Ажлын хэсэг “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2025.04.08/ хуралдав. Тус ажлын хэсэг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ц.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай даргалж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний ажлын явц, хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж асуудал, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэв. Тэрбээр, ноос ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл, брендинг, маркетингийн чиглэлээр анхаарах асуудал бий гэлээ. Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцооноос гадна үйлдвэрлэл, борлуулалт, экспортын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, энэ салбарт ажиллах хүний нөөцийн дутагдалтай байгааг тодотгосон.
Танилцуулгын дараа ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат малчдын хувьд мах, ноолуураас ашиг олдог. Ноос ноолуур, арьс ширний асуудлыг 10 жил ярилаа. Гэвч байдал дээрдсэнгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг нааштай хүлээж авч байгаа хэдий ч малчдын хувьд бухимдалтай байна. Ноос, арьс шир үнэгүйдээд байгаа шалтгаан нөхцлийн талаар тодруулъя гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ноос, ноолуурын урамшууллын асуудлыг хөндөж, үр дүн, нөлөөллийн үнэлгээтэй танилцахыг хүсч байгаагаа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ХХААХҮЯ-ны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа дурдаад, мэргэшсэн эдийн засагчаар нарийн тооцоолол гаргуулан, хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн хурлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэхээр Монгол банк, Төрийн банк болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс зээлийн батлан даалтын нөөц болон эргэн төлөлт, эрсдэлийн талаар онцгойлон анхаарч, судалгаа тооцооллын талаар шинэчлэгдсэн мэдээллийг цаг алдалгүй хүргэж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.