Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур: Б.Чойжилсүрэн сайд ийм ноцтой асуудлаар худал ярьж болохгүй

dulaani-stants

Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуурын өдрийн сонинд өгсөн ярилцлагаас…

-Хавар манай “ДЦС-3”-д том осол гарсан. Тэгвэл одоогийн эрчим хүчний бодит нөхцөл байдал болон өвлийн бэлтгэл ажил ямар байгаа вэ?

-“ДЦС-3”-д 50 МВт-ын турбиныг дахин засах боломжгүй болтол эвдсэн том аваар гарсан. Мөн эрдэнэт хүний амь насыг авч одсон харамсалтай осол гарсныг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс энэ талаар яриад яах вэ. Харин одоогийн манай эрчим хүчний бодит нөхцөл байдал ямар байгаа талаар ярья. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлыг их ярьж байна. Мөн үүнийг Засгийн газар авч хэлэлцээд явж байгаа. Өчигдөр өвлийн бэлтгэл ажил 64 хувьтай буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар илүү сайн үзүүлэлттэй байгаа гэж ярьж байна лээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үеэс бид өвөлдөө илүү сайн бэлтгэлтэй байна гэж ойлгогдохоор яриад байгаа юм. Энгийн хүмүүс энэ үлгэрт итгэж магадгүй. Гэхдээ эрчим хүчний инженерүүд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл “ДЦС-3” дээр том осол аваар гарсан. Энэ нь Улаанбаатар хотын, ялангуяа дулаан хангамжид маш ноцтой байдал үүсгэсэн гэсэн үг. Тиймээс эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил өнгөрсөн онтой харьцуулахад маш хүнд байдалд байгаа. Тэгэхэд энэ жил өнгөрсөн оноос илүү сайн үзүүлэлттэй байгаа гэж иргэдийг хуураад байна. Ийм ноцтой асуудлаар худал ярьж болохгүй. Хэрвээ өвөл Улаанбаатар хот хөлдөж, цахилгаан дулааны хангамж тасалдвал хариуцлагыг нь эрхэм сайд Б.Чойжилсүрэн хүлээх ёстой. “ДЦС-3”-д осол гарснаас үүдэн 100Гкал\цаг дулааны дутагдал гарч байгаа. Гэтэл энэ 100Гкал/цаг дулааны- 50 Гкал/цаг -ийг нь Улаанбаатар “ДЦС-4” болон Амгалангийн дулааны станцад шилжүүлнэ. Тиймээс өвөл дулааны хангамж тасалдахгүй. Та бүхэн санаа зоволтгүй гэж яриад байгаа юм. Яаж ингэж ярьж чадаж байна аа.

-“ДЦС-3”-ын аваариас үүссэн дулааны ачааллыг “ДЦС-3” болон Амгалангийн дулааны станц руу шилжүүлэх боломжгүй гэсэн үг үү?

-Шилжүүлж болно. Гэхдээ би мэргэжлийн хүний хувьд итгэхгүй байна. “ДЦС-4” найман зуух, долоон турбинтай. Өнгөрсөн өвөл найман зуух, долоон турбин бүгд ажилласан. Ямар ч бэлтгэл байхгүй. Арай ядан өнгөрсөн өвлийн их ачааллыг давсан. Гэтэл энэ жил дахиад цахилгаан дулааны ачаалал нэмэгдэж ирнэ гэж бодохоор дөрөвдүгээр цахилгаан станцад үүнийг даах чадал байхгүй. Бодит нөхцөл байдал ийм байхад “ДЦС-4”-өөс дулаан аваад шилжүүлнэ, схемийг нь хийчихсэн байгаа гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ингэж худал ярьж олон нийтийг төөрөгдүүлж болохгүй.

Би бол үнэхээр итгэхгүй байна. “ДЦС-4” чинь өөрөө маш хүн нөхцөлд ажиллаж байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд өөрийгөө яая даа гэж яваа станц шүү дээ. Өнгөрсөн өвөл бүх зуух, турбин нь ажилласан. Нэмээд ямар ч бэлтгэл, тоноглол байхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад арай ядан нэг жилийг давж байхад энэ жил дахиад “ДЦС-3”-ын ачааллыг өгнө гэж яаж бодож чадаж байна аа. Энэ бол байж боломгүй асуудал. Хэрэв “ДЦС-4”-ийн ес дэх зуухыг барьчихсан байсан бол энэ асуудлыг шийдэж болох байсан. Энэ есдүгээр зуухны талаар сүүлийн гурван жил ярьж байгаа. Уг нь энэ зуухны санхүүжилтийн асуудлыг шийдээд өгөх ёстой байсан юм. Хөгжлийн банкнаас зардлыг гаргаж болох л байсан. Үүнийг эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хөөцөлдөж шийдэх ёстой байв. Гэтэл Б.Чойжилсүрэн 2022 онд Эрчим хүчний яамны сайд болсноос хойш бүтэн гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “ДЦС-4”-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь битгий хэл хойшлуулж, шалтаг хэлсээр яваа.

Ярилцлагыг бүтэн унших: www.dnn.mn

About Author