АВТОМАШИНЫ ИХ БИЕИЙН ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ СТАНДАРТЧИЛСНААР ИРГЭД ХУУРЧ МЭХЛЭГДЭХ, БУРУУ СОНГОЛТ ХИЙХЭЭС ХАМГААЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Манай улсад автотээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээ эрхлэгч 200 орчим иргэн, хуулийн этгээд үзүүлдэг гэсэн судалгаа бий.
Автотээврийн хэрэгслийн их биеийн эвдэрсэн хэсэгт засвар, үйлчилгээ хийхдээ зориулалтын ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, стандартын шаардлага хангасан материал ашиглан тогтоосон тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж эд анги, деталийн онцлогт нийцүүлсэн технологи аргачлалын дагуу анхны төлөв байдлаар нь аюулгүй сэргээх шаардлагатай байдаг.
Монгол улсын хувьд тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд дээрх харилцааг зохицуулсан бодлого, тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөх стандартчиллын баримт бичиг, зохицуулалт хангалтгүй байсан.
Тиймээс дээрх харилцааг зохицуулах зорилгоор тос, тосолгооны болон ашиглалтын материалаар автотээврийн хэрэгслийг цэнэглэх үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон MNS 6970 дугаартай, Автотээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээ. Ерөнхий шаардлага нэртэй стандартыг 2022 онд батлан мөрдөж байгаа юм байна.
Автотээврийн хэрэгслийн их биеийн засварын үйлчилгээг стандартчилснаар ажил үйлчилгээ эрхлэгч байгууллага иргэн болон хяналтын байгууллага хоорондын харилцаа ойлгомжтой болохоос гадна автотээврийн хэрэгсэл худалдан авах иргэд хуурч мэхлэгдэх, буруу сонголт хийхээс хамгаалах ач холбогдолтой.
Өнөөдөр автомашин гангараа биш хэрэглээ болсон бөгөөд бараг айл болгон тээврийн хэрэгсэлтэй байна. Тэгвэл автомашин эзэмшиж замын хөдөлгөөнд оролцогч та төмөр хүлгээ их биеийн засвар үйлчилгээнд оруулах бол ямар шаардлага тавих ёстойгоо өөрсдөө ч мэддэг байхад илүүдэхгүй.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандарттай www.estandard.gov.mn цахим хуудаснаас харж танилцаж болно.