Жуулчин даллах ЗАРЧИМ

0
images (45)

Нэг сэтгэл ханамжтай жуулчин 10 хүнийг дагуулж ирдэг, харин нэг сэтгэл дундуур жуулчин 100-г үргээдэг.

Аялал жуулчлалын салбарт “Нэг сэтгэл ханамжтай жуулчин 10 хүнийг дагуулж ирдэг, харин нэг сэтгэл дундуур жуулчин 100-г үргээдэг” хэмээн ярьдаг. Энэ нь нэг жуулчны эерэг эсвэл сөрөг туршлага тухайн улсын нэр хүнд, аялал жуулчлалын ирээдүйд хэрхэн гүн гүнзгий нөлөө үзүүлж чаддагийн бодит илэрхийлэл юм. Тэр тусмаа хүний эрх зөрчигдөх, амь насанд нь заналхийлсэн ганц тохиолдол хэдэн зуу, цаашлаад мянга мянган ирээдүйн жуулчны шийдвэрийг эргүүлж мэдэх аюултай.

Тэгвэл энэ сарын 21-ний өдөр БНСУ-ын жуулчин Монголд шүхрээр нислэг хийх үеэр осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг олон улсын анхаарлыг татаж, олон аялагчийн сэтгэлд гүн эмзэглэл төрүүлэв. Үүнтэй зэрэгцэн Архангай аймагт гадаадын эмэгтэй жуулчин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг ил болж, прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн нь “аюулгүй, найдвартай улс” хэмээн үнэлэгдэж байсан Монголын аялал жуулчлалын салбарын нэр хүндийг хүнд цохилтод оруулав.

Том ам, сул хариуцлага

Монгол Улс 2030 он гэхэд жилдээ нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Гэвч энэ зорилго нь зөвхөн маркетинг, сурталчилгаагаар бус, жуулчдын аюулгүй, итгэлтэй орчин бүрдүүлсэн бодит нөхцөлөөр баталгаажих ёстой. Харамсалтай нь манайд энэ нөхцөлийг хангаж чадахгүй байна.Тухайлбал, сүүлийн үед гарсан ноцтой зөрчлүүд жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр төрийн бодлого хангалтгүй байгааг харуулж байна.

Жуулчид бол манай улсад түр хугацаагаар оршин суугаа гадаадын иргэд бөгөөд тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн хувийн үйлчилгээний байгууллагын бус, төрийн үндсэн үүрэг, хүний эрхийн хамгаалалтын асуудал юм.

Төрөөс баталсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т аюулгүй байдал, даатгал, стандартчиллын асуудлыг тусгасан ч хэрэгжилт, хяналт нь бодит байдал дээр хангалтгүй байна. Ялангуяа адал явдалт аяллын төрөлд хамаарах шүхрийн нислэг, уулын спорт, морин болон мотоциклын аялал зэрэг нь онцгой эрсдэл дагуулдаг тул өндөр зохицуулалт шаарддаг. Гэвч эдгээр үйл ажиллагаа ихэнхдээ стандартгүй, даатгалгүй, мэргэшсэн боловсон хүчингүй, зөвшөөрөлгүй явагдаж байна.

Үүний улмаас жуулчид осолд өртөх, гэмтэх, бүр амь насаа алдах эрсдэл үүсэж буй.

Мөн энэ салбарт даатгалын тогтолцоо сул байгаа нь үүссэн хохирлыг зохицуулах боломжийг давхар хязгаарлаж байна. Ийнхүү энэ бүхэн нь Монгол Улсыг “аюулгүй аяллын чиглэл” гэж үнэлүүлэхэд саад болж, гаднын жуулчдын ирэх сонирхлыг бууруулах бодит шалтгаан болж буй.

Итгэл төрүүлэх систем

Монгол Улс газар зүйн байрлал, онгон байгаль, нүүдлийн соёлын өвөөрөө олон улсын жуулчдын сонирхлыг татах боломжтой. Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас Монголыг халдварт өвчин багатай, байгаль орчинд ээлтэй, өвөрмөц соёлтой орны нэг хэмээн үнэлдэг.

Гэвч аялал жуулчлал зөвхөн байгалийн үзэсгэлэн, соёлоор хэмжигдэхгүй. Аюулгүй байдал, хүний эрхийн хамгаалалт бол энэ салбарын жинхэнэ суурь. Жуулчид ч тэр зорьж буй улс нь аюулгүй, тайван орчинтой эсэх нь шийдвэр гаргалтад маш чухал нөлөөтэй байдаг.

Манай улсын хувьд “Дэлхийн энх тайвны индекс” (Global Peace Index)-ээр Монгол Улс 2024 онд 163 орноос 45-д жагссан. Энэ нь бүс нутгийн улс орнууд дундаа харьцангуй тайван, аюулгүй орон хэмээн үнэлэгдэж буй. Мөн олон улсын аяллын эрсдэлийн газрын зургаар (Travel Risk Map) Монголыг “бага эрсдэлтэй улс” гэж тодорхойлогдсон.

Гэсэн хэдий ч ийм эерэг дүр төрхийг бодитоор баталгаажуулах нь чухал. Ялангуяа осол гэмтэл гарсан тохиолдолд хэрхэн түргэн шуурхай хариу арга хэмжээ авч байгаа нь тухайн улсын аюулгүй байдлын “жинхэнэ шалгуур” болдог. Үйлчилгээний чанар, мэргэжлийн стандарт, хяналтын тогтолцоо сул хэвээр байгаа нөхцөлд нэг л сөрөг тохиолдол бүхэл бүтэн улсын имижийг унагаах эрсдэлтэй.

Мөн сүүлийн жилүүдэд соло буюу үүргэвчтэй аялагчдын туршлага, сэтгэгдэл цахим орчинд нөлөө бүхий эх сурвалж болжээ. Тэд блог, YouTube, TikTok, Reddit, TripAdvisor зэрэг платформуудаар аяллын туршлагаа бодитоор, илэн далангүй хуваалцдаг бөгөөд энэ нь дэлхий даяарх олон мянган ирээдүйн жуулчдад Монголын талаарх төсөөлөл, шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Гэтэл соло аялагчид, тэр дундаа эмэгтэй аялагчдын хувьд Монгол Улсын хээр талаар аялахад аюултай гэх сэтгэгдэл цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулах болсон. Тухайлбал, “hitchhikercourtney” хаягтай нэг гадаад соло аялагч Хархорин хотод аялж байхдаа таагүй нөхцөлтэй тулгарсан тухай цахим хуудсандаа бичжээ. Тэрээр машинд гар өргөж суух үед жолооч нь хүчээр үнсэхийг оролдсон, мөн хөдөөний зарим хүүхдүүд араас нь дагаж ёс бус үг хэлж дарамталсан тухайгаа хуваалцсан байна.

Эдгээр жишээнүүд аялал жуулчлалын салбарт аюулгүй байдлыг сайжруулах, жуулчдын эрхийг хамгаалах шаардлагыг улам бүр тодотгож буй. Үүнээс гадна жуулчид халаасны хулгайд өртөх, үйлчилгээний салбаруудад шаардлагаас хэт өндөр хэмжээний мөнгө нэхэх, мөн өгөөгүй тохиолдолд доромжлох, дарамтлах зэрэг асуудлууд ихээр гарч байгааг аялагчид цахим орчинд нээлттэй хуваалцсаар байгаа нь Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын аялал жуулчлалын салбар нь ДНБ-ий ойролцоогоор 3-4 хувийг эзэлж байна. Засгийн газраас 2030 он гэхэд энэ хувь хэмжээг 10 хувьд хүргэх томоохон зорилт дэвшүүлсэн ч зөвхөн тоо хэмжээнд бус жуулчдын аюулгүй байдалд анхаарахгүй бол энэхүү зорилт биеллээ олохгүй. Иймд төрийн бодлого нь зөвхөн тоо хэмжээг нэмэгдүүлэхэд бус чанарыг сайжруулахад чиглэсэн, жуулчдын эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, хяналт шалгалт, хариуцлага тооцох механизмыг шуурхай хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *