Хангайн бүсийг уламжлалт мал ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлнэ

Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.04.14/ Архангай аймгийн “АРА арена” цогцолборт зохион байгуулагдаж байна. Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан даргалж байна. Мөн тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙН ТӨРӨЛЖСӨН, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД БҮС” болгон хөгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын нийт хүн амын 8.4 хувь нь хангайн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна.
Хангайн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
· Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
· Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
· Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
· Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
· Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
· Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
· Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
· Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Хангайн бүсийн хөгжлийн төлөвлөгөө, Хангайн бүсийн тэргүүлэх төслүүд, Хангайн бүсийн зөвлөл, засаглал, эрх зүйн орчин, Бүсийн онцлог, тэргүүлэх чиглэл, Амьдралын чанар, тулгамдсан асуудал зэрэг олон талт асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргаад байна.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй төлөөлөгчид оролцож байна.