“Онтрэ” дээр тусдаа гэрээ байгуулснаар Монголд ирэх ашиг
Эх сурвалж:Zuv.mn
“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлцэлцээр хийж, лицензийг нь шилжүүлж авах гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Өмнөх Засгийн газрын үед төр “Онтрэ”-гийн хоёр лицензит талбайд тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал яригдаж, “Онтрэ” ХХК-ийн удирдлагууд 34 хувиа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байсан ч хэлэлцээр сунжирсан, улмаар өнгөрсөн долоо хоногт УИХ дээр мэдээлэл сонсох үйл ажиллагаа болсон ч хаалттай явагдсан нь олон нийтийн гайхашралыг төрүүлж буй.
Тэгвэл Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар “Онтрэ”-тай мөн тусад нь хэлэлцээр хийж, хувиа тусгай АМНАТ юм уу, бүтээгдэхүүн хуваах хэлбэрээр хүртэх ёстой гэдэг байр суурийг өнөөдрөөс УИХ-ын гишүүд хүчтэй илэрхийлээд эхэлсэн нь сайн хэрэг.
Тэд Засгийн газар энэ хэлэлцээрийг заавал хийж, “Онтрэ гоулд”-д ногдох хэсгээс Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хувь эзэмшлээ тодорхойлох учиртай гэдэг санааг хэлбэрэлтгүй илэрхийлж байгаа юм. Бид энэ удаад “Онтрэ”-гээс Монгол Улс 34 хувиа эзэмшвэл бидэнд ашигтай ямар нөхцөл байдал үүсэхийг хялбаршуулсан байдлаар хөндөж байна.
Шууд гарах ашиг
“Онтрэ гоулд”-ын лицензит талбай гэдэг нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий гэдэг.
“Онтрэ гоулд”, “Рио Тинто” компаниуд 2004 онд байгуулсан гэрээгээрээ хүдэр “560 метрээс илүү” гүнд байвал “80:20”, “560 метр хүртэлх” хүнд байвал 70:30 хувиар хуваахаар тохирсон байдаг.
Хоёр компани энэхүү гэрээгээ албажуулаагүй байсныхаа хоёр сарын өмнө Арбитрын шүүхээр шийдүүлжээ. Шүүхийн шийдвэр “Онтрэ”-гийн талд буюу “2004 оны гэрээгээ албажуул” гэж гарсан аж. Ингэснээр “Онтрэ”-гийн хувь эзэмшил баталгаажжээ.
Харин “Онтрэ” ХХК уг хувь эзэмшлээсээ Баялгийн сангийн хуулийг дагаж “Монгол Улсад 34 хувийг нь өгөхөд бэлэн“ гэдгээ илэрхийлсэн талаар АҮЭБ-ийн сайд Ц.Туваан мэдэгдсэн байдаг. Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ эзэмшинэ гэсэн үг. Хувь эзэмшихгүйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-өөр орлууллаа гэхэд мөн 6.8 хувийг авах боломж бүрдэж байна.
10.3 сая тонн зэсийн 6.8 хувь /700,000 тонн зэс/, 759 тонн алтны 6.8 хувь /51.6 тонн алт/ гэх мэтээр эзэмших нь. Энэ бол зөвхөн “Онтрэ”-гийн 34 хувийг эзэмшсэнээр бий болж байгаа боломж гэдгийг анхаараарай.
Дээр нь бид “Онтрэ”-тэй тусгай АМНАТ болон бүтээгдэхүүн хуваах байдлаар гэрээлж чадвал “Рио Тинто”-той хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний сул тал, ашиггүй байдал илүү тодорно. Эндээс Оюутолгойн эзэмшлийн 34 хувиа мөн тусгай АМНАТ юм уу бүтээгдэхүүн хуваах гэрээ болгож өөрчлөх боломж гарна гэж харж байна.
Тэгж чадвал байдал Монгол Улсад илүү ашигтай болно. Бид Оюутолгой ХХК 34 хувийг зэмшдэг. “Онтрэ”-гийн лицензит талбайгаас “Рио Тинто”-д ногдох 80 хувиас 34 хувийг эзэмшдэг гэсэн үг. Энийг дээр “Онтрэ” дээр бодсон шиг хувилаад бодвол 3.2 сая тонн зэс /10.6 сая тонн зэсний 80 хувь нь 9.6 сая тонн, түүний 34 хувь нь 3.2 сая тонн/, 235 тонн алт /759 алтны 80 хувь нь 707 тонн, түүний 34 хувь нь 235 тонн/ гэх мэтээр бас тоо гарч ирнэ. Ингээд “Рио Тинто”, “Онтрэ” тус бүрээс Монголын талд ногдох хувийг нэгтгэж үзвэл манай байдал үлэмж сайжрах юм.
Мөнгө, молибден дээр яг энэ аргачлалаар бодоод үзээрэй. Ямар ч байсан Монголын талын нөхцөл байдал сайжрах нь тодорхой байгаа.