Л.Гантөмөр: Хоёр орны харилцаан дээр улстөржөөд байх шаардлагагүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас УИХ-д энэхүү түр худалдааны хэлэлцээрийг өргөн мэдүүлээд байгаа юм.
Хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүд энэхүү хэлэлцээрийн төсөлд болгоомжтой хандах ёстойг сануулж, тооцоо судалгааг нарийвчлан оруулж ирэх шаардлагатай хэмээн үзэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Хэлэлцээрт бэлэн эсэх дээр эргэлзээтэй байгаа. Өнгөрсөн жил гурилын импортын татварыг байхгүй болгоод 11 гурилын үйлдвэрээс 7 нь дампуурсан. Одоо дөрөв л үлдсэн. Киргизстан Евразийн хэлэлцээрт нэгдэн орсон орны нэг. Ямар байдал үүссэн бэ гэхээр нийт гадаад худалдааных нь 60 хувь ганзгаар явдаг, томоохон бизнес нь Орос эзэнтэй. Худалдаа гэдэг маань хоорондын мөнгөний өрсөлдөөн болдог гэсэн үг. Манай аж ахуй нэгжүүд тийм хэмжээний мөнгөтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Бид нар соёлтойгоор судалгаагаа хийгээд хойшлуулах нь зөв. Өөр гарц байхгүй.
Оросоос импортолж байгаа хэмжээ хоёроос гурав дахин ихэснэ, манай экспорт 10 хувиар л нэмэгдэнэ.
Та нар мах экспортолно гээд байх юм. Одоо бид Хятад руу мах экспортолж дийлэхгүй л байна. Дотоодод махны үнэ нэмэгдлээ гээд экспортоо хаачихдаг. Манайх бэлэн биш байна. Казахстан, Киргизстаныг хар бүгдээрээ яаж энэ хэлэлцээрээс гарах вэ гэдэг асуудал явж байна. Энэ дээр болгоомжтой хандсан нь дээр байх аа.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Болгоомжлолыг олон хүн хэлж байгаа. Болгоомжлолыг ярихаас өмнө хэлэлцээр хийе гэдэг санал гаргаад удаж байгаа юм билээ.
Яагаад бид хойд талдаа түр хэлэлцээр хийх санал гаргасан бэ гэхээр худалдааны 90 гаруй хувь нь урд талдаа байна. Тэнцвэрээ хангая гэдэг санал гаргасан юм билээ.
Хэлэлцээрийг Евроази зөвшөөрөхгүй их удсан. Д.Энхтүвшин гишүүний хэлж байгаагаар маш олон орны ард байсан. Хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээр эхлүүлье гэдэг шийдэлд хүрсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Үр өгөөжийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг босгож ирье гэвэл энэ хэлэлцээр маш ашигтай. Хангай бүсэд сая очлоо. Хангайн бүсийн хөдөө аж ахуйн салбар нь ДНБ -ийн 50 хувь байна. Энэ хүмүүсийн орлого нэмэгдэх боломж гарна.
Арьс шир, ноос ноолуурын үнэ уначихаар малчид орлогогүй болчихоод байна. Тийм учраас энийг гаргадаг зах зээл байна уу гэж хараад Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг эхлүүлсэн.
Бид Евразийн холбоонд элсэхгүй, хэлэлцээр түр хийгдэнэ. Бид ажиглагч орноор ч элсэхгүй.
Евразийн холбоонд элсэх гээд байна гэж санаа зовох хэрэггүй. Худалдааны дайн ямар хор хөнөөл учруулахыг тааварлах боломжгүй байна. Бид нараас хол хөндий юм шиг харж байгаад маш том хохирол амсана шүү гэдэг дохио хаа сайгүй ирж байна. Худалдааны дайны үед зах зээл олж авах нь амин чухал байгаа шүү. Монголд үйлдвэрлэж байгаа бэлэн бараа буюу хүнсний бүтээгдэхүүн дээр тарифын хөнгөлөлт оруулаагүй. Гурил хэлэлцээрт байхгүй. Гурилын тарифыг тэглэдэг нь манай санаачлага. Эцсийн бүтээгдэхүүний төвшинд орохгүй байгаа. Улаанбуудай, хүнсний ногоо, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хамгаалсан.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Ямар ч эрсдэлгүй гэж ярьж болохгүй шүү. Та өөрийнхөө гараар эдийн засгийнхаа гол салбарыг нухчин дарах гэж байна. Манай эдийн засгийн өсөлт хэдэн хувиар нэмэгдэх юм, экспорт хэдэн хувиар нэмэгдэх юм, хангалтгүй байна. Хийсэн судалгааг бүгдийг харсан.
Тарифын асуудлаас гадна тарифын бус саад тотгор нь тэрнээсээ хамаагүй их байна. Манайх руу чөлөөтэй ороод бид зөрүүлээд юу ч гаргах боломжгүй тийм хэлэлцээр байна.
Хүнсний хувьсгал хийгээд явж байн, ямар үр дүнтэй гарсан юм. Тэрийгээ үрэн таран хийх гэж байгаа юм уу.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-УИХ -ын гишүүдийн хэлж байгаа, бодож байгааг ойлгож байгаа. Өнгөрсөн парламентад байсан гишүүд өнөөдөр айхтар ухаантай дуугараад байх хэр зохистой вэ. Хэлэлцээр эхлэхэд та бүхэн дуу хоолойгоо өргөж байх ёстой. Хэлэлцээрийг эхлээд тэглээд байж байхад тодорхой барааг хамгаалж үлдэж байгаа. Хоёр орны харилцаан дээр айхтар улстөржөөд байх шаардлага байхгүй.
Бид нар хоёр хөршийнхөө аль нэг талыг барьж амьдардаг хүмүүстэй. Тэр хүмүүсийн нөлөөг төрийн бодлогод оруулж ирж болохгүй.
Хамгийн ойрхон хамгийн бололцоотой зах зээл хойд талд байна. Энэ зах зээл рүү бид дайрах хэрэгтэй. Нэхмэл бүтээгдэхүүн, ноос ноолуур гаргах боломжтой.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Тарифын дайн явж байгаа үед энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой, сайн ярилцая гэж гишүүдийн хэлж байгаа нь зөв. Бид нэг эдийн засгаас хараат байгаа, Экспортын орлогын 98 хувь нь нэгхэн эдийн засгийн хамааралтай. Түүнээсээганцхан бүтээгдэхүүн буюу 70 хувь нүүрс. 15 тэрбумын 9 тэрбум доллар нь ганцхан нүүрс. Нүүрсний үнэ унавал яах вэ. Төсвөө бид гурав дахин нэмсэн. Төсвийн орлого байхгүй болно. Юугаараа төрийн байгууллагынхны цалин тавьж, юугаар тэтгэврээ тавих вэ. Нэг эдийн засгаас хамааралтай байна гэдгийн аюул энэ.
Нүүрсний үнэ унавал бид ангал руу унана. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шавхаад нэгхэн тэрбум ам доллар. Цаана нь алт зэс хоёр гурван тэрбум ам.доллар. Нүүрсний үнэ унавал бид Аргентин болно.
Дан ганц нэг л хүнтэй харилцаад байна гэдэг осолтой.
Хараат байна гэдгийг бодолцож явах ёстой. Олон найз нөхөдтэй болохыг хүсэхгүй. Нүүрсний үнэ эдийн засгийн нэгдлийн хамаарлыг бодож явахгүй бол болохгүй. Бид хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар хэдэн төгрөг олж чадна. Өөр юмаар олж чадахгүй. Тийм учраас энэ том зах зээл рүү хөдөө аж ахуйгаар орох боломж байгаа бол энэ чинь ер нь манай хөршүүд шүү дээ. Хөрш орнуудтайгаа яах вэ гэдгээ сайн бодох ёстой.
Хөршүүд биднийг импортын татвараар хаачихаад байгаа. Энийгээ тэглээч гээд бид гуйж байсан. Тэгэхээр гишүүдийн тооцоо судалгаа дутуу байна гээд байгаатай санал нэг байна.
Энэ дээрээ ашигтай, энэ дээрээ ашиггүй гэдгээ тодорхой болгоод ороод ир. 11 тэрбум ам.доллараас авах гэж байна гэхээр бүдэг бадаг байна. Манайтай ижил хүн амтай хөдөө аж ахуй орон Уругвай сүүгээрээ 700 сая ам.доллар, ноосоороо 250 сая ам. доллар олно. Манайх энэ хоёроор юу ч олохгүй. Энийг авах газар хаана вэ гэдгийг бид бодох ёстой. Ноос ноолуур хаана шингэх вэ. Хөрш орнуудаа давуулаад явуулна гэвэл яах вэ дээ. Тэгэхээр бид энэ асуудал дээрээ нухацтай байх нь зөв. Төрдөө итгэхгүй өөр хэнд итгэх юм бэ. Эдийн засаг хөгжлийн яам буруу гэж болохгүй. Бүх компанийн төлөөллийг оруулж ирж чадахгүй, тэгэхээр Худаа аж үйлдвэрийн танхимд итгэхээс өөр яах юм. Хөдөө аж ахуйн яам хөдөө аж ахуйн чиглэлээр гарч байгаа боломжууд дээрээ тооцоо гаргаад яривал яасан юм бэ. Буудай тариа, өндөг гээд лобби байх шиг байна.
Нэг эдийн засгийн хараат байж болохгүй шүү. Нэг хэсэг нь хамтарчихая гэж байхад нь хөөж явуулчихаад дараа нь ганцхан найзтай сууж болохгүй шүү.
Эцэст нь энэхүү хэлэлцээрийн төслийн судалгааг лавшруулж хийх ёстой гэсэн үндэслэлээр хойшлууллаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хувьд энэхүү түр хэлэлцээрийн талаарх зөвшилцөх саналаа УИХ-ын Эдийн асгийн байнгын хороонд хүргүүлэх ёстой байсан юм.
Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсан ч судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулаад байна.