“Эрүүл мэндийн салбарын төсөв 69.9 тэрбумаар татагдсан нь ямар албан тушаалтны буруугаас болсныг тогтооно”

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-д Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах, хуулийн хугацаанд дуусгаагүй бол төсөв Төрийн сан руу эргүүлэн татахаар тусгасан. 2022 онд батлагдсан хуулийн энэ заалт 2023, 2024 онд бэлтгэл хангагдаагүй гэх шалтгаанаар хэрэгжээгүй.
2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ зохицуулалтын дагуу сайд нарын багцаас нийт 130 төсөл, арга хэмжээний 535.9 тэрбум төгрөгийг эргүүлэн татагдана гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Сайд нарын багцаас эрүүл мэндийн салбарын төсөв хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөгөөр танагджээ. Энэ нь барилга, байгууламж биш эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж авахаар тусгагдсан санхүүжилт байжээ.
Эрүүл мэндийн яамны холбогдох газар нь яагаад худалдан авалт хийгээгүй вэ. Салбараас их хэмжээний төсөв татагдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ? гэсэн асуултад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хариулав.
Тэрбээр, Бүтэн зургаан сарын хугацаанд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ авч чадаагүй нь үнэхээр харамсалтай. Эмнэлгүүд өнөөдөр гүйцэтгэлийн санхүүжилтээр дөнгөж цалингаа тавьж байгаа. Шинэ тоног төхөөрөмж авах ямар ч боломжгүй байдаг. Тиймээс хэнээс шалтгаалсан, цаг хугацааны хувьд яаж үргэлжилсэн бэ гэдгийг гаргуулахаар процессийн шинжилгээ хийж байна. Нотлох баримт хэрэгтэй. Салбарын төсөв хүрэлцэхгүй байхад хаана, ямар шатандаа алдаа гарсныг тогтоож, хариуцлага тооцно.
Эрүүл мэндийн салбарын төсөв, тэр дундаа ЭМДС-гийн төсөв хүрэлцэхгүй эмнэлгүүд нь өр ширтэй, эм ханган нийлүүлэх байгууллагууд нь авлагатай байна. Тэгэхээр оны эцэст эрүүл мэндийн салбар цалингаа тавьж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол бий гэв.