Скүүтер, сурроныг 18 нас хүрээгүй хүүхэд унахыг хориглосон журам хэрэгжиж эхэллээ

Урин дулааны улиралд холбоотойгоор суррон, скүүтер, мопедын хэрэглээ эрс нэмэгддэг. Нийслэлчүүд 2021 оноос хойш дулааны улиралд скүүтер, суррон унаж түгжрэлээс сэргийлж цагаа хэмнэх болсон. Гэвч дээрх тээврийн хэрэгслүүдэд эрх зүйн зохицуулалтгүй байсаар гурван жил өнгөрсөн. Тэгвэл 2024 оны наймдугаар сард нийслэлээс сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах зохицуулалтыг хийх саналыг гаргаж байв. Ингэснээр энэ сараас буюу дөрөвдүгээр сарын 1-нээс сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж. Иймд Цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийнэ. Зөрчилтэй тээврийн хэрэгсэл дээр хариуцлага тооцно.
Гурван жилийн хугацаанд 887 хүн суррон, скүүтерээс унаж бэртжээ. Үүнээс ихэнх нь 15-19 насны хөвгүүд
2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:
- Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
- Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
- Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
- Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
- Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.