“Тогонд цохиулсныг зүрхний шигдээсээр нас барсан болгосонд гомдолтой байна”
Яг энэ өдрөөс долоо хоногийн өмнө элэг бүтэн инээж хөөрч байсан нэгэн айлын амьдрал тал болж, аавыгаа нэхэж уйлах хүүхдүүддээ юу гэж хэлэхээ мэдэхгүй зурагных нь өмнө зул асааж, нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай үлдсэн 30 гаруй насны бүсгүй манай редакцид хандсан юм. Түүний нөхөр Цэдэн-Очирын Мөнхжаргал нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажилладаг байсан бөгөөд 2025.09.16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тогонд цохиулж амь насаа алдсан байна. Гэтэл тус байгууллагын удирдлагууд амьдралынхаа найман жилийг байгууллага, хамт олондоо зориулж ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн ажилтныхаа халуун цогцос нь хөрж ч амжаагүй, шүүх шинжилгээний байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад хүнд өвчний улмаас таалал төгссөн гэх эмгэнэл гаргаж, ажлын байран дээрээ зүрх нь хаагдсан гэх худал мэдээлэл тараасан байна. Тиймээс хайртай хань, хоёр хүүгийнхээ аавыг алдсан бүсгүй маш их гомдолтой байгаа гэдгээ хэлж байна. Ингээд болсон хэргийн талаар талийгаачийн эхнэр М.Базардоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачтай гэр бүл болоод хэдэн жил болж байсан бол?
-Бид 2013 онд анх танилцаж 2017 онд анхны хүүхдээ өлийдөж авсан. Дараа нь 2021 онд бүл нэмж бас нэг хүүтэй болсон. Бид гэр бүл болоод есөн жил болж байлаа. Том хүүхэд маань хоёрдугаар ангид сурдаг. Бага хүүхэд маань цэцэрлэгт явдаг.
-Талийгаач Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт хэддэх жилдээ ажиллаж байв?
–Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт Тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор найм дахь жилдээ ажиллаж байсан. Ажилдаа хариуцлагатай, хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээж, удаа дараа салбарынхаа болоод яамны шагналаар шагнуулж байсан шилдэг ажилтан байсан.
-Болсон хэргийн талаар анх хэзээ сонссон бэ?
-Талийгаач анх есдүгээр сарын 3-нд 14 хоног хөдөө томилолтоор ажиллахаар явсан. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн учраас есдүгээр сарын 12-нд гэрээ ирж хоносон. Ингээд есдүгээр сарын 13-ны өглөө хөдөө томилолтоор явсан. Ингээд хамгийн сүүлд тухайн хэрэг гардаг өдөр 11:50 цагийн орчимд надтай утсаар ярьсан. Ажлаа хийгээд байж байна. Орой тараад ярина гээд цовоо сэргэлэн ярьсан. Гэтэл 18:40 цагийн орчимд хамт ажиллаж байсан механик нь залгаад “Танай хүн машинтайгаа тогонд цохиулчихлаа. Одоогоор биеийн байдал нь тааруу байна. Сэтгэлээ бариарай” гэж хэлсэн. Эргээд 30 орчим минутын дараа залгаад хэргийн газарт байгууллагын дарга, удирдлагууд нь очсон гэх мэдээллийг өгсөн. Байгууллагаас машин гаргасан түүнд суугаад ирэх үү гэсэн. Энэ хооронд бидний ухаан санаа балтарч хэргийн газар руу хурдхан шиг гарсан. Ингээд замд явж байхад дахин холбогдоод сэтгэлээ бариарай өнгөрчихлөө гэж хэлсэн. /Уйлав/

-Танай гэр Дархан-Уул аймагт байдаг юм байна. Хэргийн газар танайхаас хэр хол байсан юм бол?
–ЦДҮС ТӨХК-ийн салбарын засварын бригад Хөтөл дэд станцын орчимд 220 кВт-ын агаарын шугамд их засварын ажлыг тухайн өдөр гүйцэтгэж байсан. Ойролцоогоор 100 орчим километрын зайд буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт ажил гүйцэтгэж байсан юм билээ. Биднийг очиход осол болсон газраас Сайхан суманд талийгаачийн цогсыг авчираад хөрж ч амжаагүй бүлээнээр нь моргт хийчихсэн байсан. Бид морг руу орчихоод хэрэг болсон газар руу очсон. Хэргийн газарт шинжээчдийн баг ажиллаж байсан бөгөөд биднийг тогонд цохиулах эрсдэлтэй гээд хэргийн газрыг 1.5-2 километрын зайнаас харуулсан. Тухайн өдөр цагдаагийн газраас хамт ажиллаж байсан хүмүүсээс нь мэдүүлэг авсан. Ингээд маргааш өдөр нь буюу 2025.09.17-ны орой Сэлэнгэ аймгаас шүүх шинжилгээний баг ирж цогцост задлан шинжилгээ хийсэн. Ойролцоогоор нэг цаг 30 минут болсны дараа Шүүх шинжилгээний багийн эмч гарч ирээд эхний байдлаар зүрх нь хаагдсан байж болзошгүй гэх дүгнэлт танилцуулсан. Нар барсны гэрчилгээ авахын тулд шүүхийн шийдвэрээс ямар нэгэн онош тавьсан байх ёстой юм билээ. Гэтэл дээрх оношийг бичиж өгсөн.
-Тэгэхээр тогонд цохиулсан биш зүрх нь хаагдсан хэрэг үү?
-Миний хувьд зүрх нь хаагдсан гэдгийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь талийгаачийн хувьд толгойны эм ч ууж байгаагүй. Цоо эрүүл хүн байсан.Хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр байгууллагаараа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг шинжилгээнд орсон. Тэр үед ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй. Тэр ч бүү хэл байгууллагын хамт олон нь “Шинжилгээгээр хамгийн эрүүл гарсан хүн шүү дээ” гэж ажил явдалд оролцох үедээ хэлж байсан. Тухайн дүгнэлт бичсэн эмч миний хажууд хэн нэгэнтэй утсаар ярьж байхдаа дүгнэлтийн цаасан дээр “Тогонд цохиулсан гэх онош байхгүй байна” гэж хэлээд зүрх нь хаагдсан гэх онош тавьсан. Шүүх шинжилгээний эмч нар бидэнд өөрсдийгөө огт танилцуулаагүй. Сэлэнгэ аймгаас задлангийн эмч, Дархан-Уул аймгаас шинжээч эмч ирсэн гэх мэдээлэл өгсөн. Ингэхдээ нас барсаны гэрчилгээн дээр бичсэн нь үндсэн онош биш бөгөөд 21 хоногийн дараа задлан шинжилгээний хариу нь гарна гэж бидэнд хэлсэн. Тэгэхээр нас барсаны гэрчилгээн дээр ямар ч хамаагүй онош биччихдэг юм байна гэж ойлгосон.
Зүрх нь хаагдсан байх ямар ч боломж байхгүй. Үнэхээр тогонд цохиулаагүй юм бол яагаад хэргийн газар руу биднийг тогтой гээд ойртуулаагүй юм бэ.
Агаарын шугамны нэг талын утас нь тогтой учраас биднийг хэргийн газарт ойртуулж болохгүй гээд алсаас харуулсан. Эндээс харахад тогонд цохиулсан гэдэг нь тодорхой байхад зүрх нь хаагдсан гэж онош тавьсанд бид гомдолтой байна.Сумын төвөөс ирсэн түргэн тусламжийн эмч мэргэжилтнүүд энэ хугацаанд миний ханийн амь насыг аварахын тулд ямар нэгэн тусламж үзүүлсэн эсэх тал дээр ч бидэнд мэдээлэл байхгүй байна.
-Талийгаачийг хэзээ хөдөөлүүлсэн бэ?
-Өнгөрсөн Баасан гаригт буюу 2025.09.19-нд хөдөөлүүлсэн. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрлөө. Шөнө бүр аавыгаа нэхэж уйлах хүүхдүүддээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Бид бүгд сэтгэл санааны маш гүн хямралд орсон. Гэрийнхээ хаалгаар инээгээд л ороод ирэх юм шиг санагдаж байна.
-Байгууллагын удирдлага, хамт олноос өнгөрсөн хугацаанд ирж эмгэнэл илэрхийлсэн үү?
-Ажил явдлын үеэр байгууллагын удирдлагууд нь хэд хэдэн удаа ирсэн. Эрчим хүчний яамнаас бас нэг инженер ирсэн. Буян номных нь зүйлд хэрэглээрэй гэж тав, таван сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Хамт олон, найз нөхөд нь ажил явдалд нь дэмжиж тусласан. Хамгийн гол нь байгууллагынхаа дотоод чатад оруулсан эмгэнэл дээрээ талийгаачийг хүнд өвчний улмаас таалал төгссөн гэж бичсэн байсан. Миний хань ямар ч хүнд өвчнөөр өвдөж байгаагүй. Гэтэл над руу явуулсан эмгэнэл дээрээсээ хүнд өвчний улмаас гэх үгээ аваад хаячихсан байсан. Миний хань ажилдаа хариуцлагатай, хоёргүй сэтгэлээр чин үнэнч ажиллаж ирсэн. Хамгийн гол нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдчихаад байхад үйл хэргийг нь үнэн зөвөөр л үлдээмээр байна. Ажлын хамт олондоо нэр хүндтэй, манлайлагч, төлөв даруу хүн байсан гэдгийг хамт олон нь хэлнэ.

-Хамт ажиллаж байсан хүмүүс нь танд ямар мэдээлэл өгсөн бол?
-Талийгаачийг машинаасаа буугаад хажууханд нь уначихсан байсан гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж үзүүлэхийн тулд хэргийн газраас хөдөлгөж сумын төв рүү тээвэрлэсэн гэсэн. Энэ хугацаанд ухаантай байсан эсэх тал дээр ч бидэнд дорвитой мэдээлэл өгөөгүй. Эмнэлгийн байгууллагын машинтай хаана таарч, ямар тусламж үзүүлсэн талаар ч мэдэхгүй байна. Ийм олон зүйл тодорхойгүй байгаа учраас бидэнд эргэлзээтэй зүйл олон байна. Ажил явдал нь богино хугацаанд болоод өнгөрсөн учраас бидэнд болж өнгөрсөн зүйлд дүгнэлт хийх боломж хомс байсан. Одоо бид шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд итгэж хүлээхээс өөр сонголт алга. Мөн цагдаагийн байгууллага эрх мэдэлтэй хүмүүсээс хараат бусаар ажиллаж хэргийг үнэн зөвөөр мөрдөж, шалгана гэдэгт итгэж байна. Бид долоохон хоногийн өмнө элэг бүтэн, аз жаргалтай гэр бүл байсан. Бусад залуусын адил байрны зээлтэй, цалингийн зээлтэй ч хоёр хүүхдийнхээ төлөө хичээж ажилладаг хэнээс ч юу ч гуйгаагүй хүсэл зорилготой гэр бүл байсан. Харин өнөөдөр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж, үр хүүхдүүддээ юу гэж хэлэх учраа олохгүй, цаашид яаж өдөр хоногийг өнгөрүүлэхээ ч мэдэхгүй нулимсандаа живж сууна.
Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангуулж ажиллуулсан эсэх нь мэдэгдэхгүй, олон зүйл асуултын тэмдэгтэй байхад зүрх нь хаагдаж, хүнд өвчний улмаас таалал төгссөн гэх мэдээлэл өгөөд сууж байгаа байгууллагын удирдлагуудад нь гомдолтой байна.
Эрчим хүчний салбарт удаа дараа ийм осол гарсан талаар сонсож байсан. Гэвч хүнд тулаад ирэхээр маш хэцүү байдаг юм байна. Дахиж ийм харамсалтай хэрэг хэзээ ч битгий гараасай. Хэнд ч битгий тохиолдоосой. /Уйлав/Хамгийн гол нь үхсэн хүн үг хэлэхгүй, ар гэрийнхэн нь ядруу зүдрүү гээд ханийн минь үйл хэргийг замхруулж худал оношоор хэргийг хаагаад өнгөрүүлнэ гэж байгаа бол бидэнд ард түмнээсээ дэмжлэг туслалцаа гуйхаас өөр арга алга. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн зургадугаар сард ТЭЦ-3 дээр гарсан ослын улмаас хүний амь нас эрсдсэн ослын үеэр хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэж байсан. Салбарынхаа сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллана гэж байсан. Гэтэл өнөөдөр миний хань хариуцлагагүй хүмүүсийн буруугаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Маргааш өөр нэгэн хүн амь насаа алдахгүй гэх баталгаа алга. Ард иргэдээ тог, цахилгаантай байлгахын тулд цас бороог үл ажиран өдөр, шөнөгүй зүтгэж ирсэн эрчим хүчний салбарт ажиллаж байгаа эрдэнэт хүний амь нас өнөөдөр ямар ч үнэ цэнгүй болсонд харамсаж байна.
Эх сурвалж:Nnews.mn