Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!

_t

Эх сурвалж: 24tsag.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас нийтэлсэн эмгэнэл нь Монголын утга зохиол, соёлын салбарын нэрт төлөөлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазар агсны уран бүтээл, хувь хүний намтрыг хүндэтгэх ёстой атал төрийн яамны түвшинд хэтэрхий хариуцлагагүй, баримтгүй бичигдэв. 

Юуны өмнө, төрийн яамнаас нийтэлж буй эмгэнэл бол сэтгэлийн хөөрлөөр бичдэг сошиал пост биш. Түүх, соёлын баримт болон зохиогчийн үнэн зөв мэдээлэлд тулгуурлах ёстой албан ёсны байр суурь байдаг. Гэтэл тус эмгэнэлд “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр шиг бай”, Ижийтэйгээ байхад зэрэг бүтээлийг Ш.Гүрбазар гуайн бүтээл мэтээр дурдсан нь ноцтой алдаа байв. 

“Амьддаа бие биенээ хайрла, Тэнгэр шиг бай” зэрэг яруу найрагч О.Дашбалбарын хамгийн алдартай сод бүтээлүүд билээ. Харин “Ижийтэйгээ байхад” шүлэг нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл. Гэтэл Монголын утга зохиолын нэрт эрхмүүдийн бүтээлийг хольж хутган, олон нийтэд ташаа ойлголт түгээж байгаа нь соёлын асуудал хариуцдаг төрийн байгууллагад байж боломгүй хайнга үйлдэл болов. 

Ш.Гүрбазар агсан бол өөрийн гэсэн өнгө аяс, уянга, үзэл санаагаар Монголын утга зохиолын салбарт тод мөр үлдээсэн эрхэм найрагч байлаа.

Соёлын яам бол Монголын оюуны өв, зохиолч уран бүтээлчдийн нэр төрийг хамгийн сайн мэддэг, хамгаалдаг байх учиртай байгууллага. Гэтэл ийм хэмжээний алдаа гаргаж, олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээж байгаа нь байгууллагын дотоод бүтэц, мэргэжлийн чадвар, хандлага хариуцлага ямар түвшинд байгааг харууллаа.

Талийгчийг хүндэтгэнэ гэдэг нь уянгын сайхан үгсийг хольж бичихдээ биш, харин түүний бодит өв, бүтээлийг үнэн зөвөөр нь дурсахад оршдог. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам алдаагаа нэн даруй засч, их найрагчийн гэр бүл, хамт олон, түүний уран бүтээлийг шимтэн уншдаг уншигчдаас уучлал хүсэх ёстой!!!! 

About Author