“Онтрэ”, “Оюу толгой” хэлцлээ хэдийнэ эхлүүлж, Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх амбиц л үлдлээ

0

“Онтрэ” компани Оюу толгойн бүлэг ордын хүрээнд Шивээ толгой, Жавхлант хэмээх хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг. Тэднийгээ “Оюу толгой” ХХК руу шилжүүлэх хэлцэл эхэлсэн.

Харин Монголын Засгийн газар үүнд эсрэг байр суурьтай байгаа. Лицензийг Засгийн газрын саналыг авахгүйгээр шилжүүлж болохгүй. “Онтрэ” ХХК-тай 34 хувийн хэлцэл хийх ёстой. Үнэхээр лиценз “Оюу толгой”-д шилжвэл шинэ гэрээ байгуулах, эсвэл 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн амбиц Засгийн газарт байгаа юм.

Гэвч ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг уг асуудалд санал дүгнэлтээ нэгтгэн боловсруулахаас өмнө, “Онтрэ” лицензээ шилжүүлээд эхэлжээ.

Одоогийн байдлаар Шивээ толгойн 80 хувийг “Оюу толгой” ХХК руу шилжүүлсэн талаар тэд тайландаа дурдсан байна. Мөн ойрын хугацаанд багтаан, лиценз шилжүүлэх ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Үүнээс хоёр лицензийг тус тус 100 хувь шилжүүлэх хүлээлттэй юу, 80/20-оор хувааж байгаа нь ямар учиртай вэ гэсэн асуулт тавигдаж байна.

Юутай ч Засгийн газар лицензийг “Оюу толгой” руу шилжүүлэхгүй байж чадахгүй бол, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж байж Үндсэн хуулийн зарчмаа хангах л хувилбар үлдээд байгаа юм.

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” группийн хувьд, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр Шивээ толгой, Жавхлантын ашиглалтыг зохицуулсан гэж үзээд буй.

Гэвч, үнэн хэрэгтээ энэ гэрээ бүхэлдээ зөвхөн “Оюу толгой” ХХК дээрх, өнөөг хүртэл олборлож буй гурван лицензийг хамарсан.

Нэгт, гэрээний 1.5-аар энэ бүхэн зөвхөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг хамаарах заалттай. Харин хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг дээр, 16.25-аар зөвхөн гурван лиценз эзэмшигчийг хамруулна хэмээн баталгаажуулсан. Тэгэхээр, энэ гэрээ зөвхөн “Оюу толгой”-н эзэмшдэг гурван лицензийн асуудлыг зохицуулсан.

Хоёрт, гэрээт талбай гэдгийг 16.11.1-ээр мөн л өмнөх гурван лицензийг хэлнэ гэж заасан. “Онтрэ”-гийнх гэрээт талбайд хамаарахгүй гэсэн үг.

Тийм учраас хоёр шинэ лицензийн хүрээнд тусдаа гэрээ байгуулдаггүй юм гэхэд хөрөнгө оруулалтын үндсэн гэрээгээ өөрчлөх ёстой болж буй.

 “Онтрэ”-гийн хувьд ашгийнхаа 80 хувийг “Оюу толгой” ХХК-д өгнө. Бид “Оюу толгой”-н 34 хувийг эзэмшдэгийн хувьд тэр 80 хувийн 34 хувийг л хүртэх юм. Ийм учир “Онтрэ” лицензийнхээ 80 хувийг шилжүүлэх замаар энэ хэлцэлд хүрч байж мэдэх юм. Нөгөө талаас “Онтрэ”-гийн 20 хувийн 34 хувийг ч бас хүртэх учиртай.

Тэдний зүгээс ийм хувилбар санал болгож байгаа ч “Онтрэ” ХХК-ийн 34 хувийг эзэмших юм уу АМНАТ-өөр орлуулах, төрийн мөнгөөр хайгуул хийсэн тул 51-ээс доошгүй хувийн өгөөж хүртэх зэрэг агуулгыг Монголын Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

Одоо нэгэнт “Онтрэ”, “Оюу толгой” хоёр өөр өөрсдийн хэлцлийн дагуу ажиллаад эхэлсэн бол Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн өөрчлөх үү гэдэг дээр л анхаарах болж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *