Гар, хөл, амны вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчний үеийн шинж тэмдэг:
Энэ төрлийн өвчин нь хүнээс хүнд халдварладаг. Гар, хөл, амны өвчний үед цэврүүтэй тууралт гардаг бөгөөд вирусээр үүсгэгддэг, гарын алга, амны салст, гарын сарвуугаар цэврүүтэй тууралт гарах, халуурах, найтаах, ханиах зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
Бага насны хүүхдүүдийн амны салст хэсгээр цэврүүтэй тууралт гарсан байвал шүлс нь гоожих, ам нь өвдөх, халуурах шинж тэмдгүүд илэрч болдог.
Иймд гэр бүлийн хүрээнд, цэцэрлэг сургууль, хүүхдийн байгууллагын орчинд байнга шинж тэмдгийн тандалт хийж, хэн нэгний гар, хөл дээр цэврүүтэй тууралт гарсан эсэхийг илрүүлж, эрт тусгаарлан хариу арга хэмжээ авснаар олон хүүхэд өвдүүлэхгүй байж болно.
Мөн “Гар, хөл, амны өвчин, энтеровирус, салхин цэцгийн өвчлөлийг халдварт өвчний хам шинжид суурилсан тандалтын тогтолцоогоор тандаж байна. Тодруулбал, цочмог халууралт, цэврүүтэй тууралтын сэжигтэй тохиолдлыг бүртгэж, ялган оношилж, эмнэлгийн тусламж үзүүлдэг.
Өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар ирж үйлчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дийлэнх нь
- салхин цэцэг
- гар, хөл, амны өвчин
- энтеровирусийн халдвар зонхилж байна. Мөн сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна.
Агаар дусал, хавьтал, ахуйн замын халдварууд өвөл, хаврын улиралд илүү нэмэгдэх хандлагатай байдаг ба ямар ч халдварт өвчин улиралчлал, хөдлөл зүйтэй, насны онцлогтой байдаг. Жишээлбэл, гэдэсний халдвар дулааны улирал эхлэхээр улиралчлал нь эхэлдэг бол өвөл, хаврын улиралд буюу сэрүүн үед агаар дуслын халдвар ихэсдэг.
Одоогийн байдлаар цэврүүт тууралтат халдварууд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа” хэмээн ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа нэмж хэллээ.
Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
Хувь хүнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдолтой. Хамгийн түрүүнд гараа бохирдсон тухай бүрд савандаж, дарааллын дагуу бүрэн угааж хэвших нь зүйтэй.
Мөн хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Бусадтай хоол хүнс, ундаа усыг амнаас ам дамжуулан хувааж хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ уруул дээр шууд үнсдэг. Болж өгвөл хүүхдийн уруул аман дээр үнсэхээс татгалзах нь зөв.
Дараагийн урьдчилан сэргийлэх алхам бол өвчтэй хүнийг эрт илрүүлэх явдал. Хэрэв өвчтэй хүнтэй хамт байсан бол халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаагаа дэмжих, бие дээрээ тууралтат халдвар гарч буй эсэхийг нь ажиглах хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаарай.
Гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэтчилэн цэврүүт тууралтат халдвар нэмэгдэж буй энэ үед олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлах арга хэмжээ авах нь зүйтэй.
Амны хаалт зөв зүүх, гарын ариун цэврийг сахих гэх мэт энгийн зөвлөмжийг өдөр тутамдаа дагаж мөрдсөнөөр халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх, өвдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг тэрбээр зөвлөсөн юм.
Энэ оны эхний гурван сард гар, хөл, амны өвчний нийт 507 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж харах боломжтой.