ЕСБХБ “Макс групп”-ийн хоёр компанид 4.5 жилийн хориг тавилаа

image-b22a9640-22f6-46b4-9c70-9eb740319e8a

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк “Макс Групп”-ийн харьяа “Макс Импекс” ХХК болон “Хан Алтай Ресурс” ХХК-ийг ЕСБХБ-ны санхүүжилт бүхий төсөлтэй холбоотой авлигын үйлдэлд нь холбогдуулан тус бүр 4.5 жилийн хугацаанд төсөл, хөтөлбөрт оролцохыг хориглолоо. 

ЕСБХБ-ны Ёс зүйн хяналтын албаны хийсэн мөрдөн шалгалтаар “Макс Импекс” болон “Хан Алтай” компаниуд тус банкны ажилтнуудад үйл ажиллагаанд нь нөлөөлөх зорилгоор хахууль өгсөн нь тогтоогджээ. Харин банкны ажилтнууд тухайн зөрчлийг шууд ЕСБХБ-д мэдээлж, авсан мөнгийг бүрэн буцаасан байна.

Эдгээр компаниуд Монголын баруун өмнөд хэсэгт уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авахад зориулан ЕСБХБ-наас “Хан Алтай”-д олгосон зээлийг авлигын үйлдэлдээ ашигласан юм. Дээрх хориг арга хэмжээ нь компанийн буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиролцооны нэг хэсэг бөгөөд компаниуд 4.5 жилийн хугацаанд ЕСБХБ-наас санхүүжилт авдаг ямар ч төсөлд оролцох боломжгүй боллоо. Мөн Макс группийн харьяа 22 байгууллагад ижил хориг тавигдах аж.

Тохиролцооны хүрээнд компанийн мөрдөн шалгалтад хамтран ажилласан байдал, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь, мөн бусад ЕСБХБ-ийн төслүүдэд сайн дурын үндсэн дээр оролцохоос түдгэлзсэн зэргийг харгалзан хоригийн хугацааг бууруулжээ.

Мөн тохиролцооны дагуу “Макс Групп”-ийн холбогдох компаниуд хөндлөнгийн зөвлөхөөр дамжуулан өөрсдийн ёс зүй, авлигын эсрэг тогтолцооны хөтөлбөрийг сайжруулж, түүний хэрэгжилтийн талаар тайлагнах, бүх үйл ажиллагаандаа эрсдэлийн хяналтын аудит хийх үүрэг хүлээж байна. Хэрэв эдгээр үүргээ биелүүлэхгүй бол нэмэлт 4 жилийн хугацаагаар хориг үргэлжлэх аж.

Энэхүү хоригийг 2010 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулсан “Хориг арга хэмжээ харилцан хүлээн зөвшөөрөх тухай олон улсын хөгжлийн банкуудын хэлэлцээр”-ийн дагуу Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад олон улсын хөгжлийн банкууд “хөндлөнгийн хориг”-оор хүлээн зөвшөөрч, эдгээр компаниудыг өөрсдийн төслөөс хасах боломжтой юм.

Эх сурвалж: https://www.ebrd.com/home/news-and-events/news/2025/ebrd-announces-settlement-with-mongolian-companies-max-impex-and0.html

About Author