Төрийн аудитын байгууллагын 2026 оны төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо
Төрийн аудитын байгууллагын 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр/2025.08.06/ танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу Үндэсний аудитын газар танхимын хэлэлцүүлэгт урьсан цахим урилгыг нээлттэй хүргүүлж, зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, Эдийн засгийн сэтгүүлчдийн холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт оролцлоо. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав хэлэлцүүлгийг удирдан явуулсан бол, Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол 2026 оны төсвийн төсөл, зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээ, үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулгыг хийв. Ирэх оны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хязгаараар Төрийн аудитын байгууллага нь 2025 оныхтой харьцуулахад эд хогшил, урсгал засвар болон хөрөнгө оруулалт, шатахуун, байр ашиглалт, томилолт, холбоо, мэдээлэл технологийн үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлэх зарим чиг үүрэг зэрэг арга хэмжээний зардал 20-100 хувиар бууруулахаар байгаа. Энэ нь төрийн аудитын үндсэн зорилт болох төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг төрийн байгууллагууд хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр нөлөөтэй зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж, тулган баталгаажуулах боломжийг зарим талаар хааж байгааг Тамгын дарга Б.Бундхорол тайлбарлалаа.
Тэрбээр “…Манай байгууллага нь төсвийн арвилан хэмнэлт, үр ашигтай байдлаар манлайлан ажиллах учиртай. Гэвч аудит хийж байгаа байгууллага дээрээ очиж ажиллах, төсвийн зарцуулалтаа үнэн зөв тайлагнасан эсэхийг газар дээр нь нягталж шалгахгүйгээр аудит хийх нь учир дутагдалтай…” гэлээ. Тиймээс тээвэр шатахуун, томилолтын зардал зэргийг ажлын онцлог байдлыг харгалзан эргэж харахыг хүслээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хэмнэлтийг тэгшитгэх байдлаар бус хэрэгжүүлэх чиг үүргийн онцлогт нийцүүлэн төлөвлөх талаар саналаа илэрхийлэв. Улмаар танхимын хэлэлцүүлгээс гарсан болон цахимаар ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. Төрийн аудитын байгууллагын 2026 оны төсвийн төсөлд өгөх цахим саналыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Жич: Цахим саналаа ЭНД дарж өгнө үү.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар