“Гадаад харилцааны яам, Элчин сайдын яаманд гомдолтой байна”

0

Хохирогчийн нагац дүү Б.Ариунзул “Миний нагац ах эхээс хоёулаа. Айлын ганц хүү байсан. Миний ээж одоо төрсөн дүүгийнхээ хэргийн араас Өмнөд Солонгост байгаа. Уг хэрэг 2021 оны зургадугаар сард болсон. Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 29-ны өдөр гэртээ гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай олдсон. Миний ээж 2021 оны наймдугаар сард энэ хэргийн араас явсан. Өмнөд Солонгост очсоноос хойш ороогүй байгууллага, уулзаагүй газар үлдээгүй. Өмгөөлөгч, хүний эрхийн байгууллагынхантай уулзсан. Өмнөд Солонгосын талаас өмгөөлөгч нар энэ хэргийг өмгөөлөхөөс татгалзсан байр суурьтай байсан.

Задлан шинжилгээний дүгнэлтээс эхлэн ярья. Өмнө нь манай ахад солонгос захирал нь хэд хэдэн удаа гар хүрч байсан. Цалингаа нэхэхээр өгдөггүй, удаа дараа гар хүрч зодсон баримт бидэнд байдаг. Задлан шинжилгээний дүгнэлтэд хоолойн сэртэнгийн яс хугархай гэж гарсан. Энэ хугаралтыг Өмнөд Солонгосын талаас язралтын улмаас хугарсан гэдэг дүгнэлт гаргасан. Үнэндээ энэ яс нь хүнийг зөвхөн багалзуурдаж, боомилсон тохиолдолд хугардаг гэж байгаа юм. Түүнээс биш амархан ялзрах яс биш гэдгийг мэргэжлийн эмч нар хэлсэн. Тиймээс бид уг хэргийг гаднын нөлөөтэй гэж хардаж байна. Тухайн үед талийгаачийг амьсгал хураасны дараа гэрээс нь 20 хоногийн дараа ялзарч муудсан байхад нь олсон гэдэг зүйлийг ярьдаг.

Хохирогчийн ар гэрийн зүгээс Гадаад харилцааны яам, БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд гомдолтой байна. Гадаад харилцааны яамнаас  уг хэрэгт өмгөөлөгч гаргаж өгөх хүсэлт өгөхөд “өмгөөлөгчөөр туслах боломж байхгүй” гэдэг. Ээж минь Өмнөд Солонгосын Элчингээс өмгөөлөгч гаргаж өгөөч гэж гуйхад “ажил дээр ирж дарамт үүсгэлээ” гэж цагдаад бариад өгчихдөг. Цагдаа нь өдөржин гавтай байлгадаг гэдэг мэдээллийг өгч байна.

Хэргийг шийдвэрлүүлэхээр хамгийн сүүлд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт өргөдөл өгсөн. Тэгтэл тус яамны газрын дарга намайг авч уулзаад өмгөөлөгч гаргаж өгнө гэсэн ч сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Үүнээс гадна анх бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийж, цогцсыг харуулалгүй чандарласанд бид гомдолтой байна. Энэ хүн үнэхээр манай ах мөн үү гэдэгт эргэлзэж байна.

Магадгүй хүний наймаанд явсныг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед цогцсыг таниулахаар Өмнөд Солонгост байдаг хамаатны эгч н.Мөнхбаярыг гуйсан ч  цогцсыг таниулаагүй. Тэгсэн хэрнээ Өмнөд Солонгос талаас цогцсыг таниулсан гэх зэргээр будилаантай зүйлийг бидэнд ярьж байгаа. Одоо манай гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас Монгол иргэнийхээ асуудлыг шийдэхийн тулд анхаарч өгөхийг хүсч байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *