ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Хардах эрхээр далимдуулж гүтгэх эрхтэй гэж бүү эндүүр
ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэж нэр бүхий сэтгүүлчид мэдээлсэн юм. Тэгвэл уг асуудалд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийлж өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ.
-Тавилттай гүтгэлэгт баримттай няцаалт хийнэ. Ээлжит захиалгат гүтгэлэг эхэлжээ.
Мөнөөх л зурагдсан пянз шиг улиг болон хашхирдаг тендер, концесс, Хөгжлийн банк гэсэн муухан найруулсан жүжгийн зохиолын нооргоо захиалгаар хөдөлдөг хэдэн нөхдийн гарт бариулж нийгмийн тайзан дээр тавих гэж оролдон аргаа барж буй бололтой. Ноднин 6 сард анх нүүрсний хулгайг ил гаргаж тавьсан, Зам Тээврийн Хөгжлийн сайд болсон цагаасаа хойш төмөр зам тойрсон хулгай, хил боомт, авто замын тендерүүд, Дарханы замд нүүрлэсэн авлига хулгайг зоригтой илчилсний хариу реакци бололтой. Ингэлээ гээд би шантрахгүй, няцахгүй. горьдсоны гарз шүү гэдгийг цаад эздэд нь хэлчихье.
Ингэх бүрт та нарын булхай луйвар, бугшсан хулгайг нь улам ил гаргана. Ингэх бүрт дахиад ч янз бүрийн дайралтууд ирэх байх. Тэсээд, тэсрээд ард нь гарна. Засгийн газрынхаа Шинэ Сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ, салбартаа шударга ёс тогтооно. Угаасаа ингэж гүтгэх, дайрах, худал мэдээллээр бөмбөгдөх бүрд өөрөө хүсэлтээ өгч удаа дараа АТГ, Прокурор, цагдаад шалгуулж үнэн зөвөө тогтоолгосоор ирсэн юм.
Энэ удаад ч энэ мэт ор үндэслэлгүй худал гүтгэлгийг баримтаар няцаана. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэрээ цэвэрлэнэ, гүтгэсэн нөхөдтэй хуулийн хэлээр ярих болно.
Хардах эрхтэй байж болно, харин түүгээр далимдуулж гүтгэх эрхтэй гэж бүү эндүүр. Захиалагчийнхаа бичсэн зохион бичлэгийг баримт хэмээн гөрдөж, олон түмнийг сохор гэж битгий андуур гэжээ.