Н.Номтойбаяр: Х.Баттулга шиг лицензээ хятадуудад зарчхаагүй. Хаашаа зугтаалгана гэж, халааслаад гарчихгүй

МАК “Цагаан суварга” ордыг 856 тэрбум төгрөгөөр авсан. “Нарийн сухайт орд”-ын хайгуулд ердөө 140 сая төгрөгийг улсад төлсөн байдаг. Өдгөө Нарийг сухайт ордынхоо 34-51 хувь дээр улстай хэлцэлд орох юм. Гэтэл “Улсад татвараараа 55 хувийн өгөөжөөр өгч байгаа тул Засгийн газартай хэлцэл хийхгүй” гэдэг бичгийг Засгийн газрын БЭТ Ж.Батзанданд явуулсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай цөөн хором ярилцлаа.
-Хэвлэлийнхэн хариуцлагатай байх хэрэгтэй. “Засгийн газартэй хэлэлцээ хийхгүй” гэдэг байр суурь албан ёсоор гараагүй-
-Та өнгөрөгч дөрөвдүгээр сарын 03-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газартай 34 хувийн хэлэлцээр хийх бичгээ хүргүүлсэн” гэж мэдэгдэж байсан. Энэ бичгийн тань хариу ирсэн үү?
-Мэдэхгүй байна. Наад асуултад чинь хариулт хэлэхэд сүүлийн хэдэн өдөр “Эзэмшиж байгаа орд газрынхаа 34 хувийг өгчхөөч ээ” гээд байна лээ. Хуулиараа аль эрт тэрийг авчихсан юм. Хэрэв төр авмаар байвал буцаагаад өгчих. Дахиад буцаагаад л өгчихье.
–Тийм үү?
-“Хуулийн дагуу хэлэлцээрт ороход бэлэн байна” гэдэг мэдэгдлээ надтай хамааралтай гэлтгүй өөр өчнөөн олон компаниуд өгчихсөн байгаа.
Баялгийн сангийн болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж байгаа юм байна. УИХ-аас ажлын хэсэг хүртэл гарчихсан байгаа шүү дээ. “Ухаа худаг” ордтой холбоотой буюу 2007 оны 27-р тогтоолын хэрэгжилт хууль зүйн хувьд хэрхэн хангагдсан байна вэ гэдгийг шалгах чиг үүрэгтэйгээр өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. Энэ хүрээнд шалгагдаж, хууль зүйн дүгнэлт гарч, цаашид хэрхэх вэ гэдэг шат дараатай явагдаж таараа. Үүнд би ямар нэгэн байдлаар оролцоод, санаачлаад эсвэл бултаж, зугтаад байгаа зүйл байхгүй.
-Гэхдээ МАК ХХК-иас “55 хувьтай дүйцэх татвар, шимтгэл улсад төлж байгаа тул Засгийн газартай хэлцэл хийхгүй” гэдэг агуулгатай бичиг явуулсан юм билээ шүү дээ?
-Хэвлэл мэдээллийнхэн хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм байр суурь албан ёсоор гараагүй.
-Засгийн газрын БЭТ-д явуулаагүй гэж үү?
-БЭТ гэж хэн юм?
-Ж.Батзандан
-Мэдэхгүй. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг яаж мэдэх вэ. Би энд УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж байна шүү дээ. /инээв.сурв/
-Та “400 сая ам.доллар төлөөд 34 хувиа ав” гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн хүн. Одоо энэ байр суурь тань хэвээрээ юу?
-Таван жилийн өмнөх юм. Хуулиараа л бүх зүйл яваг л дээ. Энэ таван жилийн хугацаанд үхмэл байдлаар зогсчхоогүй. Гаднаас өндөр хүүтэй зээл аваад тодорхой хэмжээний бүтээн байгуулалтуудыг хийсэн. Ямартай ч “Женко” Х.Баттулга шиг лицензээ хятадуудад зараагүй. Монголын Үндэсний инженер, техникийн ажилчдын ур чадвар дээр үндэслэн босгочихъё гэдэг эх оронч амбиц, үзэл санаа яваад л байгаа шүү дээ. Хэн нь яг бодитой бүтээн байгуулалтыг хийгээд, хийх гэж эрмэлзээд байгаа юм. Хэн нь хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль зөрчиж, арилжаа наймаа хийгээд байгаа юм. Энэ бүхнийг жаахан ч гэсэн ялгаж салгамаар байна. Зөв үү.
-Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа “Цагаан суварга” ордыг төрөөс бултуулах лоббиг зангидсан шиг энэ удаад “Нарийн сухайт” ордыг “Баялгийн сан”-гаас зугтаалгах лоббиг хийх үү. Ийм хардлага байна?
-Хуультай зүйлийг хаашаа бултуулж, зугтаалгах юм бэ. Халаасалж аваад ил гараад явчихгүй шүү дээ. Эсвэл хятадын өөр компаниудад зарчихгүй шүү дээ.
-“Эд нарт л асуудал байна” гээд “30 гэр бүл” гэж цоллодог. Гэтэл улстөрчдийн 30 гэмт хэрэг гэж замбараагүй юм бий-
-МАК ХХК-ийн Монгол Улсад төлж байгаа татварын өгөөж яг хэдэн төгрөг вэ гэдгийг та мэдэх үү?
-Мэдэхгүй байна. Ямартай ч сүүлийн арав, хорин жил шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байдаг. Хамгийн гол нь нэг зүйлийг хэлмээр байна.
-Юуг?
-Үндэсний хувийн хэвшлүүд асар их дусал хөлс гаргаж, өөрсдийнхөө ажил амьдралыг дэнчин тавьж, өндөр хүүтэй зээл авч, маш их зовлон үзэж байж өндөр татвар төлдөг. Гагцхүү төрд төвлөрч байгаа татвар юунд зарцуулагдаж байгаа юм бэ. Татвар гэдэг чинь алба гувчуур биш шүү дээ. Татвар гэдэг чинь төлбөр. Төлбөр төлж байгаа юм чинь төрөөс үйлчилгээ авах эрхтэй. Тэр нь дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалуулах, төрийн үйлчилгээ. Гэтэл эдгээр үйлчилгээ хүртээмжтэй юү, бодитой хөгжлийг бий болгож байна уу. Гол гацаа төрд л байгаад байна. Төрөөр, төсвөөр дамжуулаад нийгэмд хөрөнгө оруулалт хийж байх ёстой санхүүгийн л зохицуулалт шүү дээ. Энэ өнцгийг яагаад ер харахгүй байгаа юм.
Сүүлийн үед татвар төлж байгаа хэдийгээ ноолоод л. Хоёрдугаар сард ч билүү “Шилдэг татвар төлөгч” гэсэн хуурамч гуулин шагнал, цол гэж өгсөн болоод л. Бусдаар дандаа дээрэлхэж, доромжилж, хааж боодог. “Эд нарт л асуудал байна” гээд “30 гэр бүл” гэж цоллодог. Гэтэл улстөрчдийн 30 гэмт хэрэг гэж замбараагүй юм бий.
Харах хандлагаа жаахан өөрчилмөөр байна. Эцэст нь хэлэхэд ямар ч тохиолдолд хийж бүтээж байгаа хувийн хэвшлийнхнийг тултал хамгаална, дэмжинэ. Ийм байр суурь, итгэл үнэмшилтэй байна.
-Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас оруулж ирэх гэсээр байтал 2026.01.01-нээс хэрэгжиж амжхааргүй цагалбарт орох нь. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл өнөөдөр орж ирж байна. Хууль зүйн хувьд нэлээн эргэлзээтэй зүйл гарч ирлээ. Яагаад гэвэл зургаадугаар сарын 01-ний дотор 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээ УИХ батлах хуультай. Батлагдсаны дараа хэчнээн аятайхан Татварын багц хууль орж ирлээ ч, 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих боломжгүй болчих гээд байна. УИХ-ын Тамгын газарт өнөөдөр өглөө хэлсэн.
-Хуулийн хугацааны талаар уу?
-“Та нар хууль зүйн дүгнэлт гарга” гэсэн. Татварын багц хууль болон Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хууль Сангийн яаман дээр боловсруулагдаж байгаа юм билээ. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зургаадугаар сарын 01-ний дотор баталчихвал түүний дараа хэлэлцэх энэ хоёр хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх боломжтой юм уу, үгүй юм уу гэдэг том асуудал үүсчхээд байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:Eguur.mn