Өрхийн эрүүл мэндийн төвийн 30 эмчтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыгхэлэлцэв

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нартай “Өглөөний уулзалт” хийлээ. Энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгахаар санал солилцсон юм.

Уулзалтад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван ӨЭМТ-ийн эмч оролцсон. Эмч нарын хувьд тулгамдаж буй асуудал нь санхүүжилт гэдгийг онцлоод, программ хангамжийн системүүд хоорондоо холбогдоогүй, боловсон хүчин, тэр дундаа ерөнхий мэргэжлийн эмч ховордсон гэдгийг хэлж байлаа. Мөн барилга байгууламжийн чанарт анхаарах, салбар дундын зохицуулалт чухлыг, ингэж байж нийгмээрээ эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болно. Түүнчлэн түр оршин суугчдад зориулсан төсөв байдаггүй нь бүхий л нөхцөлд хүндрэл учруулдаг гэдгийг онцолж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Өглөөний уулзалт”-ын зорилго нь асуудлыг олон талаас нь харахад чиглэж байгаа. Гаргасан бодлого анхан, дунд шатанд хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг гол асуудал. Ихэнх бодлого дээрээс гараад анхан, дунд шатанд гацчихдаг. Тиймээс бодлого доороосоо гарах хэрэгтэй байна. Мөн бодлого тодорхойлогч нар асуудлыг бодитой харах ёстой. Эмч нарын программ хангамжийн асуудлыг шийдэх хэрэгтэйг ойлголоо. Үүнд Засгийн газрын түвшинд анхаарал хандуулъя. Мөн байр, автомашины асуудлыг судалж, нэгдсэн байдлаар шийдье хэмээсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулж, цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ” гэдгийг хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Салбар бүрийг хамарсан уулзалтыг долоо хоног тутам зохион байгуулж байна. Эдийн засгаа тэлж байж боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Түр оршин суугчдын асуудлын хувьд хууль зүйн үндэслэлтэйгээр зохицуулалт хийх нь зөв. Хөдөөгийн сэргэлтийг бий болгож, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмснээр хот, хөдөөгийн тэнцвэр, хөгжлийн асуудлыг шийднэ. Сонгинохайрхан дүүрэг л гэхэд 43 хороотой ч 26 ӨЭМТ үйл ажиллагаа явуулж байна. Зарим хороо дундаа эмнэлэгтэй. Төсөв, боловсон хүчин, урсгал зардлын асуудал хөндөгддөг. Асуудлыг нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учир үе шаттай шийднэ. Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа” хэмээв. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэж, бүх талаас нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Баянзүрх дүүргийн 24-р хорооны “Мараната” ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул:

-Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлчлүүлэгчид 100 хувь гэр хорооллынх, зорилтот бүлгийн иргэн олонтой. Анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Мөн хорооныхоо барилгын нэг талд үйл ажиллагаа явуулдаг нь халдвар гарах эрсдэлийг бий болгож байна гэдгийг онцолж байв.

Налайх дүүргийн 3, 5-р хорооны “Ачлал-Налайх” ӨЭМТ-ийн их эмч Ц.Бямбасүрэн уламжлалтын эмчийг ӨЭМТ-д ажиллах нөхцөлийг дэмжиж, мөн гэр бүлээрээ төсвийн байгууллагад ажилладаг бол нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн эмнэлгийн байр дусаал гоожихоос гадна өвөл галладаг гэдгийг хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн 10-р хорооны “Цэн-Оюу” ӨЭМТ-ийн эмч Д.Солонго өрхийн эмчийг бэлтгэхэд анхаармаар байна. Мөн өрхийн эмнэлэгт 10 жил ажиллах хугацаанд нь зургаан жил түр оршин суугчаар явж байгаа хүн бий. Иймд энэ хүмүүст зориулсан санхүүжилтэд анхаарал хандуулах хэрэгтэйг онцлов.

Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Хотын дарга нар эмч нарын асуултад хариулж, тулгамдсан асуудлыг үе шаттай шийдэхээс гадна төрийн албан хаагчдын цалинг ижил түвшинд оруулах, олон салангид тогтолцоог нэгтгэх бодлого баримталж байгааг, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмнэ гэдгийг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *