Хуулийн хүрээнд Засгийн газрын огцрох эсэх асуудал хөндөгдөөгүй

0
475149724_1177701220386968_2740426093562026459_n

Өнгөрсөн долоо хоног МАН-ын бага хурлаас Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН-ыг гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Харин өнөөдрийн болтол Ерөнхий сайд огцрох өргөдлөө УИХ-д өгөөгүй хэвээр байна. Мөн Засгийн газрын гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг онцлоод байна.

Тэгвэл АН-ын зүгээс МАН-ын Бага хурлын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Түүнчлэн өнөөдрийг хүртэл Засгийн газрын тухайд асуудал УИХ дээр орж ирээгүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд Засгийн газрын огцрох эсэх асуудал хөндөгдөөгүй байна гэсэн үг.

Мөн Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон байдаг. Харин Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөхгүй бол дээрх асуудлыг зохицуулах хуулийн гарц байхгүй юм. Хуулийн хүрээнд Засгийн газрыг огцорсонд тооцох 3 үндэслэл байдаг.

Харин энэ 3 үндэслэл одоогоор бүрэлдээгүй байгаа нь асуудлыг улам бүр тодорхойгүй байдалд оруулж байна.

Ерөнхий сайд огцорвол дараа нь яах вэ?

Ерөнхий сайд болон Засгийн газрын асуудал ямар ч тохиолдолд УИХ-аар заавал орно. Харин асуудал УИХ-аар хэлэлцүүлэх хэмжээнд хүрвэл Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн дагуу эцэслэн шийдэгдэх юм.

Тэгвэл Засгийн газар огцрох тухай хуулийн дараах зохицуулалтууд байна.

Үндсэн хуулийн 43.1 Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. гэсэн заалт бий.

Одоогоор УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт хуульд заасан тоонд хүрээгүй байгаа.

Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн эхлүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг хүчинтэй хэвээр байгаа. Магадгүй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарын үсгээ зурвал хуульд заасан 32 гэсэн тоонд хүрэх боломж бий. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын огцрох эсэх асуудалд цэг тавьж болно гэсэн үг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэогцрох өргөдлөө өгвөл Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газар бүрэлдэхүүнээр огцорч байгаа тул дараагийн Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу томилох юм.

Үндсэн хуулийн 43. 2 Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан байна.

Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуульд нэмэгдсэн нэг заалт бол Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай.

Үндсэн хуулийн 44.1 Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Тэгэхээр Ерөнхий сайд заавал өөрийн биеэр асуудлаа УИХ-д оруулна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-д авч орж ирвэл асуудлыг хуулийн дагуу УИХ эцэслэн шийднэ.

44.2 Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Одоогийн байдлаар дээрх Үндсэн хуулийн зохицуулалтын аль аль нөхцөл байдал бүрдээгүй хэвээр байна.

Ерөнхий сайд ямар ч шийдвэр гаргасан Ерөнхий сайд болон Засгийн газрын асуудлыг УИХ заавал авч хэлэлцэх ёстой.

Харин УИХ Ерөнхий сайдын хүсэлтийг авч хэлэлцээд хэрэгсэхгүй бол ямар хуулийн зохицуулалтаар асуудлыг шийдэх вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Тэгвэл Засгийн газрын тухай хуулийн 26.3, 26.4 дэх хэсгүүдэд тодорхой заажээ. Хэрэв УИХ Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээж аваагүй бол энэ асуудлыг 6 сарын дотор дахин хөндөхгүй байх юм. Өөрөөр хэлбэл 6 сарын дотор дахиж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал УИХ дээр яригдахгүй гэсэн үг юм.

Харин энэ процесс хуулийн дагуу 30 хоногийн дотор явагдана.

Хэрэв 30 хоногийн дотор дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэсэн хуулийн зохицуулалтай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *