“Эрх чөлөө ямар үнэ цэнтэй вэ гэдгийг санах өдөр”
Өнөөдөр /2025.09.10/ улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд /Төрийн ордны баруун талд/ цэцэг өргөлөө.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ний өдөр XX зууны хүн төрөлхтний түүхэнд гарсан аймшигт хэлмэгдүүлэлтийг эргэн дурсан санах өдөр тохиож байна. Хэлмэгдүүлэлт гэдэг үг үндсэндээ эл үйл явдалд зөөлдсөн үг. Өөрөөр хэлбэл санаатайгаар хоморголон хядсан үйл явц юм. Монгол Улс хэлмэгдүүлэлтээр насанд хүрсэн дөрвөн хүн тутмынхаа нэгийн буудан хороосон. Хэсэг бүлэг хүмүүсийн алдаатай үйлдэл гэхээс илүүтэй системийн алдаа байсан. Комунизм гэдэг хүчирхийллээр оршин тогтнох арга зам байсан. Тиймээс үүнийг дэлхий нийтээрээ санаж явах ёстой.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн үнэт зүйл бол эрх чөлөө, Эрх чөлөөгүй, хаалттай нийгэм оршин тогтнох арга зам хүчирхийлэл байдаг. Өнөөдөр бол эрх чөлөө ямар үнэ цэнтэй вэ гэдгийг бидэнд сануулдаг өдөр юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Есдүгээр сарын 10-ний өдөр Монгол Улсын түүхэнд маш том хар толбо болсон гуниглан, дурсах ёстой өдөр. Нэр томьёоноосоо эхлээд бидэнд засч, залруулах ёстой зүйлс байна. Өнөөдрийг хэлмэгдэгсдийн өдөр гэж нэрлэх нь өрөөсгөл. Энэ үйл явдал хэлмэгдүүлэлт байсан уу хядлага байсан уу гэдгийг бид маш сайн зааглаж, гаргах хэрэгтэй.
Тухайн үед Монгол Улсын хүн амын 10 хувь нь энэ хядлагад өртсөн байдаг. Энэ өнцгөөс нь харах хэрэгтэй.
Энэ үйл явдал дахин давтагдахгүй байхад, анхаарах хэрэгтэй. Хэдий гадны нөлөөгөөр үйлдэгдсэн гэдэг ч, энэ Монгол төрийн үйл явц байсан. Төр өөрөө иргэдээ үй олноор нь хөнөөсөн. Хэлмэгдүүлэлт гэдэг цаг хугацааг үл хамааран хэзээд давтагдаж болох үндэс суурь нь бэлэн байдаг. Бид орчин цагийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэхийн тулд өмнөх үеийн гашуун түүхийг дурсан санах учиртай.
Тухайн үед зоригтой, өөрийн гэсэн үзэл бодолтой, эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг барьж, гүтгэж, хороож байсан. Өнөөдөр ч үг хэлж байгаа хүмүүсийг харлуулах, гүтгэх үйл явдал тасрахгүй байгаа. Тэгэхээр энэ бүхэнд бид соргог байх ёстой.
Гавж Д.Нямсамбуу:
-Хүний алтан амийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Хэдийгээр хэлмэгдэгсдийн үр ач нарт нөхөн олговор олгодог ч гэсэн тухайн үед иргэдийн итгэл үнэмшлийн тогтолцоо, 700 гаруй сүм хийдүүдийг нурааж, лам нарыг хядаж, хөрөнгийг нь хураасан үйл явдал шүү дээ. Хэлмэгдсэн, хядуулсан лам нарын дийлэнх нь өндөр эрдэм мэдлэгтэй лам нар байсан. Энэ бол үнэн.
Эх сурвалж: Nnews.mn