Орхон аймагт “түрээслээд, өмчил” орон сууцыг МАН-ынхан завшжээ

Орхон аймагт “түрээслээд өмчил”, “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хууль бус үйлдлүүд гаарч байгаа талаар тус аймгийн иргэд болон сөрөг хүчин болох АН-ынхнаас удаа дараа мэдээлжээ.Тодруулбал, Орхон аймаг 2015 оноос хойш улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр түрээслээд, эргээд өөрийн өмч болгох уян хатан нөхцөлтэй хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт хэрэгцээ ч өндөр.Орхон аймагт 2016-2019 онд хэрэгжсэн түрээсийн байрнаас нийт 131 орон сууцыг өмчлүүлсэн байна. Харин өмчилж авсан этгээдүүдийн улсын бүртгэлийн мэдээллийг шүүхэд МАН-ын тодотголтой, одоо аймгийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг хүмүүс болон тэдний хамаарал бүх этгээдүүд хувьчилж авсан баримтыг дэлгээд байна. Анхнаасаа иргэдэд очих ёстой түрээсийн орон сууцыг эрх барьж байгаа болон мэдээлэлд ойр ажиллаж байсан албан тушаалтнуудад олгосон уу гэдэг асуудал өрнөж байгаа юм байна.Саяхан Орхон аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 66 айлын түрээсийн орон сууцыг хувьчлах асуудлыг оруулж ирэх үеэр өмнөх хувьчлалын асуудал хөндөгдөж, эрх барьж буй МАН-ынхан болон тэдний хамаарлууд иргэдэд очих ёстой байрыг хувьчилж авсан баримтууд дэлгэгджээ. Тухайлбал, Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Д.Батлут гэхэд л эхнэрийнхээ хамаатныг, туслахаа, жолоочоо, бие төлөөлөгчдөө байр хувьчилж өгсөн байна. Одоогоор МАН-ын тодотголтой 30 гаруй хүн “Түрээслээд өмчил” нөхцөлтэй байрнаас хувьчилж авсан баримт байгаа аж. Бүр хэнд өмчлүүлэхийг нь шийддэг Төрийн албан зөвлөлийн дарга нь, Орхон аймгийн төсөл хөтөлбөр хариуцсан дарга хүртэл гурван байр хувьчилж авсан баримтыг Орхон аймгийн АН-ынхан гаргаж тавиад байгаа аж. Зарим нь хувьчилж авсан байраа худалдан борлуулсан байжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгөөр барьсан орон сууцыг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан үнэгүй хувьчилж аваад эргээд өөртөө ашиг болгон худалдан борлуулсан болж таарав.Жишээ болгон УИХ-ын гишүүн Д.Батлутын хамаарал бүхий өмчлөгчдийн мэдээллийг хүргэе.
- Эрдэнэт хотын 4-18 дугаар байрны ** тоотыг иргэн Ж.Галбадрах хувьчилж авчээ. Харин Ж.Галбадрах нь УИХ-ын гишүүн Д.Батлутын эхнэрийн ойрын хамаатан.
- Эрдэнэт хотын 1-21 дүгээр байрны ** тоотыг Б.Түмэндэмбэрэл гэх иргэн хувьчилж авсан байна. Харин Б.Түмэндэмбэрэл нь УИХ-ын гишүүн Д.Батлутын жолооч хийж байсан МАН-ын гишүүн юм. Мөн тэрээр Орхон аймгийн Социал демократ монголын залуучуудын холбооны дэд тэргүүн, Эрдэнэт хот дахь Монголын цахилгаан холбоо ХК-ийн салбарын дарга хийж байсан.
- Эрдэнэт хотын Евро Эко төгөл хотхоны 5-р байранд 71.8 мкв 3 өрөө орон сууцыг Б.Мөнхбаяр гэх иргэн хувьчилж авчээ. Б.Мөнхбаяр нь УИХ-ын гишүүн Д.Батлутыг 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байжээ.
- Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбат нь Евро эко төгөл хотхоны 8-р байранд 71.8 мкв байрыг хувьчилж авчээ. Гэхдээ өөрийн нэр дээр биш эхнэрийнхээ дүү Эрдэнэсүрэн, Мөнхзаяа нарын нэр дээр авсан байна. Түүний эхнэр нь Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д нярав хийдэг. Хамгийн сонирхолтой нь тэрээр 2016 онд Д.Батлутын сонгуулийн зардалд 6-р микрийн 3 өрөө байраа зарж хандивлаж байжээ.
- Эрдэнэт хотын 4-18 дугаа байрны **тоот байрыг Г.Эрхэмбаяр гэх иргэн хувьчилж авчээ. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Батлутыг 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллах үед туслахаар нь нэг жил ажилласан байна. Түүний хувьд авсан байраа иргэн Наранбаатарт 40 саяар заржээ.
- Эрдэнэт хотын 4-18 дугаар байранд ** тоотыг Б.Мягмарсүрэн хувьчилж авсан. Тэрээр Д.Батлутыг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед мөн жолоочоор ажиллаж байсан аж.
- Эрдэнэт хотын 1-21 дүгээр байрны ** тоотыг Д.Батлутын бие төлөөлөгч асан Б.Оюун-Эрдэнэ хувьчилж авсан байна. Б.Оюун-Эрдэнэ нь Д.Батлутыг Орхоны Засаг дарга байхад хэвлэлийн төлөөлөгчөөр нь 4 жил ажилласан. Дараа нь Д.Батлутыг УИХ-ын гишүүнээр сонгогдох үед бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан билээ. Тэрээр одоо Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд байраа 40 сая төгрөгөөр Гүнчинсүрэн хэмээх хүнд заржээ.
Томчууд нь Хөгжлийн банк, ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэрэг төрийн сангуудыг тоносон бол аймаг нийслэл, төрийн дунд шатанд ажиллаж байгаа намчид иргэдэд очих ёстой хөнгөлөлттэй зээл, орон сууцны дэмжлэгийг завшаад гаршжээ.