Хотын дарга анхны бондоо босгоно
Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийг удирдсан цагаасаа л бонд босгох замаар нийслэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг бага багаар шийдэрлэнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл нийслэл анхны бондоо зах зээлд гаргахад тун ойртжээ.
2021 оны долдугаар сард Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Уг хуулийн шинэчлэлээр нийслэл төсөв санхүү, татварын бие даасан зохицуулалт хийх боломжтой болсон. Мөн хотын дарга нийслэлийн тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд биечлэн танилцуулах, шийдвэрлүүлэх эрхтэй болсон юм. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт бонд буюу үнэт цаас гаргах эрхийг өгчээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.
Нийслэл эхний ээлжинд 300-500 тэрбум төгрөгийн бонд босгох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ингэхдээ арилжааны банкны хүүгээр буюу 15 хүртэлх хувийн хүүтэй байх бололтой. Бондын эх үүсвэрийг нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах Сэлбэ сэргэлт төсөлд зарцуулах аж.
Сэлбэ сэргэлт төсөл нь Дамбадаржаагаас Дунд гол дагуу явсаар байгаа ТЭЦ-IV-ийн урд хүртэл үргэлжлэх бөгөөд нэг талдаа 22 км буюу нийтдээ 44 км авто зам, тохижилтийн ажил хийгдэнэ. Засгийн газраас уг төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгосон бөгөөд эхний ээлжид 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Нийт өртөг нь 1.4 их наядаар яригдаж байгаа юм байна. Сэлбэ сэргэлт төслийн зураг төслийн ажлыг зургадугаар сард, барилгын ажлыг долдугаар сард эхэлж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хотын жилийн орлого хоёр их наяд төгрөг бөгөөд ийм хэмжээний орлоготой байхад 500 тэрбум төгрөгийн бонд босгоход санхүүгийн хүндрэл үүсэхгүй гэж харж байгаа юм байна.
Түүнчлэн, нийслэлийг санхүүгийн хувьд бие даасан болгох Хотын даргын дараагийн нүүдэл нь нийслэлийн хувь эзэмшилтэй нүүрсний уурхайгаа эргэлтэд оруулах бололтой.