Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

693f83f7e337fe7967a30b71

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барихаас 87 блокийн суурийн ажлыг хийгээд байна. “Сэлбэ 20 минутын хот”-ын эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Нийт бүтээн байгуулалтын явц төлөвлөгөөний дагуу 20 хувьтай үргэлжилж байна. 2026 онд 65 хувьд хүргэнэ. Ингэснээр эхний ээлжийн орон сууцуудыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны дундаж хэмжээг 61 м.кв байхаар төлөвлөсөн. Мөн 20 минутын хугацаанд алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчиход зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, тохижилт, үйл ажиллагаа, явуулах боломжтой 20 минутын хотын орчныг Сэлбэ хотод бүрдүүлнэ. 2025 онд нийт 113 блок барилгаас 87 барилгын суурийн ажил хийгдээд байна.  Үүнээс газар чөлөөлөгдөөгүйн улмаас 17 блок барилгын суурийн ажил эхлээгүй байгаа” гэв.

Сэлбэ хотод явган хүний 42.5 км зам, 9.5 км авто зам, 19.6 км дугуйн зам барина. Мөн 3780 хүүхдийн 3 сургууль, 1200 хүүхдийн 5 цэцэрлэг барих юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author