ГХЯ-ны хэвлэл: БНСУ-д амиа алдсан залуугийн ар гэрт бид хамгийн их тусалж байгаа

0

Өнгөрсөн оны зургаадугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монгол залуу гэртээ нас барсан байдалтайгаар олдсон. Залуу нас барсан байдалтай гэртээ 20 гаруй хонож, цогцос нь муудсан байсан талаар талийгаач залуугийн ар гэрийнхэн мэдээлсэн. Талийгаач нь БНСУ-д хүлэмжид ажилладаг байсан бөгөөд цалингаа өгдөггүй байсан учир захирлаасаа цалингаа нэхэхээр зоддог байсан талаар  ар гэрийнхэндээ ярьсан байдаг. 

Талийгаачийн амиа  алдсан хэргийг БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шалгаж байгаад саяхан хаасан учир ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн энэхүү хэргийг сэргээж дахин шалгах асуудалд БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яамыг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаа юм. Талийгаач залуугийн 70 гаруй насны ээж нь БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яаманд хандаж очихоор Цагдаа дуудаж баривчлуулдаг гэх асуудлыг ч ар гэрийнхэн нь мэдээлсэн учир бид уг асуудлаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

“Монгол залуу БНСУ-д амь насаа алдсан хэрэгт бид бүх талаас нь анхаарч бүх туслалцааг үзүүлсэн, одоо ч туслалцаа үзүүлсээр байгаа. Энэ асуудалд хамгийн их тусалж, дэмжиж байгаа нь Гадаад харилцааны яам шүү дээ. БНСУ-д суугаа Элчин сайдын яам ч чадлаараа туслалцаа үзүүлж ирсэн. Монголчууддаа туслахгүй, хаядаг ЭСЯ гэж хаана ч байхгүй шүү дээ. Гэхдээ энэ хэрэг БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шийдэгдэх асуудал. БНСУ-д суугаа элчин сайдын яам ганцхан асуудал шийдэх гэж ажилладаггүй. Маш олон Монголчууд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаагийн хувьд олон шийдэх асуудал байхад талийгаач залуугийн ар гэрийнхэн ЭСЯ-ны ажилчдын ажлыг хийлгэдэггүй юм билээ. Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрт өмгөөлөгч олж өгсөн, гэхдээ өмгөөлөгч нар нь татгалзаад байдаг. Мөн ар гэрийнхэнг нь Монголын Шүүх шинжилгээний үндэсний төвтэй холбож өгч Хууль зүйн яамтай холбож өгөхөөр ажиллаж байна. Ар гэрийнхэнд нь ЭСЯ, ГХЯ-ны зүгээс үзүүлж болох бүх дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *