М.Наранпүрэв: Энэ хоёр эрхэм зөв ойлголцоод хамтран ажиллавал Монголын ард түмэнд маш хэрэгтэй гэж л харж байна

0
image-48

АШУҮИС, Монголд Япон эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор М.Наранпүрэвтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтчихлээ. Системийн хувьд ямар алдаа байна вэ. Халуун гал тогоонд нь байгаа хүний хувьд та бодит үнэнийг хэлэх байх?

-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтчихсэнийг ард түмэн, эмч, эмнэлгийнхэн бүгд хэлж байна. Мэдээж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хүний нөөц, санхүүжилт, мэр гэжилтнүүдийн чадавх, чанар, үйлчилгээ, хүртээмж гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг.

Эдгээр хүчин зүйлсүүд нь тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага зохион байгуулалтаас гадна эрүүл мэндийн системийн хуучин тогтолцооны шинж нөлөөлж байдаг тул орчин үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, бэрхшээлтэй тулгарч байгаа гэж боддог. Тэгвэл эмч эмнэлгийн мэргэжилтнүүд үндсэн ажлаа ойлгомжтой, тодорхой нөхцөлд, шударгаар мэдлэг чадвараа үнэлүүлж, хүний эрүүл мэндийн төлөө зориулсныхаа төлөө цалин хангамж хангалттайгаар, ард иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллахыг хүсдэг. Энэ нөхцөл нь манай оронд бүрэн хангагдахгүй, тэгш бус, бүс нутаг, байгууллага гэх мэт олон хүчин зүйлсээс харилцан адилгүй байгаа учраас маш ихээр бухимдаж мэргэжлээ орхих үзэгдэл их болж байна. Нөгөө талаасаа ард иргэд маань хэзээ, хэнд, хэрхэн, яаж, ямар төлбөртэйгөөр тусламжийг зөв аюулгүйгээр авах нь тодорхойгүйн улмаас аливаа нэгэн эмнэлгийн тусламж шаардлагатай болоход бухимдаж эхэлдэг. Жишээлбэл, яаралтай тулгамдсан үед тусламжаа авч чадахгүй байх, түргэн тусламж үзүүлэхгүй байх, эмнэлэгт ирээд хангалттай тусламжаа авч чадахгүй байх гэх мэт олон асуудлууд бухимдуулж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэгцээ шаардлага, нийгмийн өөрчлөлт, өвчлөлийн байдал, мэдээллийн хурдыг эрүүл мэндийн салбарын хөгжил нь гүйцэхгүй, түүнчлэн тогтолцоо нь, зохион байгуулалт нь, хүний нөөцийн хөгжил, хурд нь гүйцэхгүй болжээ. Иймд бид эрүүл мэндийн салбарын тогтолцоогоо өөрчилөх, ялангуяа өвчтөнд зориулсан биш хүнд чиглэсэн тодорхой, хүнлэг, дүрэм журамтай, хяналттай болох тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ тулгарч байгаа гэж боддог. Тухайлбал, олон улсын эрүүл мэндийн салбарт мөрдөгддөг зохион байгуулалттай дүрэм журам, дэс дараалал нь тодорхой ойлгомжтой үйл ажиллагааг мөрдөх соёлыг бий болгох хэрэгтэй байх. Энэ үйл ажиллагааны тодорхой дараалал, дүрэм журам нь шат шатны эрүүл мэндийн удирдах байгууллагаас эхлээд тусламж үзүүлэгч байгууллагуудад дутагдаж буй бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын менежмэнт хийх хүний нөөцийн дутагдалтайгаас хамаарч байна. Дараа гийн нэг зүйл нь эмч мэргэжилтнүүдийн чадавх. Эдгээрийг бий болгох хүний нөөцийн бодлого төлөвлөлтгүй, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын чанартай шууд хамааралтайгаар өнөө цагийн иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрч байна гэж боддог. Бид ядаж эхний ээлжинд иргэдэд амин чухал яаралтай тусламж, түргэн тусламжийн тогтолцоог сайжруулах шаардлагатай, ингэснээр эмнэлэгт бус гэртээ нас барах тохиолдлыг бууруулах, шаардлагатай тусламжаа иргэд шууд авах боломжтой болно. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах, улмаар иргэдэд үзүүлэх тусламжийн нэр төрлийг иргэдэд тодорхой болговол иргэд том эмнэлгүүд рүү оочерлож цаг хүлээж бухимдахгүй болно байх.

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын хоорондын маргааныг та хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна вэ?

-Тэд хоёулаа манай салбараас гарсан, өөр өөрийн мэргэжилдээ эзэн болж эрүүл мэндийн салбараа тодорхой хэмжээнд бусад УИХын гишүүдээс илүүтэйгээр мэддэг улс. Бусад хүмүүсийн адил олон нийтийн хэрэгсэл, сошиалаас гишүүдийн маргааныг харж байгаа. Эрүүл мэндийн сайдын өнөөгийн авч хэрэгжүүлж буй тогтолцооны реформд олон зөв зүйтэй, нотолгоонд суурилсан бодлого гаргаж байгаад талархаж дэмждэг. Гэвч хэрэгжилтийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх, явц нь хэр хурдтай, зөв зүйтэй бөгөөд дүрэм журмын дагуу байгаа эсэхийг бид одоогоор үнэлэх боломжгүй шүү дээ. Ж.Чинбүрэн гишүүн мөн адил эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан,сэтгэл зүрхээ зориулж явдаг гэж боддог. Эдгээр эрхэм гишүүдийн хувьд гагцхүү бодлогын хэрэгжилтийн явц дээр үл ойлголцол гарсан болов уу. Энэ хоёр эрхэм уг нь зөв ойлголцоод нэг тийш харж хамтран ажиллавал Монголын ард түмэнд маш хэрэгтэй гэж л харж байна.

-Ингэхэд тэр хоёрын маргаан ард түмэнд ямар ач холбогдолтой юм бол?

-Эрүүл мэндийн салбар болон Их хурлын гишүүд илт парламентын танхимд болон олон нийтийн сүлжээгээр маргаж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгааг бүгд өөр өөрийн өнцгөөр харж байгаа. Гэвч нарийндаа энэ маргаан нь ямар ч үр дүнгүй, олон хүнийг төөрөгдүүлж салбарт итгэх итгэлийг сааруулна. Хууль эрх зүйн хувьд алдаа гаргасан эсэхийг олон нийт шүүж шийдвэр гаргах боломжгүйн улмаас төөрөгдлийг улам нэмэгдүүлнэ байх аа. Иймд энэ зөрчилдөж ойлголцохгүй байгаа асуудлууддаа хамтран ажиллах, дэмжиж ажиллаасай гэж боддог.

-Ж.Чинбүрэн гишүүн эмийн мафи гэж яриад байгаа. Түүний яриад байгаа үнэн бол монголчууд эрүүл амьд явах баталгаа үнэндээ алга. Хөлдүү шингэн, хугацаа нь дөхсөн эм орж ирж байгааг баримтуудаар нотолж байсан. Эмийн чанар, стандартыг шинжилдэг лаборатори гэж бий биз дээ?

-Эмийн мафи гэж хэрвээ Монгол Улсад байгаа бол цөөхөн хүн бүлтэй, хяналтын тогтолцоо сул улсад эрүүл мэндийн тусламж нэн аюултай байдалд байна гэсэн үг байх л даа. Хэрэв тийм бол үндэстний аюулгүй байдлын асуудал учраас энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж тодорхой болох байх аа. Үнэхээр монгол хүний амьд эрүүл байхтай шууд хамааралтай ноцтой асуудал шүү дээ. Миний хувьд энэ тал дээр нотолгоотой мэдэх зүйл байхгүй. Шалгалтын явцад илэрсэн шингэн хөлдүү байсан гэж мэдээлж байсан. Энэ бол Монгол Улсад бүх шатны байгууллагад мөрдөх журам, аюулгүй байдлын зааврыг мөрдөх, эдгээрийг хяналтын тогтолцоо хангалтгүй, эсвэл байхгүй байгаагийн нэг илрэл. Эм ханган нийлүүлэх байгууллагад мөрдөгдөх энгийн дүрэм журам ямар төрлийн эм эмнэлгийн хэрэгслийг хэрхэн тээ вэрлэх, хадгалалтын горим, хадгалалтын хугацаа гэх мэт байх ёстой. Гэтэл энэ дүрэм журам мөрдөгддөггүй эсвэл дүрэм журмын хяналтын тогтолцоо хангалтгүй байсны улмаас хөлдүү тарилгын шингэн илэрсэн гэж тодорхой харагдаж байна. Гэтэл хөлдүү тарилгын шингэнийг тодорхой хугацааны дараа хэрхэн устгах, хянах гээд дараагийн процессын дүрэм журмууд нь тодорхой, тэрнийг нь хяналттайгаар мэдээлдэг бүртгэдэг гэх мэт шат шатны тогтолцоо нь тодорхой бүрэлдээгүй байна гэсэн үг л дээ. Иймээс ханган нийлүүлэх байгууллага нь олон улсын эм ханган нийлүүлэх стандартыг мөрддөг байх, энэ стандартыг өөрийн улсын хэмжээнд ядаж тодорхойлсон, мөрддөг гэх мэт асуудлууд байх болов уу.

Эмийн чанар, стандартыг хянадаг шалгадаг лаборатори бол мэдээж бүртгүүлэх эм болон үйлдвэрлэсэн эмийн тухайд ажиллах шаардлагатай л даа. Энэхүү лаборатори уг нь хүчин чадал сайтай, олон улсын лабораторид мөрдөгдөх стандарт зааврыг мөрдөж ажилладаг байх ёстой. Олон улсын стандарт зааврыг мөрдөхийн тулд хүний нөөцийн сургалт болоод урвалж тоног төхөөрөмжийн хангамж нь бүрэн бүрэлдэх гэх мэт асуудал байгаа. Гэхдээ манай улсад яг одоогоор ямар түвшинд байгааг сайн мэдэхгүй байна. Эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагт эмийн хяналтын лаборатори байдаг байх. Сайжруулах үүрэг даалгавар өгч тодорхой хөрөнгө оруулалт хийх талаар Ж.Чинбүрэн гишүүн ажилласан гэж ойлгож байгаа. Энэ тал дээр манай эм зүйн салбар маань манлайлан ажиллах болов уу. Бүх салбар мэргэжилтнүүдийн манлайлал хамгийн чухал үүрэгтэй бөгөөд тэднийг дэмжиж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа. Гэтэл манай улсад эм зүйн хүний нөөцийн хомсдолтой, сургалт хийх байгууллага олон хэдий ч асуудалтай хэвээрээ л байгаа. Гэхдээ дээрх импортын хөлдүү шингэний тухайд бол тээвэрлэлт, хадгалалтын горим болон хугацаа гэх мэт энгийн дүрэм журам мөрдөх ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны стан дартын асуудал юм. Энэхүү стандартыг ханган нийлүүлэх байгууллага бүр мөрддөг, ухамсарладаг хянадаг болгох нь системийн зохион байгуулалт, удирд лагын асуудал гэж боддог.

-Монголчуудад зориул сан эмийг оруулж ирээд байна гэх юм. Уг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанар, стандарттай эмийг оруулж ирэх ёстой баймаар. Эрүүл мэндийн салбар дахь хяналтын тогтолцоо гэж байна уу?

-Дэлхий нийтэд эмнэл зүйн тусламжийн чиглэл бүрээр холбоод нийгэмлэгийн эрдэмтэд судлан тогтоож эмнэлзүйн удирдамж заавар зөв л өмжийг гаргадаг. Эмнэлгийн тусламжийн оношилгоо, эмчилгээ, ажилбар үйлдэл бүр тодорхой нотолгоо бүхий заавартай. Нотолгооны зэрэгтэйгээр эмчилгээний заавар нь жил бүр хувьсан өөрчлөгдөж сайжирч байдаг. Манай улсад хуучин суралцаж байсан онолоор хэрэглэж заншсан эмийн хэрэглээ ч баттайгаар оршиж байдаг. Эм зүйн салбар ч нотолгооны зэрэглэлтэйгээр шинэчлэн засарч байгаа. Үнэндээ өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт ашиглаж буй эмнэл зүйн зааврыг манай улсад мөрдөх боломжгүй байгаа нь эмийн хангамж бүрэн бус, зарим зайлшгүй шаардлагатай эмүүд ч Монголд оруулж ирэх эрхгүй хэвээр байгааг нуух хэрэггүй. Монголд оруулж ирэх эрхгүйн шалтгаан нь хэт үнэтэй, эсвэл хэт цөөн тоогоор хэрэглэдэг гэх мэт төрөл бүрийн шалтгаан байдаг. Монголд хэрэгтэй эм биш, олон улсын эмнэл зүйн зааварт заасан олон улсад хэрэглэдэг эм байх нь чухал байгаа. Гэхдээ одоо бидний эмийн эмчилгээний хувьд нэн төвөгтэй сонголттой бас хангалтгүй байгаа нь л үнэн. Эмнэлэг бүр эмнэлэгт үзүүлэх тусламжийн хүрээ нь тодорхой байгаатай адил үзүүлэх эмнэл зүйн заавраа мөрддөг, эдгээрийг хянадаг, шаардлагагүй эмийн хэрэглээг хязгаарлах тогтолцоог бүрдүүлж байж л сайжрах байх. Дахиад л түрүүний хэлсэн үйл ажиллагааны тодорхой заавар, дүрэм журам, хяналтын аргачлал бүхий нэгж байгууллага, уялдаа холбоо шаардлагатай гэсэн санаа юм. Эрүүл мэндийн салбарт их олон төрлийн шалгалтууд, хяналтын байгууллага, нэгж байдаг. Хяналт хийх дүрэм журам аргачлалаа өөрчлөх, хүний нөөцийн чадамжаа сайжруулах бас л шаардлагатай. Мөн адил бид Монгол Улс чинь салбар бүрт үйл ажиллагааны системээ бүрдүүлж чадаагүйн улмаас тухайн дарга, бодлого боловсруулагчийн тогтоож буй дүрмээр тоглодогт асуудал байгаа гэж би ойлгодог.

-Эрүүл мэндийн байгууллагуудын томилгоотой холбоотой асуудлыг улстөржүүлэх нь хэнд хортой вэ?

-Эрүүл мэндийн бай гууллагуудыг удирдах удирдлагуудад бэлтгэл хүний нөөц, бэлтгэгдсэн эрүүл мэндийн салбарын менежерүүд байхгүй, энэ тогтолцоо эрүүл мэндийн хүний нөөцийн бодлогод байхгүй байгаа шүү дээ. Ийм учраас энэ хүн сайн эмч, эсвэл хандлага сайтай гэх хэн нэгэн, эсвэл магадгүй сайдын юмуу даргын итгэл даах хүн гэдэг утгаар томилогддог. Энэ нь тухайн жилүүдэд баг болон хамтрах зорилготойгоор томилогддог байх. Энэ үйл явц бас л сүүлийн 20-30 жил тасралтгүй удаан үргэлжилж байгаа болохоор манай салбарыг элгээрээ хэвтэж байгаа гэж хэлүүлэх хэмжээнд хүртлээ салбарын реформын хэрэгцээг тодорхой ойлгож мэдрэх боломжгүй нөхцөл байдалтай цаг нөгцөөж он жилүүд өнгөрчээ гэж хэлэхээр байна. Тийм учраас улстөржилт болгож тухайн улстөрчтэй холбон тайлбарладаг болов уу. Тэгэхээр миний бодлоор энэ бол мөн л адил системийг бүрдүүлээгүй, түүний улмаас хүний нөөцийн бэлтгэлийн төлөвлөлтийг системдээ бүрдүүлэх бодлогыг одоо хүртэл баримталахгүй байгаагийн улмаас бүх салбарт удирдлагын, засаглалын х ямрал болчихсон, тэрнийгээ улстөржилт болгон тайлбарладаг гэж бодож байна. Гэтэл энэ асуудал хөгжингүй орнуудад тодорхой байдаг учраас бодлого нь тодорхой, засаглал нь ойлгомжтой, хүмүүсийнх нь ажил нь тодорхой, цаашлаад карьерын зураглал нь ойлгомжтой байдаг байх аа.

-Ингэхэд эрүүл мэндийн даатгалын сан дандаа алдагдалтай гардаг. Мөнгөгүй биш, мөнгө олдог боловч сангийн хөрөнгийг үр ашиггүй, оновчгүй зарцуулаад байна уу?

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл бол манай улсад хийгдэх ёстой чухал асуудал.

Гэхдээ мөн адил бид эрүүл мэндийн байгууллагуудынхаа тус ламж үйлчилгээний чадал, хэрэгцээг тодорхойлох, тусламж үзүүлэх шатлал бүртэйгээ ажиллаж дүрэм журам, заавраа тогтоогоогүйн улмаас маш тодорхойгүй эхлүүлсэн учраас эхний жилүүдэд алдаатай байсан гэж боддог. Одоо Эрүүл мэндийн даатгалаас эмчилгээ оношилгооны хувьд Монгол Улсын эмнэлгүүдийн хийх тооцоо судалгаа, чадамж, багцаа өртөг гээд дататай болсон тул арай дээрдэх байх гэж найдаж байгаа. Мөн алдаа байгаа нь Монгол Улс бол хэвтэн эмчлүүлэхэд үндсэн анхаарлаа төвлөрүүлдэг бүх тохиолдлыг хэвтүүлэн эмчилдэг байсан, тодорхой төрөлжсөн эмнэлгүүд дээр төвлөрөл хэттэй их байдаг (ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ гэх мэт). Социалист загварын эмнэлгийн тусламжийг үзүүлдэг бүтэцтэйн улмаас хэт төвлөрөл, даатгалын жигд бус хуваарилалт, шаардлагагүй тусламж гэх мэт асуудлууд байсан. Эдгээр алдаагаа засахад тодорхой хугацаа хэрэгтэй байгаа. Учир нь бид чинь хуучин төвлөрсөн эдийн засагтай, төсвийн б айгууллага болох эмнэлгийн санхүүжилтийг өөрчлөхдөө эрүүл мэн дийн салбарын бүтэц системээ, дүрэм журам асуудлаа цэгцлээгүй байхдаа эхэлсэн учраас маш төвөгтэй байдалд орж байна. Тухайлбал, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг буюу манай хүмүүсийн ярьдгаар том эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадамж, зарцуулж буй зардал нь тухайн эмчилгээ оношилгооны тохиолдол дээр үнэхээр өөр байдаг. Тоног төхөөрөмжийг дагаж зардал их гардаг, гэтэл даатгалын санхүүжилт адилхан байгаа нь өөрөө том эмнэлгүүдийг санхүүгийн эрсдэлд оруулж байгаа шүү дээ. Харин тухайн тохиолдол дээр гаргаж буй зардлыг зөв тооцоолж санхүүжилт олговол дагаад эмнэлгийн тусламжийн чанар сайжрах боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлийг зардалд суурилсан гэдэг боловч Монгол Улсын стандарт нь Олон улсын стандартаас ялгаатай шүү дээ. Гэтэл бид уг нь олон улсын стандартаар л ажиллах нь хүндээ чиглэсэн бодлого юм .

-Эмнэлгийн тоног, төхөөрөмжүүдийн худалдан авалтыг тендер зарлаж байгаа нэрээр асар өндөр үнээр шахаа хийж, бизнес болсон юм биш үү?

-Улсын эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт норматив худалдан авалт бүгд тендерээр хийгддэг. Тендерийн хууль хуучнаасаа бага зэрэг сайжирсан, үнээс гадна чанарын шаардлага хангасан, техник үзүүлэлтийн дагуу байх гэсэн шаардлагууд байгаа. Тэгэхээр яг өндөр үнээр шахаа хийхэд амаргүй болсон байгаа, учир нь олон талын хяналт хийгддэг болсныг ажиглаж байгаа.

-Эрүүл мэндийн салбарт та хүний нөөц дутмаг гэж байна. Гэтэл олон их, дээд сургууль олон эмч сувилагчийг бэлдэж байгаа биз дээ?

-Тийм ээ, хүний нөөцийн дутагдалтай. Учир нь энэ олон анагаахын боловсрол олгож байгаа сургууль маань маш чанаргүй боловсон хүчнийг бэлдэж байгаа. Тэд бүр монгол хэлээр зөв бичиж чадахгүй эмчийг төгсгөж байгаа учраас нарийн мэргэжлийн эмч, цаашлаад техникч, сувилагч хийхэд бэрхшээлтэй болгож байгаа. Тэдэнд дадлага хийх орчин байхгүйн улмаас дадлагажаагүй, бүрэн бус мэдлэгтэй, гадаад хэлний мэдлэггүй олон залуус диплом аван гарч байгаа нь манай хамгийн том асуудал гэж харж байгаа. Эдгээр бакалавр төгссөн эмч нар дахин мэргэшүүлэх резидент сургалтыг дүүргэхдээ л хуваарилагдсан эмнэлгээс хамаарч харилцан адилгүй чадамжтай болж байгаа учраас эмнэлгийн мэргэжилтний чадамжийн асуудал гарч байгаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дотор олон мэргэжилүүд бүр дадлага хийх ч боломжгүй төгсөж байгаа. Түүний нэг нь эрүүл мэндийн эдийн засагч, менежмэнтийнхэн гэх мэт. Тэгэхээр хүнийн нөөцөө бодлогоор бэлдэж хуулиндаа эмч гэж хэн бэ гэдгийг тодорхой заалтаар оруулах ёстой юм болов уу.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *