Д.Амарбаясгалан: Улс төрд нөлөөлж бизнесээ авч явдаг олигархиуд эрх мэдлээ алдах гээд сандарч байна

0

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан NTV телевизийн “Өөр өнцөг” хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан Үндсэн Хуулийн өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл өгч, үзэл бодлоо илэрхийллээ.

Д.Амарбаясгалан сайдын хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг бууруулна гэж үзэж байгаа. Энэ талаар тэрээр “Мажоритар тогтолцоо гишүүдийг хэн их хөрөнгийг тойрог руугаа татах вэ гэсэн уралдаанд оруулаад байна. Аль аймгаас сонгогдсон гишүүн нөлөөтэй байна, тэр аймаг илүү хөрөнгө оруулалт аваад байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Гэтэл аймаг нь хөгжсөн үү гэхээр хөгжөөгүй. Нийслэл хөгжсөн үү гэхээр хөгжөөгүй.

Жишээлбэл, өнөөдөр Засгийн газар дээр “Сэлбэ” төслийг хэрэгжүүлэх гээд ярьж байна. Энэ төсөл 20 жил яригдаж байгаа төсөл. Яагаад хэрэгждэггүй юм гэхээр Сэлбэ голын зүүн талын эрэг Баянзүрх дүүрэгт, баруун талын эрэг Сүхбаатар дүүргийн нутагт харьяалагддаг. Энэ хоёр дүүргээс сонгогдсон гишүүд нийлээд Сэлбэ голын хоёр эргийг тохижуулчих боломжгүй явж ирсэн тогтолцоог бид өөрчлөх гээд байна. Ер нь Үндсэн Хуулийн өөрчлөлт, тоо яриад эхлэхээр дээд, доод танхим яриад, илүү том зүйл яриад байгаа хүмүүсийг би харахдаа энэ өөрчлөлтийг зогсоох гэсэн бодлого нь юм байна гэж харж байгаа. Яагаад гэхээр улс төрд нөлөөлж бизнесээ авч явдаг олигархиуд, нөгөө 30 гэр бүлийн төлөөллүүд энэ өөрчлөлт хийх юм бол эрх мэдлээ, боломж, бололцоогоо алдах гээд сандарч байна. Улс төрд нөлөөлж шийдвэр гаргуулдаг цаг үе нь дуусгавар болох гээд байгаа учраас Үндсэн Хуулийн өөрчлөлтийг зогсоох оролдлого хийж байна. Сүүлийн үед “Тоог цөөлье. 76 чинь ихдээд байна. Энэ хулгайчдыг чинь 30, 50 болгочихъё гэж ярьж байна. Төлөөлөх тоо бол цомхон гэдэг ойлголт байж болохгүй. Төлөөлөх тоо чинь илүү хүртээмжтэй, нийгмийн бүх бүлгүүдийг хамарч чадаж байвал олон ургалч үзэлтэй, амьдралд нийцсэн шийдвэрүүд гарна. Өнөөдөр нэг гишүүн нэр дэвшихдээ дунджаар 1.5 тэрбум төгрөг зарцуулж парламентын гишүүн болж байна. Тэр мөнгийг гаргаж парламентын гишүүн болох сонирхол юунд орших вэ? Бодох л асуудал” хэмээлээ. 

Мөн тэрбээр, “Иргэд 76-г дарга гэж хараад байгаа. 152 болгох гээд байгаа гол зорилго нь 76 даргаас 152 төлөөлөгч болгох гээд байгаа. УИХ-ын гишүүний тоог 152 болгосноос иргэдийг төлөөлөл хоёр дахин нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин буурах ач холбогдолтой” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *