Д.Сумъяабазар: Нийслэлийн бүх салбарт технологийн шийдэл нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхээр ажиллаж байна

0

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Хотын дарга Д.Сумъяабазар өглөө. 

Тэрбээр “Хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул эрх зүйн боломждоо тулгуурлан нийслэлийн бонд, үнэт цаас гаргах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг” мэдээллийн эхэнд онцолсон юм. 

Тухайлбал, хотын эдийн засгийг нэмэгдүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд үнэт цаас гаргаж, өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгоно. Харин урт хугацаанд тогтвортой байдлыг хангах үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг тогтвортой санхүүжүүлэх Нийслэлийн хөгжлийн санг байгуулан, тогтмол хөрөнгө татаж байх шаардлагатай байгаа аж.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 12, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гурав, нийт 15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Нийслэлийн зүгээс хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээв. 

Тэрбээр үргэлжлүүлэн Улаанбаатар инновацын төв болон Баянхошуу бизнес инкубатор төвөөр дамжуулан бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг дэмжин ажилласны дүнд гарааны 46 компанийг бойжуулан гаргаж, 400 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Мөн гарааны бизнес эрхлэгчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүнийхээ анхны загварыг турших орон зай бүхий “Бүтээгчдийн талбар”-ыг байгуулж, хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүний загвараа танилцуулж, эхлэлийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлсэн. Цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн төлөвлөгөөг Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн чиглэлээр боловсруулж, мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх зорилгоор 74 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах “Онлайн бизнес төв”-ийг байгууллаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *