Ж. Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юм гэхэд татвараас нь хөнгөл

ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах хуулийн төсөл санаачилж байгаа талаараа УИХ-ын
гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ.
Иргэн Р. Шинэгэрэлийн санаачилсан ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай өргөдөлд 100 мянган хүн
цахимаар гарын үсэг зуржээ.
Тэрбээр
“Татварын дарамт маш их байгааг иргэд хэлдэг. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй байхад
нэмж өндөр татвар авах ёсгүй.
Монгол Улс Монголчуудаас, Монгол хүнээс бүрдэнэ. Иргэдийн орлого бага ч гэсэн нэмэгдэж байж
бид улсын хөгжил ярина. Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөлөх ёстой. Есөн
хувийн мөнгийг нь өөрсдөд нь үлдээгээсэй гэж хүсэж байгаа юм.
Жишээ нь хоёр сая төгрөгийн цалинтай хүн 9 хувиа төрд хураалгахгүйгээр авч үлдэх юм бол 180
мянган төгрөг үлдэнэ. Энэ үлдэж байгаа 180 мянган төгрөг бол иргэдэд үнэхээр бодит орлого болж
үлдэнэ. Ядаж шуудай гурил, уут будаагаа ав гэсэн зорилготой байгаа юм.
180 мянган төгрөг бол төрөөс төрсөн тэрбумтангуудад юу ч биш байх л даа. Бид өнгөрсөн тавдугаар
сарын 05-нд өөрсдийн боловсруулсан ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслөө Засгийн газарт
хүргүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд
хүргүүлсэн байгаа” гэлээ.