УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогт “Гоё секс хийе л дээ” гэж ажилтандаа бэлгийн дарамт үзүүлжээ
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга удирдлагуудын уудаг иддэг, үүгээр зогсохгүй охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг талаар ноцтой хэд хэдэн баримт ирсний зах зухаас та бүхэнд хүргэе.
УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт төмөр замын вип өрөөнд МТЗ ҮЭ-ийн хорооны дарга С.Баяраагийн хамт 2022 оны аравдугаар сарын 26-нд архидан согтуурахдаа тус ВИП өрөөний үйлчлэгч Н гэдэг эмэгтэйг оролдож, “Нөхөр чинь байхгүй юм чинь хамт гаръя”, “Гоё секс хийе л дээ”, “Дэмжиж тусална шүү” гэхчлэн хэлж өдөж хоргоожээ.
Энэ талаар үйлчлэгч Л:
-Өглөө 07 цагт ажилдаа ирэхэд ээлжийн ахлагч “Дарга нар орой уусан. Уугаад Н-г оролдсон байна лээ. ВИП өрөөгөө шалгаад цэвэрлээрэй” гэсэн. Өрөөнд ороход “Данзка” архины шил байсан. Хөшиг татагдаад, хөшигний тогтоогч хугарсан, унжсан байдалтай, өрөөнөөс архины үнэр үнэртэж байсан. Би баталгаажуулж зургийг нь авсан хэмээн тайлбар бичиж өгчээ.
Харин ВИП өрөөний үйлчлэгч Н:
-Миний бие 17 цагт ВИП өрөөнд Замын даргын үзлэгийн вагоны хүмүүсийг хүлээн авах ажилд бэлдсэн. 18 цагт орлогч Н.Энхцогт, ҮЭХ-ны дарга С.Баяраа нар согтууруулах ундаа хэрэглэсэн орж ирсэн. ВИП өрөөнд байсан архи /Данзка/-ийг авч уусан.
Н.Энхцогт дарга “00 өрөө зааж өг” гэж хэлэхэд урд нь гарч хаалга онгойлгож өгөхөд, “Ороод ир, хамт оръё” гээд ВИП өрөөний хаалга хааж зогсоод явуулахгүй байсан. Тэр үед Н.Энхцогт даргын утас дуугарч, би гаран доогуур нь гарч ВИП өрөөнд орсон.
Текний хойно зогсож байхад “Кофе ууя” гэхээр нь хийж өгсөн. “Ямар албан тушаалтай вэ? Юу хийдэг вэ, танилцъя” гэхэд нь нэрээ хэлж, гар барьсан. “Нөхөр хаана, юу хийдэг вэ? Амьдрал болж байна уу? Асуудал юу байна? Тусалж дэмжинэ” гээд гар тавихгүй, “үнсье” гээд татсан. “Нөхөр чинь одоо байхгүй юм уу, хамт явъя. Маргааш над дээр хүрээд ир. Үнсье. Сайхан секс хийе” гэж хэлсэн.
Би хойшилж хана налж зогссон чинь “Тойроод гараад ир” гээд дуудсан. “Ийшээ яв” гээд 00 өрөөний чиг рүү заахад нь би явалгүй, ард нь зогссон. Өөрөө түрүүлж 00 өрөө орж өмдний тэлээ, товчоо тайлахад би гарч явсан.
Жолооч нь үе үе орж ирэхэд “Гараад байж бай” гээд гаргаж байсан. Тухайн үед ҮЭХ-ны дарга С.Баяраа жолоочийн хамт согтсон байдалтай сууж байсан.
Н.Энхцогт дарга 00 өрөөнөөс гарч ирж, текний урд зогсож орилж, тек цохиж налж зогссон. Жолооч нь орж ирснээр хамт гарч явсан.
Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад ийм явдал болсонд гомдолтой байна гэж тайлбар бичиж өгчээ.
Ийм нэг ёс зүйгүй удирдлага Төмөр замд байгаа бөгөөд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өөрийн найзыгаа өөгшүүлэн хаацайлсаар, бэлгийн дарамт үзүүлэгч Н.Энхцогт нь юу ч болоогүй мэт албан үүргээ гүйцэтгэсээр байгаад ЗТХ-ийн сайд С.Бямбацогт анхаарал хандуулж, хариуцлага тооцно гэдэгт итгэж байна.