Хараагаа 100 хувь алдсан ч мөрөөдлөө биелүүлж Стэнфордын их сургуульд тэнцсэн А.Лхамсүрэн

Ярилцлагын ширээний ард суугаа гэгээлэг, нандин ертөнцтэй Лхамсүрэн одоогоос 25 жилийн өмнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Алтангэрэлийн ууган охин болон болон мэндэлжээ. Нүдний даралт ихтэй нь улмаас аажим аажмаар ертөнцийг харах гэрэл нь бүдгэрч, долоон жилийн өмнө бүрэн хараагүй болсон байна. Гэсэн ч бусдаас дутуу гэх мэдрэмжийг тээхгүйгээр боловсрол нэгдүгээрт гэж шамдсаар англи хэлний багш болж, мянга орчим шавьтай болсон. Үүгээр ч зогсохгүй багын мөрөөдлөө биелүүлж Стэнфордын их сургуулийн тэтгэлэгт тэнцэж чадсан түүхээ бидэнд хуваалцлаа.
Миний онош бол нүдний даралт. Эмчилгээгээ тогтмол хийлгэхгүй л бол хараа муудчихдаг онош л доо. Тухайн үед хүүхэд байсан болохоор нүдний шил зүүх, дусаагуур хэрэглэх дургүй. Тэгсэн хэр нь ном унших сонирхолтой. Аав ээж минь битгий ном унш гэсэн ч зөрүүдлээд уншаад л байна. Одоо бодоход өөрийнхөө харааг муу болгох бүгдийг хийгээд л яваад байсан юм байна лээ. Гэхдээ төрлөхийн хараагүй эсвэл гэнэтийн байдлаар хараагаа алдчихаагүй. Хэзээ нэгэн цагт хараагүй болох магадлалтай л байсан.
Би 2016 он хүртэл Баянлиг сумандаа сурсан. Энгийн сургуульд сурах боломжгүй болтлоо хараа минь муудсан тул 2017 оноос Улаанбаатар хотод харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурч дүүргэсэн. Дараа нь MIU их сургуульд англи хэлний багшаар суралцаж төгссөн юм.
Би айлын том охин. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Ижий аав минь Баянлиг сумандаа насаараа малаа маллаж буй хүмүүс байдаг. Улаанбаатарт хоёр дүү нагац ахын хамтаар амьдарч байна.
-Нүднийхээ харааг бага багаар алдаж эцэст нь бүрэн хараагүй болсон гэж дээр дурдсан шүү дээ. Таны хувьд хараагаа сайжруулахын тулд эмчилгээ, хагалгаанд орж байв уу?
-2018 он. Нэгдүгээр курсийн оюутан байсан үе л дээ. Улсын нэгдүгээр эмнэлэгт Канадаас эмч нар ирж үнэгүй үзлэг хийж байгаа гэх сургаар очсон. Ингэхэд зүүн нүд бүрэн хараагүй болсон тул харааны эмчилгээ хийх боломжгүй, баруун нүдний даралт өндөр, болор цайсан байна. Болороо солиулчих юм бол гэрэл нь жаахан тодрох юм байна гэж зөвлөгөө өгсөн. Бүх зүйл хурдан болоод л өнгөрсөн. Анх үзүүлсэн өдрөөс хоёр гурван хоногийн дараа би хагалгаанд орохоор болчихсон. Болорын хагалгааны хувьд тийм ч аюултай хагалгаанд багтдаггүй. Миний хувьд онцгой тохиолдол байсан нь нүдний даралт өндөр байсан явдал байв. Олон жилийн туршид өндөр даралттай явсан учир хагалгааны үр дүнд нөлөөлөөд торлогийн ховхрол болчихсон. нүдний даралт маань өмнөх шигээ өссөн бол буцаад наалдах магадлал байсан гэхдээ хагалгааны дараа даралт хурдан ихсэхгүй. Хоёрдугаарт харахгүй байгаа учраас нүд чилэх, гялбах гэх мэт даралтад нөлөөлөх хүчин зүйлүүд багасчихсан учраас л даралт өсөөгүй.
Тухайн үед MIU дээд сургуулийн нэгдүгээр курс. Миний англи хэл хангалттай сайн байгаагүй учир хичээлдээ дарагдчихсан байсан үе л дээ. Хагалгааны дараа 14 хоног эмнэлэгтээ хэвтээд гарч ирэхдээ эмчилгээ, сувилгаа, гам барилт гэж ер яваагүй. Улирал дундын шалгалттай байсан тул хичээлээ л гүйцнэ гээд шамдсан даа.
Хагалгаанд ороод баруун нүдний минь харах гэрэл жаахан тодорчих байх гэж найдсан. Гэхдээ надаас илүүтэйгээр ээж аав минь л их хүлээлттэй байсан. Би өөрөө ээж байж үзээгүй болохоор төдийлөн сайн мэдэхгүй байж болох ч хүний эцэг эх байна гэдэг хүүхдүүдээсээ ч илүү найдлага тээдэг, ямар нэгэн зүйл нь болохгүй бол гуниглана. Тэр тусмаа өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний ээж аав байна гэдэг хүнд.
Ижий аав хоёр минь намайг бие даалгаад чөлөөтэй явуулаад байгаа юм шиг боловч бодох болгондоо л санаа нь зовж байгаа. Ажилдаа яаж явж байгаа бол гудамжаар хэрхэн явж, автобусанд хэрхэн сууж байгаа бол…, түмэнд бодолд дараатай л суудаг байх. Тэр бүр ээж аавуудын тэсэж гарахааргүй давааг ажралгүй туулж, намайг хайрлаад хамтдаа хичээж байгааг нь их хүндэлдэг.
-Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэж ярих нь бий.
-Би шашинлаг хүн биш л дээ. Гэхдээ нэг л зүйлд итгэдэг. Энэ дэлхий дээр ирж буй хүн бүхэн утга учиртай ирж байгаа. Бурхан, хувь төөргийн аль нь ч бай учир шалтгаантай л хорвоод мэндэлдэг байх. Тийм учраас би Алтангэрэлийн Лхамсүрэн болоод энэ дэлхийд ирсэн байгаа нь чадлынхаа хэрээр туулах бартааг нь даваад, сайхан зүйл байвал мэдрэх гэж л амьдарч байна.
Ганц надад биш бусдад ч ирж байдаг хүмүүсийн нийтлэг хандлага байдаг л даа. хөөрхий, яаж ингэж амьдардаг байна аа, хэцүү байдаг байхдаа гэх. Хүн ядуу байж болно, хөгжлийн бэрхшээлтэй байж болно, өнөөдөр инээж явсан ч маргааш амьдрал орвонгоороо эргэхийг үгүйсгэхгүй. Тиймээс өөрт тохиолдож буй амьдрал, хувь заяагаараа л амьдарна.
Би хараагүй болчхоод нэг л зүйл бодсон. Энгийн амьдралаар бус хардаггүй хүний ертөнцөөр амьдрах. Мөн энэ ертөнцөөр өөрийнхөөрөө туулаад явах бус бусад хүмүүст хүргэх ёстой юм байна. Яг л аялал шиг.
Хардаггүй болсноор зөвхөн өөрийнхөө ертөнцөөр амьдраагүй л дээ. Миний ээж аав хардаггүй хүүхэдтэй байх, дүү нар минь хардаггүй эгчтэй байх, найзууд минь хардаггүй найзтай, хамт ажилладаг хүмүүс нь хардаггүй хамтрагчтай байх… Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн ажиллах, юуг хийж өгөх хэрэгтэйг бас юуг өөрт нь хийж өгч чадахыг мэдэрч амьдардаг.
-“Харвард, Стэнфордын их сургууль миний багын мөрөөдөл байсан” хэмээсэн шүү дээ. Яагаад энэ сургуулиудыг мөрөөдөх болов?
-Багадаа кино үзэх дуртай байлаа. Солонгос олон ангит кино их үзнэ. Тэгэхэд Харвард, Стэнфордын их сургууль, Сөүлийн их сургууль гээд л том том сургуулиудын талаар ярина. Тухайн үед сонсчхоод ямартай ч гоё л газар байдаг юм шиг байна гээд төсөөлөөд тэр сургуульд л сурна гээд мөрөөдчихсөн. Сурагч байхад хүмүүс миний мөрөөдлийн талаар асууна. Ганцхан хариулт нь “Би Харвардад очиж сурна”.
MIU дээд сургууль ч ялгаагүй миний мөрөөдөлд байсан газар л даа. Дэргэдүүр нь эгчтэйгээ зөрж явахад “Энэ сургуульд төгссөн хүмүүс их гоё мэргэжилтнүүд болдог. Бүх хичээл нь англи хэлээр ордог” гээд ярьж байсан. Өөрөө хараа муутай байсан болохоор хараагүй ч тухайн үед би энэ сургуульд л сурах юм байна гээд бодчихсон. Тэгж явсаар нэг л мэдэхэд энэ сургуулийг төгсчихсөн байна.
Стэнфордын их сургуульд тэнцэх явдал ингэж эхэлсэн л дээ.
Би өөрийгөө төсөөлөл мөрөөдөл хоёроороо тэжээж явдаг гэж боддог оо. Ноднин жил нэг орой хоолоо хийгээд сууж байхдаа “хараагүй хүн хэрхэн хоол хийдэг талаар влог хийвэл” хүмүүс сонирхож хүлээж авна байхдаа гэж бодож суухдаа гэнэт толгойд багын мөрөөдөл зурсхийсэн. Нээрээ би чинь Харвардад сурах мөрөөдөлтэй байсан шүү дээ, тэр мөрөөдлөө яагаад болих болов гэж санагдсан. Тэгээд л залуу байгаа дээрээ нэг удаа оролдоод үзье гэж бодоод материалаа илгээсэн. Үүний өмнө олон ч хүүхэд надад хандаж илтгэл, захидлаа засуулж, зөвлөгөө авч байсан л даа. Тэдний олонх нь Харвардад сурах мөрөөдөлтэй, оччихсон байгаагаар захидлаа бичсэн байсан. Тэдний хэд нь зорилгоо биелүүлсэн бол хэд нь надтай ижил санхүүгийн бэрхшээл тулгараад явж чадахгүй байгаа бол гэж бодогдсон.
Тэгээд л багынхаа мөрөөдлийг мөрөөдөл хэвээр нь мартаад орхих биш “биелэхгүй байсан ч нэг алхам хийгээд үзчихсэн юм чинь” гэх дэврүүд бодол тээгээд явъя гээд оролдлого хийсэн.
Тэнцэнэ гэж ерөөс бодоогүй. Тэнцсэн гэх хариуг авчхаад “юу болоод байна аа” л гэж болдсон. Бүгдийн мөрөөдөл байсан сургуульд тэнцсэн мэдрэмж үгээр илэрхийлэмгүй байсан ч хоёрдугаар асуудал болох санхүүгийн бэрхшээл тулгарсан. Цаг хугацааны хувьд тулчихсан байсан тул АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг олдохгүй, хоёр жил биш нэг жилийн хөтөлбөр учраас жил алдах байсан. Иймэрхүү цаг хугацааны зөрчилдөөнөөс тэтгэлэг олдохгүй, бууж өгмөөр санагдаж “Тэнцээд үзсэн нь хангалттай” гээд бодоод явж байсан. Гэхдээ тэр бодлоо үлдээгээд бууж өгөхгүйгээр шийдэж, боломж эрэлхийлж яваа минь энэ.
Стэнфордын их сургуульд тэнцсэн мэдээ битүүний өдөр л ирсэн юм билээ. Тухайн өдөр бүгдээрээ завгүй, ажил ихтэй байдаг шүү дээ. Тэгээд сургуулиасаа ирсэн захидлыг нээж хараагүй өнгөрөөчихсөн.
Шинийн нэгний өглөө эмээгийндээ очиж золгоно гээд гэрийнхэн бужигнаж байх хойгуур утсанд ирсэн мэдэгдлүүдээ шалгаж суутал Стэнфордын их сургуулиас зурвас ирсэн байсан. Би ч дотроо “Баярлалаа, та тэнцсэнгүй л гэх байх” хэмээн бодоод “Юутай ч нээгээд үзье, тэнцээгүй гэсэн хариу байвал яах вэ дээ, айлуудаар золгоод явж байтал мартагдах байлгүй” гээд зурвасыг нээсэн.
“Баяр хүргэе” гээд л зурвас эхэлсэн. Нэг их найдахгүй байсан болохоор минут орчим гацалтад орсон. Ирсэн зурвасыг дээш доош гүйлгэн дахин дахин сонсоод л. Бүр захирлын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн болж таарсан. Хэсэг зуур шокны байдалтай сууснаа гэтэл уйлчихсан. Намайг уйлаад эхлэнгүүт гарах гэж яарч байсан гэрийнхэндээ “Би тэнцчихжээ” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй уйлаад л байсан. Үүнийг сонсоод манай дүү шууд ойлгоод “Стэнфордод тэнцчихсэн юм уу” гэж асуухад нь ярьж чадахгүй, толгой л дохисон.
Гэрийнхэн хийгээд золгож очсон хамаатан садандаа хэл дуулгаад л шинийн нэгний өдөр яг л нисээд байгаа юм шиг өнгөрсөн.
-Хэдийн Стэнфордын их сургуулийн тэтгэлэг авсан ч санхүүгийн бэрхшээлээс үүдэж боломжоо бүрэн ашиглаж чадах эсэхдээ эргэлзэж байгаа тухайгаа ярьж байсан шүү дээ. Нэг жилийн магистрын хөтөлбөрт сурахад одоогоор хэдэн төгрөг шаардлагатай гэх тооцоолол гарсан бэ?
-Нэг жилийн хөтөлбөрийн зөвхөн сургалтын төлбөр 62,000 доллар. Үүнээс бараг 50 хувь буюу 30,000 долларыг хөнгөлүүлсэн.
Ингээд үлдсэн 32,000 доллар дээр амьдрах байрны түрээс, хоол унд, даатгал гээд цаанаасаа гаргасан зардлын жагсаалтаас харахад нийт 90,000 доллар. Миний хувьд харааны бэрхшээлтэй учир сурахад шаардлагатай компьютер, программ хангамжууд гэх зүйлс нэмэгдээд ойролцоогоор 100,000 доллар буюу Монгол мөнгөөр 350 сая төгрөгийн хэрэгцээ үүссэн.
Эхний ээлжид олон нийтээсээ намайг дэмжээрэй гээд хандивын аян эхлүүлсэн. Дан ганц хандиваар бус өөрийнхөө хийж чадах зүйлээр энэ өртгийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь хүүхдүүдийг англи хэлний шалгалтад бэлдэх, гадаадын сургуулиудад илгээх захидал, илтгэлд нь туслах гэх мэт сургалтууд орох уу гэх талаар судлаад, ярилцаад явж байгаа.
-Хүний амьдрал уйлмаар, орилмоор, бууж өгмөөр үе цөөнгүй. Таны хувьд зорилгодоо үнэнчээр шүд зуусаар энд ирсэн шүү дээ. Бууж өгмөөр санагдсан үе байсан уу, хэрхэн давж гарсан бэ?
-2014 он. Есдүгээр ангид байсан үе. Сургуулиас гарна гээд хөдөө гэртээ нэг хэсэг л байсан.
Би нэг, хоёрдугаар ангидаа сургуульд яваагүй. Хараа муутай учир сургууль хэцүү байх гээд ээж аав минь гэрээр хичээл зааж өгсөн. Төд удалгүй дүү нэгдүгээр ангид элсэн суралцах болж би дагаад догдолчихсон. Би ч гэсэн сурмаар байна гээд сургуульд орсон. Гэхдээ тэр үед дүүтэй минь хөтлүүлээд нэгдүгээр ангид өгөөгүйд нь үнэхээр их баярладаг. Хэрэв тэгсэн бол одоо бакалавраа ч төгсөөгүй явах байлаа.
Гуравдугаар ангид оров оо. Муу сурна, хоёр гурван нүүр дамнасан цээж бичиг бүгд алдаатай. Уйлна, гуниглана. Гэхдээ тэр үе нэг их хэцүү санагддаггүй. Тийм байсан учраас, тэр үеийг давсны ачаар сайн сурч, сургуулийнхаа шилдгээр хүртэл шалгарсан.
Тэгээд л хичээлдээ сайн болоод мэрийлттэй сураад явж байтал нэг л намар хараа минь бүр муудаж уншиж, бичиж чадахаа больчихсон. Бодож, бодож хардаг л байвал учир нь олдоно гээд сургуулиасаа гарахаар шийдсэн. Тэр үед бас нэгэн баярламаар зүйл нь ээж аав минь сургуулиас бүрмөсөн гаргахгүйгээр учир шалтгааныг минь хэлээд сургуулиас чөлөө авсан нь.
Тэр гурван сарын хугацаа зургаан сар болон уртсаж хөдөө гэртээ байхдаа би боловсрол, нийгмийн харилцаа хоёр хүний амьдрал ямар чухал болохыг олж таньсан. Ер 14 настай хэр нь ганцаардал, сэтгэл гутрал гэгчийг утгаар нь мэдэрсэн. Нар жаргаж, сар мандмагц гэрээс гарна, саранд хамаг байдлаа ярьж тайвширна. Одоо бодоход галзуу ч юм шиг, тэр үеэ өрөвддөг.
Би тэр үед саранд дуртай байсан. Оддыг харж чадахгүй болтол хараа муудчихсан, нар хэт хурц тул гялбаад мөн л харахгүй. Иймд надад тохирсон ганц өнцөг бол сар байлаа.
Манай сумын сургуулийн багш нарын тухайн үеийн хандлага, мэдрэмж, хичээл зүтгэлийг илэрхийлэх сайн үг үнэхээр олдохгүй байна. Тухайн үед тэгш хамруулах бодлого хэрэгжиж эхлээгүй. Гэтэл миний хараа маш муудсан ч багш нарынхаа ачаар хоёр жил сурч чадсан. Найзууд, гэр бүлийнхэн ном уншиж өгнө. Багш нар “миний охин ойлгосноо яриад дүнгээ авчих” гэнэ. Математикийн багш л гэхэд том цаас дэлгэц тавиад тодоор зурж, тайлбарлана. Олон хүний хичээл зүтгэлийн ач энд яваа.
Хэрэв намайг цааш нь түлхээд “Эрүүл мэндээ бод, баяртай” гээд хаалгаа хаасан бол одоо хаана байх байснаа төсөөлөхийг ч хүсэхгүй байна.
-Яагаад багш мэргэжлийг сонгох болов?
-Багш мэргэжлийг сонгоход маш олон зүйл нөлөөлсөн. Хүмүүс ярьдаг шүү дээ хүүхэд том болоод ямар хүн болох нь тоглож байгаа тоглоомоос нь харагддаг гээд л. Тэр үлгэрээр л хоёр дүүгээ өмнөө суулгачхаад өөрөө багш болж хичээл зааж тоглодог байлаа.
Хэдийгээр багш мэргэжил сонголтуудын минь нэг байсан хэдий ч үнэндээ хуульч, прокурор л болохыг хүсдэг байсан. Гэтэл ЭЕШ-даа математикаар шалгалт өгч байж хуулийн сургуульд элсэх боломжтой. Бралиар математикийн шалгалт өгөх хэцүү шүү дээ. Тийм учраас англи хэлэнд сонирхолтой учраас хэлээрээ дагнаад багш болъё гээд сэтгэл шулуудсан. Сумын сургуулийн англи хэлний багш хичээлээ маш сонирхолтой заадаг байсан нь миний англи хэл сурах сонирхлыг асааж өгсөн гэж боддог.
-Ном унших дуртай гэсэн шүү дээ. Одоогоор уншсан дуусгасан номоо тоолж үзсэн үү?
-Миний уншсан ном зуу хол давсан байх. Сүүлийн үед англи хэл дээр интернэт зохиол уншдаг болоод байгаа. Унших дуртай номын төрөл хүртэл өөрчлөгдсөн байна лээ. Өөртөө ном унших цагийг заавал гаргана. Гэртээ, автобусанд явж байхдаа ч уншина. Гэхдээ багадаа уншдаг байсан уран зохиолын номоос чанар төрлийн хувьд өөрчлөгдсөн л дөө.
Хараагүй хүмүүсийн хувьд ихэвчлэн сонсоно. Гэхдээ номыг нүдээрээ харж унших мэдрэмжтэй харьцуулах аргагүй л байдаг л даа. Өмнө нь хардаг байхдаа уншиж байсан номууд маш тод санагддаг. Хавтасны өнгө, зураг, цагаан дээр хараар бичигдсэн өгүүлбэрүүд…
-Хардаг байхдаа уншсан номууд сэтгэлд үлдчихсэн гэж дурдлаа шүү дээ. Хамгийн эхэнд төсөөлөгдөж буй номынхоо талаар хуваалцахгүй юу?
Таныг ингэж асуухад хамгийн түрүүнд харагдаж буй ном бол Шүүдэрцэцэг зохиолчийн Сэтгэлийн анир өгүүллэгүүдийн түүвэр. Урд хавтастаа өөрийнх нь зураг байх ба нэрийг нь томоор биччихсэн байсан. Харин арын нүүрэнд сэтгэлийн чимээ гээд биччихсэн, жижигхэн цагаан шувуунууд нисэж байх ба тэр шувуудыг холбоод харахад хүний дүрс үүсгэдэг. Мөн Хонгорзул зохиолчийн Гэрэлт сарнай гэх ном. Урд нүүрэндээ маш гоё сарнайн зураг байдаг байсан л даа. Түүний зургийг дарж аваад утасныхаа дэлгэцэд тавьдаг байлаа. Эргээд бодоход номын харагдах байдалд ихээр татагддаг байсан бололтой.
-Таныг мянга гаруй шавьтай гэж дуулсан. Хэзээнээс багшилж эхлэв?
-Би оюутан байхаасаа л англи хэл зааж эхэлсэн. Олон зүйлд сонирхолтой, оролдож үзэх хүсэлтэй болохоор “Англи хэл зааж өгье хариуд нь Хятад, Солонгос хэл заалгая” гэдэг байсан. Мөн сарын сургалтаа 120 мянгаар заана. Одоогийнхтой харьцуулахад бага мөнгө боловч мөнгөний хэрэгцээ байнга гарч байдаг оюутан надад тун ч хэрэгтэй байлаа.
Харин 2021 онд Talk Talk english-д дадлагажигч багшаар орж жилийн дараа жинхлэгдэж, одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд бага балчраас 70, 80 настай ахмад хүртэл бүхий л түвшний хүмүүст хичээл зааж байсан. Дийлэнхдээ хардаг хүмүүст. Саяхнаас байгууллагатайгаа хамтран төсөл хэрэгжүүлээд хардаггүй хүүхдүүдэд англи хэл зааж эхэлсэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд заах хэрэгцээ тэр бүр хүмүүст олдохгүй, тусгай сургуулиудад ороод заах боломжтой болохоос энгийн сургуульд энэ туршлагыг олж авах боломж төдийлөн хязгаарлагдмал. Энэ боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан.
Одоогоор шавь нарын тоо мянга давсан. Үүнд насны бүлэг, боловсрол, нийгмийн гарал харилцан адилгүй. Хараагүй хүүхдүүддээ өөрийнхөө туршлагаасаа ярина, зөвлөнө. Ямар программ хэрэглэх талаар нь хичээлээс бусад үеэр ч ярилцана. Харин хардаг хүүхдүүддээ дан ганц англи хэлийг заагаад өнгөрөх биш бид хамтдаа нэг хамт олон болоод явж байгаа нь маш гоё харилцаа үүсэж байгааг хэлэхийг хүсдэг. Жишээлбэл би самбар ашиглаж чадахгүй учир хүүхдүүдээ хоёр гурваар нь баг болгоод даалгавар өгч, хариуг нь самбарт бичүүлэх байдлаар ажиллана. Чадахгүйгээ нөхөх байдлаар гэсэн үг.
Тэд ирээдүйд ямар нэгэн байгууллагад ажиллахдаа хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цааш түлхэхгүй, хамтарч ажиллаж болдог гэдгийг одоогоос ойлгож байгаа гэж найддаг.
-Багш байхын сайхныг үгээр илэрхийлбэл?
-Оюутан байхаасаа хойш багшилсан гэхээр долоон жил өнгөрч. Олон шавь нартайгаа холбоотой хэвээр. Хамгийн сайхан санагдсан нь өнгөрсөн шинэ жил болоод мартын 8-ны баяр байв. Мэнд хүргэсэн мэдэгдлүүдийн дийлэнх нь шавь нараас байсан л даа. Өөрөө бусдад мэнд хүргэдэг хүн байсан бол эргээд намайг гэх, намайг сайхан баярлаасай гэж хүсэх олон шавьтай болсон минь сайхан байлаа.
-“Аав ээж минь намайг гудамж, автобус, ажилдаа хэрхэн явж байгаа бол гэж байнга санаа нь зовнидог байх” хэмээн дээр дурдсан шүү дээ. Шуудхан хэлэхэд манай нийслэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй хот биш санагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүртээмжтэй байдал, дэд бүтцийн талаар ярих юм бол мэдээж хүртээмгүй, хэцүү…
Монгол хүний онцлог ч гэх юм уу сайн дасан зохицоод амьдарч байна. Хүмүүс их тусална. Хамгийн анх оюутан болоод таяг бариад гадуур явж байхдаа ичдэг байсан. Явж байгаад санаандгүй шон мөргөчихвөл, “хүн хараагүй байгаасай” гэж боддог байсан бол одоо санаа зовохоо больсон. Орчинтойгоо илүү дасан зохицоод явж байхад самбар гараад ирдэг шүү, энд гэрлийн шон байгаа шүү гэх мэт тоглоомоор бол хүнд үе дээр байнга тоглосоор байгаад дасчихсан гэж хэлж болохоор.
Гэхдээ нэг үеэ бодоход сайжирч байгаа санагддаг ч бүрэн боловсроогүй л байна. Жишээ нь автобусны апп утсандаа суулгаад автобус ирж байгаа эсэхийг мэддэг болсон байна. Тэгтэл яг автобусны буудал дээрээ гарч ирээд зогсох үед гурван автобус зэрэг ирлээ гэж бодоход аль нь миний автобус болохыг ялгах аргагүй. Тийм учраас ирэхдээ чиглэлээ зарладаг байх гэх мэт илүү боловсронгуй болох дээрээ л анхаарах шаардлагатай санагддаг.
-Хөгжлийн бэрхшээлгүй, нийгмийн байдал тогтвортой хэр нь сурахгүй, хөгжихгүй байгаа хүмүүс олон нийтийн дунд их байгаа харагддаг. Таны хувьд тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Олон нийтийн боловсролын чанар муу байгаад үнэхээр их харамсдаг. Маш олон асуудлуудын талаар бид ам уралдан ярьдаг шүү дээ. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт гээд л . Гэтэл тэр бүгдийн цаана боловсролын асуудал ханхалж байдаг.
-Бага насныхаа мөрөөдлийг бараг л биелүүлчихсэн байна гэж харлаа. Одоогоор тээж яваа хамгийн том мөрөөдөл нь юу вэ?
-Хамгийн том мөрөөдөл бол нууц. Одоогоор таны хэлсэнчлэн Стэнфордын их сургуульдаа сураад судлаач, зөвлөх мэргэжилтэн болоод төгсмөөр байна. Мэдээж олон судлаачид бий, гэхдээ А.Лхамсүрэн гэх хүн энэ мэргэжлээр төгсөөд юуг өөрчилж болохыг харуулмаар байна. Одоогийн яригдаад буй тэгш хамруулах, тусгай боловсролын салбарт яг над шиг өөрийн биеэрээ бүх асуудалтай нүүр тулгараад, үзээд туулаад ирсэн хүн ховор. Энэ талбарт бидний саналыг сонсох, судалгаа авах ажлуудыг зохион байгуулж байгаа ч учир дутагдалтай. Яг энэ асуудалд шийдэл хайх, илүү сайн, боловсронгуй болоход бидний төлөөлөл баг дотор ажиллах шаардлага үүсэж байгаа юм.
Иймд судлаачдаараа алдартай Стэнфордын их сургуульд сурч ирээд өөрийнхөө хэргийг бүтээмээр байна. Шууд төгсөж ирээд Монголдоо ажиллаж чадахгүй байлаа гэхэд олон улсын байгууллагад томоохон судалгаан гар бие оролцмоор байна. Магадгүй миний энэ хорвоод төрсөн шалтгаан энэ байж болох юм.
-Гэр бүл зохиох, ээж болох тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Би ээж болохыг маш их хүсдэг. Гэхдээ гэр бүл төлөвлөлтөөс урьтаж үнэхээр сайн аав байж чадах хүнтэй учирсан цагт л хүүхэдтэй болно гэж боддог. Магадгүй би сайн ээж байхыг хичээсэн ч аав байгаа хүн нь хангалттай биш байх юм бол хүүхдэдээ өөрийн хүссэн гоё гэр бүлийн амьдралыг, аз жаргалыг өгч чадахгүй болно шүү дээ.
Ээж болоод хүүхдэдээ хийж өгөх зүйл байгаа. Энэ нь төрөхөөс нь өмнө хийгдэх зүйл л дээ. Би шүлэг, өгүүллэг бичиж, унших дуртай. Тийм учраас өөрийнхөө хоолойгоор гоё үлгэрүүдийг уншиж ая оруулаад хүүхдээ гэдсэнд байх үеэс нь уншиж өгөх сөн гэж. Үүнээс гадна хүүхэдтэйгээ маш сайн ярилцдаг ээж л болно гэж бодож байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэд Залуусын Төлөө Амь Нэгдэлийн талаар ярихгүй юу?
-Бид хараагүй хүмүүст зориулсан олон төрлийн сургалтыг зохион байгуулдаг. Онцолбол хардаггүй хүн ЭЕШ-д ороход ямар бэрхшээл тулгардаг талаар ярилцаж, сургуульд орох хүртэл нь бэлтгэх ажлыг хийдэг.
Өөрийгөө товч бөгөөд тодорхой тайлбарлавал, боловсролын салбарт орж ирсэн аялалд минь олон зүйлс багтсан байдаг. Орон нутгийн сурагч, гэр бүлээсээ анхдагч байдлаар их сургуульд боловсрол эзэмшсэн гэх мэт. Гэр бүлээсээ анхдагч байдлаар их сургуулийн боловсрол эзэмшихэд маш олон бэрхшээлтэй шинээр танилцах, анхлан нүүр тулах шаардлага үүссэн. Хичээл сонголт, хавар намрын улирал ачааллаа хэрхэн зохицуулах вэ гэх мэт их сургуулийн талаарх ямар ч мэдлэггүй байсан. Үүн дээр харааны бэрхшээлтэй гэх онцлог минь нэмэгдээд улам хэцүү болгосон. Дээрх туршлагууд дээрээ тулгуурлаад өөрийн мэдсэн, мэдэрсэн зүйлсээ төрийн бус байгууллагадаа ч багтаагаад явж байна.
