Ц.Ууганбаяр: ТОСК-тай хамтарсандаа харамсдаг
“ШИНЭ ЯАРМАГ” ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улсын яллагч:
-Та төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн Банк, ТОСК хоёр төрийн байгууллага хоорондын зээлийн гол буруутан юм биш үү?
Шүүгдэгч Ц.Ууганбаяр:
-Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжихээр төлөвлөгдсөн. БНХАУ-ын экзим банкнаас 195 сая ам.доллар, төслийн нэг болон хоёрдугаар үе шатанд ТОСК-аас 50 сая ам.доллар буюу нийтдээ 245 сая орчим ам.долларын төсөл хэрэгжихээр байсан. Хөгжлийн банк зээлийн баталгаа гаргаад цуцалсан. Цуцалдаг баталгаа гэж байхгүй. Энэ хугацаанд явж байхад ханшийн зөрүү 40 хувиар өссөн. Аваагүй зээл 40 хувиар өссөн. Бидэнд ч гэсэн эрсдэл байна гэж харсан. Бид ч гэсэн гайхаж байна. Түүнээс биш арилжааны зээл аваад явах байсан бол энэ төсөл аль хэзээний хэрэгжээд дуусчих байсан юм.
Эцэст нь зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаатай байсан байх.
Тухайн үед ерөнхийдөө гаднын зээлээ бүтээгээд явж байсан компани байхгүй. Миний мэдэхийн 10 гаруй компани зээл хөөцөлдөж байлаа. Хөгжлийн банк дөнгөж байгуулагдаад баталгаагаа цуцалсан. Тиймээс энэ банкинд хэн итгэх юм. ТОСК энэ юмыг хамтраад бүтээчихвэл дараа дараагийн цогцолбор явах гээд байна гэсэн үүднээс бидэнд санал тавьсан. Бид ТОСК-тай хамтарч ажилласандаа харамсч байна. зээлийн шаардлагаа хангаагүй байгууллагатай гаднын байгууллага гэрээ зурдаггүй.
Ийм л үүднээс өгсөн ч биш ч юм шиг одоо хүртэл энэ асуудал дуусаагүй байна. Явж төлсөн шимтгэлээ авмаар байна.
Улсын яллагч:
-Иргэний хэргийн шүүх хурлаар төсөл хэрэгжүүлэгч 61 тэрбумаа төл гээд, гэрээ байгуулсан ТОСК юунд ч оролцоогүй атал 21 тэрбумыг төлөх шийдвэр гарсан. Битүүмжтэй хугацааг дахин сунгаад өнөөдрийг хүртэл байлгах байсан уу, Банк батлан даасан хугацаагаа сунгасан бол зээл олгох нөхцөлөө хангаж чадахаар байсан уу?
Шүүгдэгч Ц.Ууганбаяр:
-Бидний гарын үсэггүйгээр, тамгагүйгээр нэг өдөр бидний дансанд байсан мөнгө байхгүй болчихсон. Хөгжлийн банканд хэлээд гуйж байсан. “ Энэ мөнгөө та нар бидэнд ашиглуулахгүй юм бол аваач ээ” гэж 7-8 удаагийн албан бичиг өгөөд, уулзалт өгсөн. Мөнгө татсан хүн нь Н.Батбаяр, Б.Даажамба гэх хоёр хүн бий. Үндсэндээ би хохирч байна. Яагаад гэхээр та нар өөрсдөө манай гарын үсэггүйгээр гүйлгээ хийсэн. Шүүхийн есөн удаагийн маргааныг дандаа Хөгжлийн банк хойшлуулдаг. Хөгжлийн банк шийдвэр гаргахгүй байдлаас болоод бид өнөөдөр энд байна. “Нэг зээлэнд хоёр удаа хүү төлөх гээд байна. Та нар энэ мөнгөө авдгаараа ав. Би та нарт гарын үсэгтэй гаргаад өгье гэхэд” та нар дур мэдээд манай дансанд байсан битүүмжтэй мөнгөө гэрээгээ зөрчөөд өөрсдийн шаардлагаар татсан.
Татаад аваад явахдаа та нар манай өрнөөс гүйлгээ хийсэн чинь өнөөдөр шүүхийн баримтаар нотлогдоод буруутай гэдэг нь гарч ирсэн. Би Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нартай хуйвалдсан бол би юу гэж мөнгөө битүүмжтэй дансанд хийгээд өгөөч гэж хандах юм бэ. Би ТОСК-тай хамтарч ажиллаад дансанд зээл тавьчхаад дахиад зээл барьцаалж авах вэ дээ. Ямар ч хүн тийм үйлдэл хийхгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:
-Таныг эрүүгийн хуулийн 22.1 буюу албан тушаал хөрөнгө эрх мэдлээ урвуулан ашигласан гэдгээр яллаж байна. Таныг АТГ шалгасан. Та ямар бүрэн эрхтэй, ямар албан тушаалтай хүн байсан юм бэ?
Шүүгдэгч Ц.Ууганбаяр:
-Би ямар нэгэн төрийн алба хашдаггүй, төрийн албанд тангараг өргөөгүй. Ямар нэгэн ашиг сонирхлын мэдүүлэг, ХОМ бөглөдөггүй. Энэ дотор бүхий л компаниудыг албан тушаалын хэргээр оруулж ирснийг гайхаж байна.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:
-Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт таныг гэм буруутай гэж прокурор тогтоосон. Зээлдүүлэгчийн мэдэгдэлгүйгээр захиран зарцуулах эрхгүй болно гэсэн заалтыг зөрчсөн байна. Зээлдүүлэгч гэдэг нь Хөгжлийн банк гэж ойлгож байна.
Шүүгдэгч Ц.Ууганбаяр:
-Бид ТОСК-тай гэрээ байгуулсан. Хөгжлийн банкны зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцаа Хөгжлийн банк ТОСК хоёрын хооронд үүссэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:
-Та “Нью яармаг” компанид зөвшөөрөл өгсөн юм уу. Яллах тогтоол дээр ингэж бичсэн байна.
Шүүгдэгч Ц.Ууганбаяр:
-Би ямар нэгэн зөвшөөрөл өгдөг албан тушаалтан биш. Хөгжлийн банкны Н.Мөнхбатад үүрэг даалгавар өгдөг эрх мэдэлтэй хүн би биш.
14 : 56
2023-5-2
ХУУЛИЙН ХЭЛТЭС ЗЭЭЛДЭГЧТЭЙ ШУУД ХАРИЛЦДАГГҮЙ
Улсын яллагч:
-Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан тухайн үед уу. Хуулийн хэлтсийн захирал ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ. Зээлийн эрсдэлийн дүгнэлт гарсан байдаг. Дөрвөн зүйлийг тодорхой дурдсан байдаг. Эрсдэлийн дүгнэлтүүд хуулийн шаардлагад нийцэж байгаа юу?
Шүүгдэгч А.Золжаргал:
-Хуулийн хэлтэс бол банкны хувьд шууд зээлдэгчтэй хэзээ ч харилцдаггүй. ТУЗ-ийн дүгнэлт гаргах, банкны үйл ажиллагааг хууль зүйн эрсдэлээс хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. Банкны дотоод журмаараа банкны барьцаа хөрөнгийн шаардлага хангасан уу үгүй юу гэдэг асуудал. Журамдаа олгож буй зээлийн 90 хувьд зээл, 110 хувьд барьцаа байх ёстой гэсэн шаардлага байдаг. Тэр шаардлага хангагдаагүй бол эрсдэлтэй гэж дүгнэдэг. Хуулийн талаас нь дээрх шаардлагыг хангуулсан тохиолдолд зээл олгох үндэстэй байна гэж дүгнэсэн.
Н.Мөнхбатын өмгөөлөгч:
-Та хүчээр гарын үсэг зуруулсан гэж яриад байна. Зээлийн хорооны шийдвэр хаана гарсан юм бэ. Н.Мөнхбатын өрөөнд гарсан юм уу, хаана гарсан юм бэ.
Шүүгдэгч А.Золжаргал:
-Гарын үсэг зурсан гэж яллах дүгнэлтэд бичээд байгаа. Ер нь мэдүүлгийн явцад мөрдөгчөөс тийм асуулт ирсэн. Гарын үсэг зурсан нь нэг эгнээнд байгаа. татгалзсан, зөвшөөрсөн, түдгэлзсэн гэсэн гурван эгнээтэй хүснэгтийн нэг эгнээнд гарын үсэг зурсан. Зөвшөөрсөн гэдэг дээр зөвлөсөн тэмдэг байгаа. Зээлийн хорооны шийдвэр гараагүй. Товч тэмдэглэл гэж гарсан. Зээлийн үйл ажиллагааны журам гэж бий. Шийдвэр бол гараагүй шүү. Тэмдэглэлд зөвшөөрсөн дээр гарын үсэг зурах нь зөвлөсөн. Хаана энэ тэмдэглэгээ зурагдсан бэ гэвэл Н.Мөнхбат захирлын өрөөнд болсон. Нийт найман гишүүнээс 7 нь оролцсон. Зургаа нь зөвшөөрсөн дээр зөвлөж зурсан.
Н.Мөнхбатын өмгөөлөгч:
-Хүчээр дарамт шахалтад оруулж зуруулсан бол тухайн үед нь яагаад нөлөөллийн мэдүүлэг өгч болоогүй юм бэ?
Шүүгдэгч А.Золжаргал:
-Тэр үед нөлөөллийн мэдүүлэг гэж байсан юм уу. Ер нь бол шууд тэр дороо хэцүү байдалтай байсан учраас тэргүүн дэд захиралд орж хэлсэн. Тэргүүн дэд захирал гүйцэтгэх захирлын дараагийн албан тушаалтан. Тэгээд өрөөнд нь ороод ийм нөхцөл байдалд яалт ч үгүй зурлаа гэж хэлж байсан. Ажил олгогч талаасаа би хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа учраас эргээд ажлын байдалд нөлөөлөх асуудал байгаа. Тийм асуудал гарч байсан. Ярина гэвэл ярина.
Н.Мөнхбатын өмгөөлөгч:
-Н.Мөнхбат захирал таныг томилдог, чөлөөлдөг албан тушаалтан мөн үү?
Шүүгдэгч А.Золжаргал:
-Мөн. Би гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж, үндсэндээ ажилтай байх эсэх нь гэрээтэй холбоотой байсан асуудал. Би нөлөөллийн мэдүүлгийн талаар Н.Мөнхбат захиралд зөвлөж байгаагүй. Ажлын бус цагаар байтугай, хагас бүтэн сайнд хүртэл дуудаж ажиллуудаг байсан. Энэ бол баримт. Шийдвэр гаргуулна. Надаас хэзээ ч санал асууж байгаагүй.
14 : 13
2023-5-2
Н.МӨНХБАТ: “БЭРЭН” КОМПАНИД ЗЭЭЛ ӨГӨХ ГЭЖ БИ МОНГОЛД ИРЭЭГҮЙ
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-Миний хувьд олон улсын санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Би Монголд ирээд “Бэрэн” компанид зээл өгье гэж, эсвэл ямар нэгэн дарга нарын цүнх бариагүй. Ямар нэгэн байдлаар хуйвалдаж яваагүй, улсынхаа төлөө ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд 2000 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн.
Би зээлийн хорооны хурлын дүгнэлттэй бүрэн танилцсан. Эрсдэлтэй байна гэсэн зүйлүүдтэй бүрэн танилцаад эдгээр эрсдэлийг яаж удирдах уу гэдэг асуудал бүрээр шийдвэр гаргаад зээлийн хороонд хэлэлцээд бүгдээрээ шийдвэрээ гаргасан байна. Энэ нь аудио хэлбэрээр хавтаст хэрэгт байгаа. Прокурорын зүгээс буруутгаж байгаа шиг эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж зээл олгосон уу гэдэг байдлаар ханддаггүй. Ямарваа нэгэн эрсдэлгүй төсөл гэж дэлхийн түүхэнд байхгүй. Өөрөөр хэлбэл эрсдэл гэдэг ирээдүйд учрах тодорхойгүй байдал. Энэ төсөл ямар ч эрсдэлгүй, түүнийг заавал санхүүжүүлье гэдэг дүгнэлт хэзээ ч байхгүй. Зээл бүрт эрсдэлийн хороо эрсдэлийн дүгнэлтээ бичиж оруулж ирдэг. Үүнтэй зээлийн газар түрүүлж танилцаад эдгээр зээлийг хэрхэн удирдах уу гэдэг саналаа зээлийн хороонд танилцуулж, нэмж санал гарган, эрсдэлүүдийг удирдах боломжтой бол ТУЗ-даа танилцуулаад зөвшөөрөл авдаг журамтай ажилладаг.
Миний оролцоогүй гурван гүйлгээнд буруутгаад яллах дүгнэлтээ оруулсан. “Бэрэн” группын хувьд эрсдэлээ бүрэн удирдаж авсан.
Улсын яллагч:
-Шүүгдэгч А.Золжаргал шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хуулийн хүн түдгэлзсэн санал гаргачихаар би хууль зөрчих гээд байна. Би хууль зөрчсөн юм шиг харагдах гээд байна гээд гарын барьж байгаад зуруулсан гэж мэдүүлсэн. Яг энэтэй адилхан мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид ирсэн байдаг. Ийм зүйл болсон уу?
Шүүгчдэгч Н.Мөнхбат:
-Манайд хуулийн хэлтсийн захирлаар олон жил ажилласан н.Золжаргал бол хуулиа, ажлаа мэддэг хүн байдаг. Насаараа хуульчаар ажилласан. Би энэ хүний өмнө өгсөн бүх мэдүүлгийг уншсан. Таны хэлсэн шиг энэ зааланд өгсөн мэдүүлгийг өгөөгүй юм билээ. Өмнө нь ямар мэдүүлэг өгсөн бэ гэхээр “би тухайн үед зээлийн хорооны хуралд олонхын саналаа дагаад өөрийнхөө саналыг өгсөн” гэж хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн. Би сая өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарласан.
Миний хувьд ямар нэгэн байдлаар хүмүүсийг дарамтлаад шийдвэр гаргуулах ёс зүйтэй хүн биш.
А.Золжаргалын шүүх хуралдааны үеэр өөрчилсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй. Харин шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг няцаах мэдүүлэг нотлох баримтад байгаа. Энэ нотлох баримтыг дурдмаар байна. Зээлийн хорооны хурлын аудио протокол байгаа. Зээлийн хорооны шийдвэр бол хурлын зааланд хурал дээр гардаг. Түүнээс биш ямарваа нэгэн цаасыг өрөөнөөс өрөө дамжаад зурдаг юм байдаггүй.
Улсын яллагч:
-А.Золжаргал таныг гүтгэх ямар нэгэн өш хонзонгийн зүйл байгаа юу?
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-Тухайн өдрийн зээлийн хорооны хуралд олонх дэмжсэн байдаг. Тэр өдөр зээлийн хорооны 8 гишүүнээс 7 хуралд оролцсоноос би буруу санаагүй бол 6 дэмжсэн санал өгсөн. Хэн ч тэр тэр хүнийг татгалзах санал өгүүлээгүй. Энэ хүн бол мэргэжлийн хуульч хүн. Энэ хүн хэрвээ ажлын байран дээрх дарамт үүслээ гэхэд яах вэ гэдгээ маш сайн мэднэ. Надад зөвлөж байсан хүн. Надад ажлын байрны дарамт ирж байсныг би олон нийтэд ярьдаг. Тэр тохиолдолд АТГ хуулийн дагуу нөлөөллийн мэдүүлгээ өгөөд тэр үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж байсан. Шүүгдэгч энэ танхимд дээрх мэдүүлэг өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Надтай ямар нэгэн өс хонзон байхгүй.
Улсын яллагч:
-Зээлийг ТУЗ олгоод байна уу, гүйцэтгэх удирдлага олгоод байна уу? Засгийн газар олгоод байна уу?
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-Зээл олгоно гэдгийг та яаж ойлгоод байгаа юм. Зээл олгоно гэдэг процесс шүү дээ. Маш олон албан тушаалтан оролцож процесс явсны дагуу зээл олгох гүйлгээ хийгдэж байгаа. Зээл олгосноор дуусахгүй. Хяналт тавина.
13 : 43
2023-5-2
“БЭРЭН” ГРУППЭД ЗЭЭЛ ОЛГОХДОО АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН УУ?
Шүүгдэгч нараас мэдүүлэг авах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Улсын яллагч:
-Та ажил эрхлэлтийнхээ талаар тодорхой дурдаад өгөөч?
Шүүгдэгч М.Баярмагнай:
-2007 оноос маркетинг эдийн засагч дунд нь Европын сэргэлт босголтын банкинд дадлагажигчаар ажилласан. 2008 оноос ЖДҮХС-ийн гурван ажил ажилласан. 2012 оноос 2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын дарга, 2016 оноос Эрчим хүчний яамны төрийн захиргаа удирдлагын газрын даргыг гурав гаруй жил хийсэн. Дараа нь ЗГХЭГ-ын дэд даргаар жил ажиллаж, 2020 оноос Эрчим хүчний яамны дэд сайдыг өнөөдрийг хүртэл хариуцаж байна.
Улсын яллагч:
-Хөгжлийн банкинд ямар албан тушаал хашиж байсан бэ.
Шүүгдэгч М.Баярмагнай:
-Мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2020 оны тавдугаар сар хүртэл Хөгжлийн банкны гишүүн бөгөөд ТУЗ-ийн даргаар ажилласан.
Улсын яллагч:
-2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрээр Бэрэн групп компанийн хэрэгжүүлж буй барилгын арматурын төсөлд зээл олгосон. Зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах, эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4.5 сая хүртэлх ам.долларын санхүүжилт олгох тухай асуудлыг хэлэлцсэн байдаг. Тухайн хурлыг даргалж оролцохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж, зээлийг ямар хууль тогтоомжид үндэслэн олгосон бэ?
-Шүүгдэгч М.Баярмагнай:
-Хөгжлийн банкны бүрэн эрхийг ТУЗ-өөр олгосон байдаг. Бүрэн эрхтэй холбоотой зээл олгох заалт байдаггүй. Зээл олголтыг Хөгжлийн банкны тухай хуулийн 13,14-өөр заагласан байдаг. Энэ хүрээнд Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага өөрсдийн бүрэн эрхийг хүрээнд бүх шатны судалгаа хийгээд оруулж өгье гэдэг саналаа Хөгжлийн банкинд танилцуулж, дээрх хуулийг мөрдлөг болгож ажилласан.
Улсын яллагч:
-Зээл олгох асуудал ТУЗ-д биш өөр Хөгжлийн банкны тодорхой албан тушаалтан болон зээлийн хороонд хамааралтай асуудал болж таараад байна уу?
Шүүгдэгч М.Баярмагнай:
-Нэмж хэлэх шаардлагагүй. Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банк гаргана. Шийдвэртэй холбоотой журмыг Хөгжлийн банкны ТУЗ батална гэж дээрх хуулийн 14-т заасан. Энэ хүрээнд ойлгож ажилласан.
Улсын яллагч:
-Зээлийг яагаад ТУЗ-д хэлэлцүүлээд байгаа юм. ТУЗ ер нь зээлийн хорооны шийдвэрийг баталдаг, эсвэл зээл олголттой холбоотой шийдвэр гаргадаггүй юм бол, ТУЗ зээлийн хорооны шийдвэрийг хэлэлцэх шаардлага байгаа юм уу?
-Шүүгдэгч М.Баярмагнай:
-Хөгжлийн банкны тухай хуулийн 10.3-т хуульд заасан 10.1 нөхцөл байдлыг хангана. Бусад нөхцөлийг Хөгжлийн банкны ТУЗ батална гээд заачихсан. Нөхцөлийг ТУЗ-өөр оруулж хэлэлцэх нь гэж ойлгож байгаа. Мэдээж, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага зээл олгоё гээд шийдвэрээ гаргаад нөхцөлөө танилцуулахад, миний хувьд жишээ нь Хөгжлийн банкны ТУЗ зөвхөн ямар зээл юм, ямар орлогоор явагддаг, юу барьцаалах гэж байгаа юм, барьцаа хөрөнгө авч байгаа юм уу гэдгийг ТУЗ-ийн гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудаг. Нөхцөл гэдэг бол зээл олгохгүй бол нөхцөл гэдэг ойлголт байхгүй. Олгох шийдвэр тэнд гараад, дагаад ийм хуулиар олгогдсон нөхцөлийг хангуулаарай гэх мэтчилэн асуудлыг хариуцдаг.
Улсын яллагч:
-Зөвхөн нөхцөл, шаардлага тусгасан зээлийг ТУЗ-өөр оруулна гэж ойлгох шиг боллоо. Зээл олгох шаардлага хангаагүй байхад дээрх компанид зээл олгох шийдвэрийг ТУЗ-өөс яагаад гаргах болов оо?
Шүүгдэгч М.Баярмагнай:
-Би эхнээс нь тайлбарлах шаардлагагүй. Энэ нөхцөл шаардлагыг зээлийн удирдлагын хороо хэлэлцээд ийм нөхцөл шаардлага хангуулъя гэдэг. ТУЗ-ийн тогтоолын төслийг гүйцэтгэх удирдлага оруулж ирдэг. Энэ дотор бүх нөхцөлүүдээ хангуулна гэдэг. Зээл олгохдоо холбоотой гэрчийн мэдүүлгээр ТУЗ олгодог гэж байна. Хуулиар ТУЗ-д эрх олгоогүй. Хуулиар ТУЗ-д эрх олгоогүй. ТУЗ-ийн дарга бусад гишүүдээс давуу эрх эдлэхгүй. Хурал зохион байгуулах, даргалах үүрэгтэй. Байж байх хугацаандаа хурлаа удирдаж оролцсон.
11: 00
2023-5-2
ТУЗ БҮРЭН ИРЦЭЭР ХУРАЛДАЖ ЧАДСАН УУ?
Шүүгдэгч Б.Махбал:
-Арав гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга н.Хулан утасдаад ТУЗ-ийн шийдвэр танилцуулах гэсэн юм гээд манай гэрийн гадаа ирсэн. Би танилцаад гарын үсэг зурсан. Төслийн газрын зээлийн газрын мэргэжилтэн н.Батзоригийг дагуулж манай гэрийн гадаа ирсэн. Би яагаад ТУЗ шийдвэр гаргасныг асуухад н.Батзориг мэргэжилтэн танилцуулсан.
Хөгжлийн банкны өмгөөлөгч н.Баатарбилэг:
-Та хэдэн оноос эхлэн Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилласан бэ. Бэрэн группын Ё блокд зээл олгосон ТУЗ-д та байсан байна зөв үү? Та энэ зээлийг орох талаар өмнө мэдээлэл авсан уу. ТУЗ-ийн гишүүн ямар чиг үүрэгтэй юм бэ? ТУЗ-ийн хуралд оролцоогүй байхад гарын үсэг зурах нь таны чиг үүрэгт хамаатай юу?
Шүүгдэгч Б.Махбал:
-2017 оноос эхэлсэн. ТУЗ-д байсан. Тараасан материалтай танилцаж, хуралд оролцоод, тухайн хуралд саналаа өгдөг байсан. Би юу гэж ойлгосон гэхээр ТУЗ-ийн дарга гишүүдийг мэдээллээр хангана гэсэн үүрэг байдаг юм билээ. Танилцуулъя гэж байхад нь танилцахгүй гэлтэй нь биш. Би зөвхөн танилцаж байна гэж гарын үсэг зурсан. ТУЗ-ийн хурлаас гишүүдэд танилцуулах үүрэг өгсөн гэж ойлгуулсан.
Улсын яллагч:
-Тухайн өдөр ТУЗ хуралдахад ирц хүрсэн байсан уу. н.Бат-очир, Б.Махбал нар хэзээ санал өгнө гэдгээ мэдэгдсэн бэ. Журамд нэг хоногийн өмнө санал өгөх ёстойг тусгасан байдаг. ТУЗ тухайн үед хэдэн гишүүнтэй байсан бэ. Хэдэн гишүүн хуралд оролцож байж ирц бүрдэх вэ?
Шүүгчдэгч Б.Даажамба:
-Мөрдөн байцаалтын явцад ч гэсэн мэдүүлэг өгч байсан. Ирцийн асуудлыг ярихаар эрх зүйн талаас нь тайлбарлах хэрэгтэй болдог. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль шинэчилсэн найруулга нь 2017 оны хоёрдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Логикоор бол Монгол Улсын Үндсэн хууль, компанийн тухай хууль бусад хууль тэдгээрийг дагаж гарсан хуулийг үйл ажиллагааг явуулна гэж заасан. Миний хувьд 20 гаруй жилийн хугацаанд ажиллахдаа хуульч хүн биш ч гэсэн дадлага туршлагаар өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хуулийг уншиж ойлгох, ойлгосон хэмжээнд мөрдлөг болгож ажиллах ёстой гэдгийг баримталж ирсэн. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ТУЗ-ийг есөн хүнтэй байна гэж заасан. Өмнөхөөс хэд хэдэн онцлогтой байсан. Төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй гишүүний тоог тав болгосон. Хараат бус гишүүнийг дөрөв болгосон. Миний ойлгосноор нэгдүгээрт, өмнөх хуулийн баримталж байсан агуулгыг өөрчилж, төрийн нөлөөг багасгая гэдэг зарчмыг барьсан. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулсан. Зургаан гишүүн ирж байж хурал хүчин төгөлдөх хуралдах нь байна. Ирцийн бүрдлийн асуудлыг ТУЗ-ийн дарга мэдэхгүй. Мөрдөн байцаалтын явцад надаас олон асуусан. Яагаад ТУЗ-ийн хуралд асуудал оруулсан юм бэ гээд байна. ТУЗ-ийн гишүүд бүгд хэлж байна. Бид танилцуулгадаа өөрсдийн итгэл үнэмшил, хуулийн шаардлага хангасан эсэх нөхцөл байдлыг харгалзан үздэг байсан гэж хэлж байна. ТУЗ-ийн хуралдаанд асуудал орууллаа гэхээр автоматаар дэмжигдчихнэ гэж яах ойлгоод байгаа юм бэ. Нэг хоёр зээлийг нь тухайн үед нь буцааж байсан зээл байж л байсан.
Хөгжлийн банкны өмгөөлөгч н.Оюунбаатар
-2017 оны есдүгээр сарын 27-ны өдөр ТУЗ-ийн хуралдаанаар зээлийн асуудал хэлэлцэхдээ зээлийн материалтай танилцаж энэ шийдвэрийг гаргасан уу. Бэрэн групп-д зээл олгох нь Хөгжлийн банкны зээл олгох шаардлагыг хангаж байсан уу? Тухайн зээлдэгч компани 2014 онд зээл аваад төлөөгүй байгаа нь дахиад зээл олгоход зээлийн зөрчилд хамаарах уу.
–Шүүгдэгч Б.Даажамба:
-Энэ асуудлыг өмнөх хүмүүс ярьсан учраас энэ асуудлыг миний зүгээс нэмж ярих нь зохимжгүй байх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:
-Мэдүүлэг авахдаа албадах эрх прокурорт байгаа юу? Шүүх ажиллах тэгш боломжийг олгох ёстой. Миний үйлчлүүлэгчийг ТУЗ-ийн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зээлийн удирдлагын хорооны шийдвэрийг ТУЗ-д хүргүүлж, хуралдуулж, түүнийг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж байна.
09 : 57
2023-5-2
ШҮҮГДЭГЧЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улсын яллагч:
-Зээлийн хорооны эрх үүргийн талаар тодруулж асууж байна. Таны ажил үүргийн хуваарь, зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд та юу хийдэг вэ?
Шүүгдэгч Б.Чойжилжалбуу:
-Актив, пасив мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах өөрийн хэлтэст хяналт тавих чиг үүрэгтэй. Нэг ёсондоо Хөгжлийн банкны гаргаад буй зээлийн мөнгийг олж ирэх үүрэгтэй. Зээлийн хорооны гишүүний хувьд Хөгжлийн банкнаас актив пасив хөрөнгийн удирдлагын газраас гардаг үндсэн зээл өгдөг санд зээлийн эх үүсвэр ямар зардалтай вэ гэдгийг тооцож санал өгдөг. Өөрөөр хэлбэл 10 зээлийн хороогоор орлоо гэж бодоход тухайн зээлдэгч нарт санал болгож буй зээлийн хүү нь адилхан байна уу өөр байна уу, ганцхан 11 хувь гээд өгчихсөн бол энэ нь миний хувьд бусдад давуу байдал олгосонтой агаар нэг.
Улсын яллагч:
-Цаанаас орж ирсэн хүүтэй мөнгийг ямар хүү, валютаар зээлдэгчид олгохыг зохицуулна. Энэ нь үйл ажиллагааг судалснаар Хөгжлийн банкийг хохироох уу үгүй юу гэдэг талаар үйл ажиллагаа явуулдаг гэж хэлтэс гэж ойлгож болох уу. Бэрэн групп компани болон тус компанийн захирал Б.Мөнхтөртэй ямар харилцаатай вэ?
Шүүгчдэгч Б.Чойжилжалбуу:
-Хөгжлийн банкны зээлдэгч болсны дараа Бэрэн групп хоёр санал тавьж байсан. Нэгдүгээрт, өөрийнхөө бүх зээлийг ширмээр худалдах гэрээ хийсэн байсан. Түүнийгээ барьцаалаад зээлийн хорооноос мөнгө босгох шаардлага байгаа. Түүнийг Хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээ үзүүлээч ээ гэдэг. Хөгжлийн банк зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Зөвлөх үйлчилгээний хүрээнд Хөгжлийн банк, Бэрэн групп зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад гэрээнийхээ төлбөрийг төлсөн. Миний ажлын чиг үүрэг бол гаднаас мөнгө босгох үүрэгтэй. Энэ чиг үүргээ хангалттай биелүүлсэн. Хоёр гэрээнд хамтарч ажиллахыг оролдсон.
Улсын яллагч:
-2017 оны Ё блокийн хувьд 2017 оны есдүгээр сарын 18-ны өдрийн зээлийн танилцуулга гарсан байдаг. Мөн эрсдлийн дүгнэлт, хууль зүйн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр дүгнэлтэд зээл олгоход эрсдэлтэй, хууль зүйн хувьд асуудалтай хууль тогтоомж дүрэмд заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байна гэдгийг тодорхойлчхоод байхад мөн өдөр буюу тухайн дүгнэлтүүд гарсан өдөр зээлийн удирдлагын хорооны хурлаар Бэрэн группд зээл олгох шийдвэрийг ТУЗ-д танилцуулна гэдэгт та дэмжсэн санал өгчээ. Ямар шалгуур үндэслэлээр зээлийн шаардлага хангаагүй компанид зээл олголтыг дэмжсэн юм бэ?
Шүүгдэгч Б.Чойжилжалбуу:
-Миний хийх ажил бол гадагшаа харилцааг хариуцдаг байсан учраас зээлийн танилцуулгыг зээлийн хороонд байхдаа уншиж танилцдаг байсан. Түүнээс биш тухайн зээл судалгааны шат, зээл олголтын шатанд оролцдоггүй байсан. Тэр утгаараа тухайн газруудаас орж ирж буй санал дүгнэлтүүдийг үндэслээд банкны эрх ашгийн төлөө дэмжих санал өгсөн.
Улсын яллагч:
-Зээлийн материалуудтай танилцдаггүй юм уу. Эрсдэл, дүгнэлттэй танилцсан уу. “Бэрэн” групп барьцаа хөрөнгө хүрээгүй, зээлийн шаардлага хангаагүй гэдэг материалтай танилцсан уу?
Б.Чойжилжалбуу:
-Зээлийн хороон дээр танилцсан. Бүгдийг сонссон. Эдгээр зөрчил арилсан тохиолдолд Хөгжлийн банк ямар нэгэн эрсдэл тодорхой хэмжээнд буурч, төсөл хэрэгжиж дуусаагүй байна гэх танилцуулга хийгдэж байсан учраас дэмжсэн санал өгсөн.
Улсын яллагч:
-Нэг ёсондоо Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн хорооны журам хангагдаагүй байхад зээл олгохыг дэмжсэн санал өгч байгаа нь хэр үндэслэлтэй вэ. Ер нь дэмжсэн санал өгөх тохиромжтой юу?
Б.Чойжилжалбуу:
-Боломжтой гэсэн тайлбарыг зээлийн хороон дээр тайлбарласан.
Улсын яллагч:
-Зөвхөн чиг үүрэг бүхий хүмүүсийн тайлбарласнаас шийдэгдээд явчихдаг юм уу.
Б.Чойжилжалбуу:
-Банкны эрх ашиг бий. Түрүүн 85 хувь, 30 гаруй хувьтай гээд ярилаа шүү дээ. Эдгээр хувиудтай байх нь төслийг дуусгахгүй хаяснаар банкинд өшөө эрсдэл учирна. Төслийг ямар нэгэн байдлаар дуусгах нь эдийн засгийн хувьд ч тэр, банкны хувьд ашигтай учраас дэмжих санал өгсөн. Харин тухайн зээлийн хороонд яригдсан асуудлыг хамруулаад гэрээ хийхээс өмнө үндэслэл хангагдсан эсэх, мөнгөө аваад зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь дараагийн асуудал.
Улсын яллагч:
-Ё блокийн хувьд тэр төслийг үргэлжлүүлж санхүүжилт олох нөхцөл байдлыг банкнаас үгүйсгэсэн нь өөрөө ашигтай юм уу. Эрсдэлтэй гээд дүгнэчихсэн байхад зээл өгөөгүй нь банкинд ашигтай юм биш үү?
Шүүгчдэгч Б.Чойжилжалбуу:
-Эрсдэл бол сүүдэр шиг дагаж явдаг. Эрсдэлгүй юм гэж энэ ертөнцөд байхгүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч тэр бүгд л эрсдэлтэй зээл олгож байгаа. Харин эрсдэлийг өөрсдөө удирдаж чадах уу гэдэг нь нэгдүгээр асуудал.
Б.Чойжилжалбуу:
-Аливаа зээлтэй аж ахуй нэгж, зээлтэй байгаа хүн банкнаас дахин зээл авъя гэдэг шалтагаар зээл авч болохгүй гэсэн шалтгаан байхгүй. Харин хариуцлагагүй зээлээ хэрхэн яаж төлж байгаа вэ гэдгээ тооцоолоод банкинд хандах ёстой. Банк өөрийн шаардлагаа биелүүлээд дараагийн санхүүжилтээ өгөх ёстой. Энэ шаардлага хангагдсан болоод банк зээл өгсөн гэж ойлгож байна.
Улсын яллагч:
-Бэрэн группын захирал Б.Мөнхтөр мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Батбаяр та гурав нэг нутгийх уу?
Б.Чойжилжалбуу:
-Бид гурав нэг нутгийнх биш. Би Архангайнх.
Улсын яллагч:
-Мөрдөн шалгах явцад гэрч нарын өгсөн мэдүүлгээр өрөөндөө дууддаг, яаравчлах талаар шахалт үзүүлдэг талаар мэдээлэл байдаг. Ийм зүйл болдог уу?
Б.Чойжилжалбуу:
-Ийм зүйл болоогүй. Би удаа дараа мөрдөн байцаалтад хэлж байсан. Нүүрэлдэж асууя гэдэг хүсэлтэй байсан.