө үерийн эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн, голын усыг хомсдуулж байна. Энэ барилга хэзээ ч аюулгүй орчныг бий болгож чадахгүй. Хэрвээ жил болгон дарааллаад үерлэвэл нэг л өдөр энэ барилга нурна. Байгаль нураахгүй гэхэд төр хуулийн дагуу очиж нураана. Учир нь гол ширгээх гээд байна. Бидэнд гол чухал уу, барилга чухал юм уу. Хэрвээ гол байхгүй болбол Улаанбаатар хотод байгаа бүх үл хөдлөх ямар ч үнэ цэнгүй хог болж хувирна. Тийм учраас ард иргэддээ голын хамгаалалтын бүсэд байгаа барилга байвал битгий худалдаж аваарай гэж уриалмаар байна.

Улаанбаатар хотод нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болж байсан нь саяхан. Тиймдээ ч түүнээс сургамж авч, голын голдирол өөрчилж, барилга барьсан компаниудад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байсан ч хоёр жил өнгөрөхөд өнөөх л янзаараа байсаар байна. Уг нь үер буусны дараа Онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байгааг нийслэлээс мэдээлсэн. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлэхээр болсон. Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект нэр заан дурдагдахад “Aqua garden” буюу авлига хороолол багтсан ч энэ хугацаанд төр нь цахилгаан, дулаанаар хангаад зогсохгүй, тун удахгүй ашиглалтад орох боллоо.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *