Гал түймэр, угаараас сэргийлэх хоёр сарын аяныг эхлүүллээ
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран “Гал түймрийн аюул-Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяныг дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.
Дээрх байгууллагын албан хаагчид өөрсдийн чиг үүргийн дагуу айл өрхүүдээр орж хяналт шалгалтын ажлуудыг хийх юм байна. Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гал түймрээс урьдчилсэн сэргийлэх чиглэлээр айл өрхийн цахилгааны холболт, яндангийн залгаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажиллана. Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хийн мэдрэгчтэй эсэх, угаар мэдрэгчээ зөв байрлуулсан эсэх, яндан зуухны битүүмжлэл зэргийг шалгаж зайлшгүй засвар үйлчилгээ хийх айл өрхийн зуухыг засварлаж байгаа юм.
Албан хаагчид 10 хэсэгт хуваагдан өдөрт хоёр хорооны айл өрх бүрээр орно. Хяналт шалгалтаар явахад угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй, дамжуулагчтай мэдрэгчийг цахилгаанаас нь салгасан, авдартаа хийсэн зэрэг зөрчлүүд илэрч байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн хэлж байлаа. Тиймээс айл өрхүүдийг өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг анхаарууллаа.