А.Цолмон: Газрын ховор элемент нь хаа сайгүй байдаг байгалийн цацраг ялгаруулдгаараа онцлогтой
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
“Халзан бүрэгтэй” төслийн гүйцэтгэх захирал А.Цолмон: Манай төсөл хайгуул судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үйл ажиллагаа цаашлаад экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн байхгүй гэсэн үг. Энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн тухай ярихад эрт байна гэсэн үг шүү дээ. Судалгаа шинжилгээний ажлыг олон улсын стандарт, Монгол улсын хуульд заасны дагуу хийж байна. Газрын ховрын элемент гэдэг бол өмнө нь олборлож байгаагүй ашигт малтмал. Иймд иргэдэд их сонин байх шиг байгаа юм. Тийм болохоор бид иргэдэд шууд мэдээлэл хүргэх тайлбарлахад их хүндрэлтэй байдаг. Ховд аймгийн бүх сумдаар явж танилцуулга хийсэн анхны төсөл. Өнөөдрийн сонсголоор дамжуулан бидний хийж буй ажлыг ард иргэдэд ойлголт өгч, танилцуулж байгаад талархаж байна. Газрын ховор элемент бол эдийн засагт хэрэгтэй гэдэгт бүх талын төлөөлөл санал нэгдэж байна. Гагцхүү байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөлд санаа чилээж байх шиг байна. Өмнө нь БНХАУ-аас газрын ховор элемент хамааралтай байсан бол өдгөө дэлхийн олон улс зах зээлд нийлүүлдэг болж байна. Бид энэ зах зээлд байр сууриа хадгалах хэрэгтэй. Геологи хайгуул, уул уурхайн ашиглалт гэдэг түүхий эдийн үнээс хамаардаг өрсөлдөөн. ОХУ-аас эхлээд нөөцтэй улс олон бий. Тэгэхээр бид түрүүлж хөдлөх хэрэгтэй байгаа юм. Тодорхой нөхцөлөөс болж хайгуулын ажил хоёр жил зогссоноор төслийн ерөнхийн хуваарь 2.5-3 жил хойшилсон. Үүний алдагдсан боломж гэдэг хэмжээлшгүй.
Газрын ховор элементийн үнэ 2050 он хүртэл тасралтгүй өсөх төлөвтэй байна. Яг одоогийн байдлаар буюу эхний ТЭЗҮ-ээр 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын тооцоолол гарсан. Манай улс 2020 оноос эхлээд газрын ховор элементэд анхаарч, бодлогоор дэмжиж байна. Газрын ховор элемент гэдэг нь цацраг идэвхт ашигт малтмал биш. Мөн байгальд байхдаа л бага зэргийн байгалийн цацраг ялгаруулж байдаг онцлогтой. Байгалийн цацраг бол хаа сайгүй л байгаа шүү дээ. Барилга байгууламж дотор ч бий. Олборлож ашиглахгүй байсан ч тухайн бүс нутагтаа цацарсаар байгаа. Геологийн өөрийн тогтоц нь тийм юм. Үүнийг л ард иргэдэд ойлгуулах гэж хичээж байна.