“СУВИЛАГЧАА СОНСЪЁ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
ЭМЯ-наас Олон сувилагчийн өдрийг угтан зохион байгуулж буй “Сувилагчаа сонсъё” өглөөний уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албаныхан оролцож эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдтэй тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон.
Сувилагч бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг, хэнээр ч юугаар ч орлуулшгүй мэргэжилтэн бөгөөд манай улсын 5 эрүүл мэндийн ажилтан тутмын нэг нь сувилагч байна.
Сувилагч мэргэжилтэн нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий дахинд нэн хэрэгцээтэй мэргэжлийн нэг бөгөөд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс тооцоолсноор 2030 он хүртэл дэлхий нийтэд 9 сая гаруй сувилагч, эх баригч шаардлагатай. Манай улсын хувьд эмч, сувилагчийн харьцаа 1 эмчид 1 сувилагч ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад сувилагч дутагдалтай гэж тооцогдох бөгөөд эхний ээлжинд 1 эмч, 2 сувилагч гэсэн харьцаанд хүргэхийн тулд 2026 он хүртэл 6000 гаруй сувилагч шинээр бэлтгэж, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ онцолсон.
Тэрбээр мөн ажлын ачаалал их, авч буй цалин хөлс нь хангалттай бус байгаагаас ажил мэргэжлээ орхих, өөр салбарт шилжих, гадаадад ажиллахаар явах зэргээр сувилагчийн хомсдол үүсэхэд нөлөөлж байна гэв. Мөн ажлын ачааллын хувьд, олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай улсад 1 сувилагч өдрийн ээлжинд 12-18 өвчтөнд, шөнийн ээлжинд 50-100 өвчтөнд үйлчилж, сувилдаг гэсэн тоо баримт байгааг ч ярьж байв.
С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газар сувилагчийн тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч авч буй арга хэмжээний талаар мөн танилцуулсан.
Засгийн газраас дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч, суралцагчдын сургалтын голч дүнгээс хамааруулж сургалтын төлбөрт тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэг оюутанд ойролцоогоор 1,8-2,4 сая төгрөгний тэтгэлэг олгож байна. 2022 онд Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийг түшиглэн Анагаахын шинжлэх ухааны их сургуультай хамтран 61 сувилагч мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан, бүрэн дунд боловсролтой иргэдээс “Туслах сувилагч” бэлтгэх богино хугацааны сургалтыг 2017 оноос эхлүүлж, улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр 400 гаруй туслах сувилагчийг бэлтгэсэн. 2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөд шаардлагатай туслах сувилагчийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа зэргийг сайд яриандаа дурдсан.
Мөн сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Япон Улсын ЖАЙКА байгууллагатай “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж, “Монгол Улсын сувилагчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг боловсруулж гаргасан. Сувилагч нараас 2022 онд Японд 4, Туркэд 5 хүнийг суралтад хамруулсан.
ЭМЯ салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд эрүүл мэндийн 13 байгууллага 150 сувилагчид нийт 4.1 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэг үзүүлж, шинэ орон сууцтай болоход дэмжлэг үзүүлжээ. Мөн ЭМЯ Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласнаар 121 сувилагч ипотекийн зээлийн санхүүжилтээр 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болжээ. Эрүүл мэндийн 19 байгууллага 1362 сувилагч, тусгай мэргэжилтэнд 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж мөнгөн хэлбэрээр олгож, нийгмийн хамгааллаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлсэн байна.
Цаашид сувилагчийн тоог нэмэгдүүлэхэд чиглэлээр БШУЯ болон сургалтын байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг төлөвлөн хийж эхлээд байгаа юм.
“Сувилагчаа сонсъё” өглөөний уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүд, Монголын сувилагч нарын нийгэмлэг, Монголын сувилахуйн мэргэжлийн холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлө 60 гаруй хүн оролцож тулгамдсан асуудлаа ярилцаж, цаашид сувилахуйн чиглэлээр зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо хэлсэн.