Бүүвэйн дууг судлан, өвлүүлэх төсөлд 40 сая төгрөг зарцуулна
Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь эх оронч болгон төлөвшүүлэхэд 40 сая төгрөг зарцуулна гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Тэгвэл энэ талаар Соёлын яамнаас тодруулахад: “Энэ бол хүүхдийг гэдсэнд байхаас нь эх оронч болгох ажил биш. Угаас тэгэх боломжгүй. Хүмүүс буруу ойлголт авсан байсан.
Харин эртнээс өвлөгдөж ирсэн бүүвэйн дууг нутаг нутгийн ээжүүд хэрхэн дуулдгийг судлах, өвлүүлэн, уламжлуулах зорилготой төсөл юм. Бүүвэйн дуу бол дуу бус нутгийн аялга, аман зохиолтой нягт холбоотой. Энэ нь өөрөө яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд орж байгаа юм.
Анх уг төсөлд 80 сая төгрөгийн санхүүжилт хүссэн. Харин одоо 40 сая төгрөг олгох шийдвэр гарган, одоо төсөл хэрэгжиж байна. Соёлын сайд шүүгчдийн сонгон шалгаруулсан төслийг батлах үүрэгтэй. Шүүгчдийн шийдвэрийг түдгэлзэх, шалгаруулсан төслийг өөрчлөх эрхгүй. Энэ төслийн танилцуулгад эх оронч гэсэн үг байхгүй” гэв.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай жагсаалтад Монгол нутгийн аялгуунууд ордог аж.