Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэрээ татаж, Н.Учрал, Ж.Энхбаяр нар орж ирэх хувилбар

dadwa

Эх сурвалж: Eguur.mn

Дөнгөж сая Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа зарлалаа. Тэрбээр, “Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлж” ийн шийдвэрлэсэн гэв.

Харин Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөх үү, нэрээ татах уу гэдэг асуулт одоогоор хариултгүй байна. Тэрбээр, УИХ-ын даргын суудлаас бууснаас хойш таг чиг байгаа. Хөшигний ард түүнийг Ерөнхийлөгчтэй уулзаж, “Бор тээг”-тэй холбоотой асуудлыг сөхөхгүй байх юм бол өрсөлдөөнөө татах санал тавьсан гэх яриа явсан. Энэ агуулгаар бол тэрбээр ч мөн нэрээ татчих магадлал өндөртэй байна.

Тэгэхээр тэдний хэн хэн нь нэрээ татахаар улстөрийн хөшигний ард өчигдрийн байдлаар тохиролцчихсон байж болзошгүй гэх. Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн Д.Амарбаясгалангийн талынхан уулзалт хийцгээсэн гэгдэж ч буй. 

Тэд тэгж тохиролцсон бол МАН-аас гурав дахь хувилбар буюу шинэ нэрс гарч ирнэ гэсэн үг. Тэр нь хэн, хэн байх вэ.

Одоогоор Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэрийг оруулж ирэх хувилбар дуулдав. Тэдний хэн, хэн нь намын дарга болоод Ерөнхий сайдад эртнээс амбицтай байж ирсэн хүмүүс. Ерөнхийлөгчийн халааснаас гарч ирэх боломжтой дүрүүдээр удаа дараа нэрлэгдэж байсан кандидатууд билээ. Хэрэв нам нь ингээд шийдчихсэн бол Их хурал дээр гар өргүүлээд, тасхийтэл шийдээд дуусгачихна. Төдийлөн ширүүн өрсөлдөөн өрнөхгүй юм. Аль нь ч байлаа гэсэн эцсийн бүлэгт нам дээрх Ерөнхийлөгчийн нөлөө улам хүчирхэгжинэ. 

МАН-ынхан Г.Занданшатарыг бататгах эсвэл шинэ дүр гаргаж ирэх эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байсан. Тэгвэл намын даргаараа гурав дахь дүр гаргаад Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар тогтвортой суулгана гэдэг тохироогоо хийсэн болж таарлаа. “Намын дарга Ерөнхий сайд байна” гэх заалтаа өөрчлөх үү. Цаашлаад намын дарга болж чадаагүй Ерөнхий сайд нь Засгийн газраа тогтвортой ажиллуулах боломж бүрдэх үү гэдэг эргэлзээ үүсэх нь.

About Author