Б.Пүрэвдорж: Шүүгчийн цалин 2-3 сая төгрөгөөр нэмэгдэхээр бусад нь яах вэ…

0
purewdorj-810x500

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн үндэсний комиссынхны цалинг ирэх онд 46 хувиар нэмэх асуудал УИХ-д орж ирсэн нь шуугиан тарьж байна.

Учир нь, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шинээр байгуулагдсан Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийх хүрээнд төрийн албанд цомхотгол хийж, төсвийн мөнгөөр хурал, зөвлөгөөн зохион байгуулахгүй, мөн гадаад, дотоод томилолт, судалгааны зардал, хэвлэл мэдээллийн зардлыг танах арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Эхний ээлжинд 2025 оны төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танах арга хэмжээ авахаар болсон.

Гэтэл ирэх онд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн үндэсний комиссын шүүгч болон ажилтан, албан хаагчдын цалинг 46 хувиар нэмэхээр оруулж ирсэн нь төр өөрөөсөө эхлэн бүсээ чангалах зорилго тавьсан Засгийн газрын концепцтой хэрхэн уялдах вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөндлөө. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Б.Энхбаяр гишүүн манлайлаад шүүгч нарын цалинг нэмэх санал гаргаад энэ жил нэмсэн. Гэтэл ирэх жил Улсын дээд шүүхийн шүүгч нар болон ажилчдын цалинг дунджаар 46 хувиар нэмэхээр оруулаад ирж байна. Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулиар бол сард 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэхэд 10 хувиар л нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг мөн 10 хувиар нэмэх байх.

Шүүгчийн сарын цалин 5 орчим сая төгрөг юм байна, энэ 46 хувийн нэмэгдлээр 7.5 сая төгрөг болж нэмэгдэх нь. 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэр 10 хувиар нэмэгддэг, гэтэл шүүхийнхний цалин  2-3 сая төгрөгөөр нэмэхээр бусад нь яах болж байна вэ.

Бусад төрийн байгууллагынхны цалинг яах юм.  Энэ асуудал чинь ирэх намар төсөв хэлэлцэх үед хүнд байдал бий болгоно.  Дээд шүүх болон Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний цалинг 40 гаруй хувиар нэмэхээр оруулаад ирсэн асуудлыг энэ долоо хоногтоо хойшлуулж, нийгэм эдийн засагтайгаа холбож,  зөв болгож оруулж ирэх саналыг гаргаж байна.

Засгийн газар төрийн албанаас 14 мянган төрийн албан хаагчийг чөлөөлнө гэж оруулж ирсэн байтал шүүхийн хаьяа байгууллага нь ажилтан нэмнэ гэж оруулж ирж байна. Засгийн газар төрийн албыг цомхотгоно гэж оруулж ирж байхад шүүх байгууллага нь орон тоогоо нэмнэ гэж оруулж ирж байгаа энэ асуудлыг маш сайн судлах шаардлага байна” гэсэн юм.

Иймээс эл асуудлыг ажлын хэсгийн гишүүд судлах үүрэг хүлээгээд байна.

Мөн шүүх байгууллагууд  шинээр барилга барихад шаардагдах төсвийг оруулж ирсэн нь маргаан дагуулж буй юм. Байшин нь томорч, орон тоо нь нэмэгдэн, цалинг нь өсгөөд байгаа ч шударга ёс сахиулах ажилд нь ахиц гардаггүй, улс төрийн захиалгаар ажилладаг.  Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаа бодсон ч шинэ барилга байшин барихад төсөв зарцуулах бус эхлүүлснээ дуусгах чиглэлд хөрөнгө оруулалтыг тавих нь татвар төлөгчдийн нурууг амраана гэж үзэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *