Н.Доржпүрэв: Хүний алтан амийг аврахын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж ирсэн 103-ын жолоочоо аварцгаая

f65f10_mashin1_x974

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь насыг аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйчүүд чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулах талаараа мэдээлэв.

Уг хандивын тоглолтыг Соёлын төв өргөөнд есдүгээр сарын 19, 20-нд 18:00 цагаас зохион байгуулах аж.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Доржпүрэв хэлэхдээ “Хандивын тоглолт олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмээр босож байна.

Тоглолтыг Соёлын төв өргөөн удирдлагууд бүрэн дэмжиж бидэнд хоёр өдрийг өгсөн.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албад бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж, энэхүү тоглолтод оролцож байгаа.

Манай Н.Баярцэнгэл ах түргэн тусламжийн 103 төвд жолоочийн ажил хийдэг. Хүний алтан амийг аврахын төлөө өдөр, шөнөгүй ажилласаар ирсэн. Одоо өөрийг нь аврах цаг болсон байна” гэлээ.

Нөхрийнхөө эмчилгээний төлбөрийг олох зорилгоор ийнхүү хандивын тоглолт зохион байгуулах болсон тухайгаа иргэн Н.Баярцэнгэлийн эхнэр хэлж байлаа.

Тэрбээр “Миний хань хавдрын өвчтэй 26 жил тэмцэж байна. Бид хавдрыг даван туулагч гэр бүл.

Монголын ард түмнээсээ хүсэхэд бидний зохион байгуулж буй тоглолтыг итгэл сэтгэлээрээ дэмжиж, ирж үзээрэй гэж уриалмаар байна.

Миний хань Хөх хотод зургаан удаа химийн эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон. Ингээд Гуанжу хотын эмнэлэгт хорт хавдрын мэс засал хийгдэнэ.

Эмчилгээний зардалд нийт 120 сая төгрөг шаардлагатай байгаа. Ийм их мөнгөний өмнө хүчин мөхөстөөд байгаа нь үнэн. Тиймээс та бүхнээсээ тусламж хүсэж байгаа юм шүү” гэдгийг хэллээ.

Гавьяат жүжигчин, дуучин Ж.Уранчимэг “Миний Монголын ард түмэн маш сайхан сэтгэлтэй, нэгэндээ үргэлж сэтгэлийн дэм, урам хайрладаг ард түмэн.

Манай уран бүтээлчид ийм хандивын тоглолтод “За” гэж хэлж зүрх сэтгэлээ зориулахад бэлэн. Үргэлжлүүлэн олон сайхан уран бүтээлч нэгдэх саналаа ирүүлсээр байна.

Тоглолтын тасалбарыг авсан үзэгчид нэгэн үдэш дуутай хууртай жаргалтай байж, энэ сайхан гэр бүлд тус дэмээ хайрлаасай” гэлээ.

103 түргэн тусламжийн төвийн хамт олны төлөөлөл “Манай нийслэлийн түргэн тусламжийн төв 130 гаруй жолооч, 80 гаруй автомашинтайгаар нийслэлийн хэмжээнд ажиллаж, хүмүүст амь тэнссэн үеийн тусламжийг 24 цагаар тасралтгүй үзүүлж ажилладаг.

Н.Баярцэнгэл ах маань манай шилдэг жолооч нарын нэг. Эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа бусад байгууллагын мэргэжил нэгт найз нөхдөдөө бидний хандивын аянд идэвхтэй оролцож дэмжээч гэж уриалж байна” гэв.

About Author