С.Ганбаатар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол шалгаж болохгүй гэдэг тогтоол санаачилжээ
УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг есдүгээр сарын 24-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн дэмжсэн. Тиймээс өнөөдрийн чуулганаар хэлэлцээ.
УИХ-ын Д.Цогтбаатар: УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдчихээд дархан эрхийн ард нуугдаад байгаа юм шиг сэтгэгдэл үүссэн. УИХ-ын гишүүний дархан эрх бол үг хэлэх эрх болохоос гэмт хэрэгтэй холбогдуулан шалгахаас хамгаалахгүй. Гэмт хэрэгтнийг хаана ч хэзээ ч шалгаж болно. УИХ-д дэвшихдээ бид Цагдаагаас гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн бичиг авдаг. Тиймээс Үндсэн хуулийн цэц нэг тийш нь шийдэхгүй бол энэ маргаан үргэлжлэх юм билээ.
Тогтоол санаачлагч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 4 жил УИХ-ын гишүүний дархан эрхийн ард нуугдах тухай яриагүй. Гэмт хэрэгт холбогдонгуут бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг асуудлаа хамгаалж ярьдаг. Одоо УИХ-ын гишүүнийг алуурчин, хулгайч гэж цоллоод АТГ-аас шалгаад яваад байдаг. Энэ нь дархан эрхэд нөлөөлдөг. Сонгогчдын эрхэнд нөлөөлөөд байдаг. Энэ хувь хүний асуудал биш. УИХ-ын гишүүн уран, Оюутолгойн асуудлаар маш том байр суурь илэрхийлж, шийдвэр гаргадаг. Үүн дээр АТГ, прокурор дээр гогдуулчихсан яваад байвал шийдвэр гаргах эрхэнд нөлөөлж байна. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдонгуут эргүүлэн тат гэж байгаа юм. Түүнээс зовоогоод, АТГ-т дэгээтэй байгаа тохиолдолд УИХ-ын гишүүд хараат бус ажиллаж чадахгүй. Дөрвөн жил шалгуулж байгаа хүн яаж хараат бус шийдвэр гаргах вэ. Өнөөдөр би АТГ-т шалгагдаж байна. Надад хамаагүй. Дараа дараагийн УИХ-ын гишүүдийн үгээ хэлэх боломж юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Парламентын нэр хүнд сайнгүй байна. Хулгай, авлига хэтэрхий их байна. Дархлагдсан хулгайч гэдэг ойлголт байдаг. Парламентад дархлагдсан хулгайч нар орж ирээд суучихвал парламентын нэр хүнд улам унана. Тиймээс хамгийн хүндтэй, нэр цэвэр хүмүүс ард түмний төлөөлөл болж энд сууж байх ёстой. Бид шалгуулах ёстой. Бидний дархан эрх бол үг хэлэх юман дээр агуулагдах ёстой. Та намайг шалгаж байгаа гэж хэллээ. Тэгэхээр та ашиг сонирхлын зөрчилтэй болж байна. Тиймээс энэ асуудлаа та татаад авчих. Энэ парламентыг улам муухай харагдуулаад байна.
Тогтоол санаачлагч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Амьдралын аль ч үеийн үйлдэлтэй нь холбож эрүүгийн хэрэг үүсгээд, шалгаад байгаа тэнэглэлийг зогсооё гэж байгаа юм. Намайг шалгаад дууссан. УИХ хов хонзонгийн талбар боллоо. Байнга доромжлол ярьдаг, ямар ч үндэслэл байхгүй. Харин ч би зоригтойгоор оруулж ирж байгаа юм. Дархлагдсан хулгайч нарын эсрэг үг хэлж байгаад дараа дараагийн залуусыг хамгаалах тухай ярьж байгаа юм. Тэртээ тэргүй дархлагдсан хулгайч нар АТГ, прокурор дээр хангалттай хүмүүсээ тавьчихсан. Тэр том дээрэмчдийн талаар шинэ залуу гишүүд үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх юм. Миний мэдэхийн 17 гишүүн хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж байгаа. Энэ 17 20, 30,50 болбол УИХ-ын дархан эрхэнд халдана. УИХ ямар ч утгаа алдана. Д.Ганбат гишүүн дээр ийм зовлон ирээгүй байж болно. Очоод шарвалзаад байвал яахчгүй. Нохой засуулсан хүндээ янаг гэж үг бий. Таныг яахчгүй. Шударгаар үг хэлээд үнэний төлөө өөрийгөө золиосолж байгаа хүмүүсийг үг хэлсний төлөө хэрэг үүсгэж байгаа. Шударга үг хэлсний төлөө АТГ, прокурор дээр дамжилж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх засаглал гэж байгаа. Шүүх засаглал гэм бурууг тогтооно. Тэнд ямар ч хонгил байх ёсгүй. Байвал байхгүй болгох үүрэгтэй. Ийм тогтолцоондоо итгэхгүй байгаа хүмүүс яаж Их хуралд сууж, хууль тогтоогоод байж байх юм бэ. Ийм ойлголттой байж болохгүй. Та бид хоёрын ойлголт өөр юм байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Д.Ганбат гишүүн гишүүн шалгагдвал ажлаа өгч байгаад шалгуулна гэж байна. Та бол парламентын эр зориг шүү. Ардчилал шударга ёс, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийн төлөө таны гаргадаг илэрхийлдэг илэрхийлдэг хамгийн сайн байдаг шүү.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ тогтоолын агуулга нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа аливаа гэмт хэрэгт холбогдвол шалгаж болохгүй гэдэг агуулга харагдаад байна. Үүнийг аль ч талаас нь тайлбарлаж болно. Парламентын дархлаа яригдах ёстой. Гэхдээ хууль тэгш байх ёстой гэдэг Үндсэн хуулийн үзэл санаа хаачих юм бэ. Парламентын гишүүн ямар ч асуудлаар шалгагдаж болохгүй гэдэг агуулга уншигдаад байна. Энэ асуудлыг анх удаа сонсож байна. Тиймээс АН-ын бүлэг даваа гарагт бүлгийн хурлаараа нухацтай ярих ёстой гэж үзээд гурав хоногийн завсарлага авч байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын бүлэгт гурав хоногийн завсарлага өгөв.