Б.Пүрэвдорж: Гишүүдийн тоог нэмэх асуудлыг зөвтгөх шалтгаан бий. Миний хувьд 99 хүртэл нэмэх боломжтой гэж харж байна

0

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байхад манай нам эв зүйгээ олоогүй байсан. Тухайн үед УИХ дахь манай намын гишүүд өөр өөрсдийн үзэл баримтлалаар саналаа өгсөн. Үр дүнд нь “давхар дээл”-тэй болсныг иргэд мэдэж байгаа. 

МАН-ын зүгээс өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд 38 нь жагсаалтаар 38 нь тойргоос нэр дэвших талаар тусгасан. Энэ бол тактик. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх нь энэ хуулийн дагуу нэр дэвшиж чадахгүй. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тоо нэмэх асуудлыг шийдвэрлэ гэсэн шахалт хуулийн цаана нь бий. 

Ардчилсан Нам(АН) тамгаа авч, даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. Тийм учраас хуулийн өөрчлөлтийн талаар намын удирдлагаас тодорхой хэмжээний шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулснаар санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, манай намын гишүүд эхлээд нэг байр суурьтай болсны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулах асуудлыг дэмжих эсэхээ шийднэ.

Хугацаа бага байгаа учир намын даргаас тодорхой шийдвэрийг яаралтай гаргаж, бүлэгт танилцуулах шаардлага үүссэн. Эдгээр хуульд зөв асуудлууд байгаа. Үүнийг дэмжээд явахад АН-ын хувьд эерэг үр дүн авчирна. 

Миний бие өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийт 60 гаруй удаагийн уулзалтыг Ховд аймгийн иргэдийн дунд зохион байгуулсан. Ингэхэд иргэд “100 ямаанд 60 ухна гэгчээр 152 гишүүнтэй болох асуудлыг дэмжихгүй. Эсвэл УИХ-ын гишүүний тоог 100-гаас дээш гаргаж болохгүй” гэсэн саналыг дэвшүүлж байв. 

Гишүүдийн тоог нэмэх асуудлыг зөвтгөх шалтгаан бий. 1992 оны анхны ардчилсан сонгуулийн үед нийт 900,000 сонгогчтой байсан. Тэр үед УИХ-ын нэг гишүүн 12,000 сонгогчийг парламентад төлөөлдөг байсан юм. Гэтэл одоогийн байдлаар 2.2 сая сонгогчтой болсон нь нэг гишүүн 29,000 сонгогчийг төлөөлж байгаа гэсэн үг. 

Би Ховд аймагт ажиллахдаа ямар ч асуудалгүй сонгогчидтой уулзаж болох ч нийслэлийн дүүргүүдийн хувьд 400,000 хүн амтай. Иймд нөхцөл байдалд миний бие гишүүдийн тоог 99 хүртэл нэмж болно гэсэн байр суурьтай байна” хэмээв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *